Танилцуулга

ТҮҮХЭН ТОВЧООН

Баян-Овоо сум нь 1924 онд Түшээт хан аймгийн Түшээт чин ван Говь түшээ гүний хошуу гэж нэрлэгдэж байв. 1924 оны 5-р сарын 26 онд Шанхай уулын хошуу Эрдэнэтолгой хэмээх газар анх багйууллагдсан. 1958 он хүртэл 7-8 багтай байж байгаад 1958 онд тус сумыг Долоошарзаг гэдэг газар суурьшуулж байгуулсан байна.  Баян-Овоо сум байгууллагдсан цагаасаа хойш Улс орон даяар явагдсан нийгэм соёл, эдийн засгийн өөрчлөлтөнд идэвхитэй оролцож эдийн засаг нийгмийн хөгжлийн түүхэн ололт амжилтанд хүрсэн юмаа.

 

СУМЫН ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ:

Тус сум нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт орших бөгөөд өмнө талаараа БНХАУ, Баруун зүүн хойд талаараа өөрийн аймгийн Номгон, Ханхонгор, Цогтцэций, Ханхонгор, Манлай, ханбогд сумдтай хил залгаа оршдог. Далайн төвшингөөс 2200-2700 м өргөгдсөн. Нийслэл Улаанбаатар хотоос 669 км, аймгийн төвөөс 165 км, Номгон, Ханбогд, Цогтцэций сумдуудаас тус бүр 100 км-т, Далайн түвшингээс дээш 2450м өндөрт байрласан.Уртраг 42.58.12, өргөрөг 10.60.71 эргэн тойрон 485 км, өргөн 98 км, урт 172 км, Хятад улстай 75 км хиллэнэ. Нийт нутаг дэвсгэр 1047370 га үүнээс бэлчээр 914154 га. Тус суманд олонд зартай Зах гурван зээмэг, заг сүжийн их говь, Их бага Хачиг, Өндөр Богд, Аргалант, Тогоо Жаргалтант, Хөөт, Хөрх, Цагаан дэлийн уул, Шивээ, Ямаат улаан зэрэг сайхан уул, хайрхантай, Гэдэргийн хэц,Бунхант тал, Зээрэгнтийн хөндий зэрэг хараа сунгасан цэлгэр тал хөндий хослон байдаг.

 

НУТГИЙН ХӨРС УРГАМАЛ, БЭЛЧЭЭР УС

Говийн хөрсний бүтэц , цаг уурын эрс тэс байдал ургамал бут мод нь хангай тал хээрийн бүснээс онцгой ялгаатай ургамал нь шимтлэг чанарлаг байдаг. Говийн бусад нутгийг бодвол илүү эрс тэс уур амьсгалтай нэг см  ам талбайд тусах дулааны хамжээ манай сумын төв хэсэгт1350 калори, өмнөд хэсэгт 4500 калори болдог  байна.

Борзонгоос Галбын говь хүртэл үргэлжлэх заг, зарим газраар  зэгс, хулс, сухай бүхий 3500 ам дөрвөлжин км талбай бүхий урт өргөн хоолойг  Гүргэм, Дайчин, Заг Сүүжийн говь гэдэг Энэ нь манай сумын нутгийн урд хэсгийг бүхэлд нь эзлэнэ. Байгалиас заяасан тэмээн сүргийн гол нутаг энд л байдаг. Заг Сүүжийн говийн хойд талаар Их, Бага хачигийн уулс, баруун талд нь хөөт өмнө талаар нь Цагаан дэлийн  уул   хэрэн тогтсон байдаг. Газрын гадаргуу нь Галба , борзонгийн говьтой ижил төстэй ургамал амьтан нь адил Заг, хайлаас, тоорой,  жигдийн өтгөн шугуй бутлаг зүлэг, баян бүрд бүхий тойром дэлхийд ховордсон ан амьтан энд л байдаг.  Гүний цэнгэг усны маш их нөөцтэй. Манай суманд Дэн цагаан хошуу, Шарзаг, Гурамсангийн хөндий, Таван алдад гүний цэвэр усны нөөцтэй.

Манай сумын нутгийн хойд хэсэг нь үзмэн хүрэн, цайвар хүрэн ялзмаг багатай шавранцар хөрстэй бөгөөд тэнд үет ургамал, монгол өвс, хазаар, нарийн хамхуул,ерхөг,хүмэл, таана, агь ,шаваг, боролзой зарим хэсэгтээ хужирлаг ургамал багалуур, бударгана, хонгор зул, үхэр шүлхий, ямаан шарилж, хуйраг, цахилдаг, хонхор тойром газраар дэрс, сондуул, ортууз, хургалж, лууль ,лавай , зангуу, дүрваа, бөөдий, божмог, морин шарилж, шар мод, лидэр, бэрээмэг, царван хатангар зэрэг нийт 500 шахам нэр төрлийн ургамал ургана.Харин хавьсгана, гогод, зээрийн ундаа зэрэг ургамал ховор. Бутлаг ургамалаас өргөст / улаан/ харгана, ямаан харгана, алтан харгана, нохой шээрэн, тэсгэ, зарим толгодод загсгал, бүйлс, яшил ховор байна.

Сумын өмнөд хэсгийн нутаг нь улаавтар хүрэн, элсэрхэг хөрстэй, хужир мараа ихтэй шавранцар хөрс бүхий тойром хонхор хотгор чулуулаг гадаргуу голллоно. Энд таана, хүмэл баглуур бударгана, зээргэнэ, хамхуул зэрэг өвслөг ургамал, харгана, хайлс мэт модлог ургамал ургана. Бас хужир шүү, давстай нуур, тойром нилээд байдаг.

Чихэр өвс, зээрнэ ундаа, хулангийн ундаа, лидэр, бибилэн, цагаан гоёо, таван салаа, хурдан цагаан зэрэг 40 гаруй нэр төрлийн эмийн  цулхир, бударгана, хар шаваг, галуун таваг, хөмүүл, бажууна зэрэг 20 гаруй төрлийн хүнсний ургамал ургадаг ба Зээмгийн говьд багаахан талбайд зэрлэг  хар будаа ургадаг юм.

Заг сүүж , Зээмгийн говиудад сумын баруун урд хэсгээс зүүн хойд хэсгийг эзэлсэн Гүн Шарын заг, Таван алд, Хоормог, Найз,   Овоотын гүн,  Сүүж, Эвдэрхий, Булан, Ихэр, Хар сухай, Нуурын гүн, Гүргэм, Дайчин  зэрэг газарт үе үе дайралдах загийн үргэлжилсэн шугуйгаас гадна Хайлаасны хар ногоон ойн төгөлтэй.

 

АН АМЬТАН

Говийг судалсан эрдэмтэдийн  тодорхойлсоноор  үзвэл  манай сумын нутагт22 зүйлийн мэрэгч, зургаан зүйлийн туурайтан, 14 зүйлийн араатан, хоёр зүйлийн шавьж идэштэн, гурван зүйлийн гар далавчтан оршдогоос цөлийн бүсэд 15 зүйлийн  мэрэгч, зургаан зүйл араатан, таван зүйл гар далавчтан байдаг байна.

Хулан, Аргаль, Янгир, Ирвэс, Шилүүс, Дорго, Мануул, Суусар , үнэг, чоно, хярс элбэгтэй тас, ёл, бүргэд, ятуу, хахилга, харцага, тэнхлэг, сар, шар шувуу, хар болон хон хэрээ, шонхор, ууль зэрэг олон төрлийн жигүүртэн бүхий нутаг.

Говийн баян бүрд, нуур, задгай усыг бараадан хун, тоодог, тогруу, галуу, нугас, ангир зэрэг усны шувууд хэдэн сараар нутгалдаг.

Цагаан зээр,  хар сүүлт хоёр төрлийн зээр бий боловч цагаан зээр нь нүүдлийн маягаар амьдрах тул тогтвор суурьшил муутай, бор зээр буюу хар сүүлт нь нутагшин байнга амьдарч үржин төлжсөөр байна.

 

УУР АМЬСГАЛ

Өвөл цас бага, зун хур тундас ховордуу эрс тэс уур амьсгалтай ч дулаавтар, хавартаа шороон шуурга олонтой тохиолддог. Олон жилийн дунджаас үзвэл жилдээ 63.2-70.9 мм тундас ундаг гэж тооцдог юм.

Тус сумын нутагт их хүйтэрдэггүй, гуравдугаарх сарын дундуураас дулаарч аравдугаар сарын сүүл буюу арван нэгдүгээр сарын эхэн үе хүртэл бараг долоон сарын 200-аад хоногт үе үе салхитай боловч дулааны үе үргэлжилнэ.

 

АШИГТ МАЛТМАЛ

 Ботгын мөнгөний орд, Алаг толгойн алтны нөөц, Ямаатын уулнаас Цагаан толгой хүртэл орших зэсний орд, нүүрс, занар, жонш, альвастор, шохой, шороон будаг, сагар, барилгын өнгөлгөөний өнгөт чулууны арвин нөөцтэй.

Сумын урд говьд маш нимгэн хуудсуудаар үелэн тогтсон гялтагнуур элбэг. Хайлуур жонш, перлит / анар/, манах, баргилт, шөрмөсөн чулуу, шатдаг занар бий. Аль аль нь нөөцөөр муугүй. Занар гэдэг гайхалтай түлш доод цэрдийн галавын үед 120-160 сая жилийн өмнө үүсэн тогтожээ. Дулаан үүсэх чанар нь 2000 калори байх ба дунджаар 75 хувь үнэс гардаг гэж эрдэмтэд тодорхойлжээ.

Манай сумын нутаг дахь Шивээ уул, Тогоо Жаргалант, Баруун оюу толгойн орчим зэс алтны, Зайрмагтайд усны хайгуул шинжилгээг Канадын хөрөнгө оруулалтаар хийж байна.

Зүүн, баруун толь, Урт, Элгэн, Өлзийт, Шархад, Хөтөл булаг зэрэг рашаан, задгай, бүрдтэй

 

ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗАР НУТАГ

Ази тивд хүн үүссэн гэх эртний бууц ул мөр  Оцон мааньтаас олдсон, Үүнийг хуучин чулуун зэвсэгийн  төгсгөл буюу 600-300 мянган жилийн өмнөх үед хамааруулдаг байна. Налих багийн нутаг Сайрын Балгасад Хүннүгийн үеийн хэрмэн хот байсны буурь, мөн манжийн үеийн  цайз, худалдааны хотын үлдэгдэл, Заг Сүүжээс Их Алагийн уул орох замын  нэгэн хавцалд эртний шивээ хотын туурь бий. Тэртээ Ховд, Улиастай хүрэх шар зам гэж нэрлэгддэг өртөө, худалдааны их зам манай сумын Гэдрэгээр дамжин гардаг байсан ба Бээжин, Жанчхүү ортол тэмээн жингээр явахад их өгсүүр  газар явсаар энэ Гэдэргийн  даваан дээр гарч  хамгийн өндөр даваа гэдэг байсан байна. Дуут хад, Аргалантын  хяр дахь Чингэсийн нум саадгийн тавиур, Гурамсангийн хоолой дахь их хаадын морины уяаны хонхор, Баянмөнх даян хааны төрсөн газар Хулгар, Муруйн цав, Их хаадын цэргийн балгас дахь цонж зэрэг түүх дурсгалын газар, Могойтын чулуужсан 4 м могой, Налихын чулуужсан мод, Хөрхийн хүн чулуун хөшөө, 6-н талт чулуунууд зэрэг түүх соёлын үнэт олдвор бүхий уудам говь юм.

 

ЗАСАГ ЗАХИРГАА, ХҮН АМ    

1952  оны 11 дүгээр сарын нэгэн хүртэл Баян-овоо сумын захиргаа гэж нэрлэгдэн явсаар  1952 оны 11 дүгээр сараас Баян-овоо сумын хөдөлмөрчдийн  депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаа, 1960 оноос одоогийн  мөрдөж  буй монгол улсын  шинэ үндсэн хуулийг баталж мөрдүүлэх хүртэл Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж нэрлэгдэж байсан  байна.

Одоо тус сум нь засаг захиргааны 3 нэгж багтай,  Сумын төвд 280 хүүхэдтэй ерөнхий Боловсролын Дунд Сургууль, 50 хүүхэдтэй Цэцэрлэг, 15 ортой Хүн эмнэлэг болон  Холбоо, Цаг уур зэрэг  байгууллагууд ажилладаг

 

ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН БАЙДАЛ

Сумын эдийн засгийн голллох салбар нь мал аж ахуйн салбар. Манай сум 1943 онд малаа өсгөж БНМАУ-ын Хүндэт жуух бичиг, 1970, 1975, 1980 онуудад  Y. YI. YII- н жилийн гавшгайч мөнгөн медалиар шагнагдаж 1975, 1980 онд 10000 тэмээтэй болж  хос Мөнгөн буйлаар шагнагдаж байсан.  Орон нутагт санаачлан хийж байгаа ажил үйлсээрээ сүүлийн 3 жил дараалан аймгийн тэргүүний сумаар шалгарч байна.

 

АЛДАРТНУУД

Монголын домогт их аварга Идэр Дампил, Төр нийгэм соёл шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, улсын мэргэн Б.Дорж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цэвэгмэд, Ц.Лувсанчимэд, Ц.Даваасамбуу, Х.Гомбосүрэн. Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн С.Батзав, Б.Банзрагч, Д.Гончигдорж, Р.Чимэдцэрэн, Ардын багш гавъяат Р.Отгонсүрэн, Монгол Улсын гавъяат Р.Цуучил, Ц.Мандал,Х.Равданжамц Ш.Аюуш,  Л.Дашдонров, Б.Авирмэд, Ц.Цэрэндорж, Ч.Энхманлай, Д.Бэхбат, Генарал Ч.Сандр, ОХУ-ын гавъяат Ц.Соёл-Эрдэнэ, Соёлын гавъяат зүтгэлтэн, улсын начин  А.Ганбаатар, ОУХМастер, Монгол Улсын начин Д.Багахүү, ОУХМастер , улсын начин Т.Энхтуяа, аймгийн арслан Ц.Түвшинтөр, Ц.Батсайхан, В.Мөнхбат, заан Б.Ваанчиг, Ж.Бямбаа, Д.Пүрэв, Монгол улсын аварга малчин Д.Аюурзана, С.Мижиддорж,  1000-т малчин  Н.Намжил, Д.Чойдорж, Д.Чоймбол, М.Соном, Э.Муухүү, Ж.Бүтэд, Б.Отгондорж, Г.Цэрэнтогтох, Ч.Цэдэнсодном, аймгийн алдарт уяач, Х.Жуурайдорж,  төрийн захиргааны  тэргүүний ажилтан Ж.Даргахүү, Ж.Сүхбаатар,  Ч.Чинжаргал, салбарын тэргүүн Б.Сарангэрэл, Ц.Нарантуяа. Б.Цооцэрэн, Б.Жүрмэддорж, Б.Жүрмэд, Д.Нарангэрэл, Б.Саранчимэг, Ч.Батхуяг, Өлзийт эх Г.Уртнасан, Ч.Цэвэл, Х.Энхтуяа, Ч.Цэвээнрулам, Ч.Сугир ,А.Рэнцэнханд, Б.Цэцэг, Л.Нямсүрэн, О.Дэнсмаа  нарын олон арван ахмад үе үеийнхэн, залуучууд говь нутгийнхаа нэр алдарыг өргөж, өргөлцөж явна. Аймгийн аварга 27, сумын аварга 140 гаруй, дэд доктор 14, спортын мастер 10 гаруй, аймгийн начин 10 гаруй төрөн гарчээ

1961 онд МАХН-ын  Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, 1974 онд Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном, 2002 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2003 оны 10 дугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөрочир , 2006 оны 3 сард Гадаад хэргийн сайд Н.Энхболд нар ирж сум орон нутгын байдалтай танилцан ард түмний санал бодлыг сонсож байсан.