Даланзадгад хотын үүсч хөгжсөн түүхэн замнал нь Өмнөговь аймгийн хөгжлийн үе шат бүхэнтэй хүй нэгэн холбоотой буюу говийн хангай Гурвансайхан уулын зүүн ар Далангийн дэнгжид сүндэрлэн боссон энэ хотын түүх бол Өмнөговь аймгийн түүх, нэрийн хуудас нь билээ.

Өмнөговь аймгийг шинээр байгуулах ажлыг удирдан зохион байгуулахаар Богдхан уулын аймгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан Ж.Самбуу, цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Дарьзав нарыг Засгийн газраас томилж, Өмнөговь аймгийг Богдхан уул, Цэцэрлэг мандалын аймгуудаас таслан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Аймгийн удирдлагууд шинээр байгуулагдсан Өмнөговь аймгийн төвийг хаана төвлрүүлэх, хэрхэн яаж нүүх тухай асуудлыг шийдвэрлэхээр газар ус үзэж сонгох, хүмүүсээс санал авах ажил хийгдэжээ. 1931 оны намар Дэлгэрхангай уулын хошууны төвд Өмнөговь аймгийн сумдын дарга нарын семинар дээр аймгийн төвийн тухай асуудал яригдаж, хойт талын сумдын дарга нар Онгийн голын зүүн эрэг, Цогт-Овоогийн Дугшихын орчимд төвлрүүлэх, харин өмнө талын сумдынхан Даланзадгад орчимд байгуулах санал гаргажээ. Аймгийн шинээр сонгогдсон дарга Ж.Самбуу нутгийнхаа голыг олох нь дээр байх гээд сүүлчийн саналыг дэмжсэн байна. Далангийн орчимд аймгийн төв байгуулбал ямар вэ гэж нутгийн зарим настай, юм мэддэг хүмүүсээс асуухад дэмжиж, Нэрэн гэлэн гэдэг хүн энэ сайн газар удахгүй түмэн хүнтэй сайхан хот босно гэсэн нь өнөөдөр биелснийг та бид харж байна.

Сонирхолтой нэгэн баримт нь аймгийн төвийг хаана байрлуулах талаар ярилцаж, энэ ажилд Дорж мээрэнг алс холын бодлоготой, хашир хүн гэж оролцуулан түүний саналаар Даланзадгадыг сонгосон байна. Тус хотын анхны даргын нэг Л.Дандар дурдатгалдаа:

–       Намайг 1931 онд Хацарын ар Аврах гэдэг худалдааны салбарын туслахаар ажиллаж байхад аймаг Далангийн гол дээр бууна. Салбараа нүүлгэж тэнд буулгах шийдвэр сумаас ирсэн тул 1931 оны 9-р сард 2 эсгий гэр, 20 гаруй мянган төгрөгийн бараа, 2 орон тоотойгоор нүүж ирсэн. Хоршоо нүүж байсан нь санагдана гэжээ.

Аймгийн Говийн мэдээ сонины ахмад ажилтан Т.Хүүхэнжимээ дурдатгалдаа: 1931 оны намар аймгийн төв Дэлгэр хангайгаас нүүж ирэхэд аймгийн яам, дотоодыг хамгаалах хэлтэс, аймгийн шүүх гэж хэдхэн гэр байсан. Аймгийн хоршоо гэж хамгийн зүүн хойт талд хар, цагаан хоёр эсгий гэр байсан. Аймгийн клуб барилга сууцгүйгээс мод берзентээр аргацаасан сав барьж түүндээ тоглолт хийдсэг байсан. 1934 он аймгийн харилцаа холбооны барилга /одоогийн настан дэлгүүрийн тэнд/ ашиглалтад орж, дараа нь клубын барилга /ХЖТ-ын зүүн талд байсан/ баригдсан гэжээ. Дээрх дурдатгалуудаас үзвэл аймгийн төвийн шавыг одоогийн Айвонхоу майнзийн төлөөлөгчийн газар, Говь дулаан ХХК, олон дэлгүүр болсон барилгын орчимд тавьсан бололтой. Сүүлд аймгийн яам, захиргааны контор байсан энэ барилгыг барьж, Мазаалай худалдааны төвийн тэнд захиргааны ажилчдын 6 айлын орон сууцны 2 шавар байшин байсан ажээ.

Хуучин бөөний бараа баазын орчимд худалдааны анхны салбар үйл ажиллагаагаа эхэлж одоо ч Номин говь бөөний худалдааны төвийн зүүхэн талд нь ажиллаж байна.

Даланзадгад нүүж ирэх ажил 1931 оны хавраас намар хүртэл үргэлжилсэн бөгөөд Дэлгэрхангай уулын хошууны төвөөс анхны хоёр гэрийг Тогоочийн Сурхдамба, палан хэмээх Дорж, Чулууны Увш /эмэгтэй/ нар нүүлгэн ирж хар гэрт нь хоол цай хийдэг, цагаан гэрт нь 4-5 хүн алба ажил явуулдаг байв. Үүний дараахан Баяндалай сумын нутаг Төхөмөөс гурван гэр нэмж авчирч  барьжээ. Мөн оны намар намын хороо, хянан байцаах комисс, аймгийн яам, залуучуудын эвлэлийн хороо, шүүх, Үйлдвэрчний эвлэлийн товчоо, дараа нь Шарангадад байсан төв коопертивын ангийн хэлтэс нүүж ирсэн байна.

Зөвлөлтийн нэрт газар зүйч шар Дамдинсүрэн гэгддэг байсан газрын даалгавараар нутгийг нь үзэлцэн шавыг нь тавьж байсан билээ. Энэ хотын сууц нь бараг төлөв гэр боловч одоо цахилгаан харилцаа, /саяхан түүнийг тавьсанд би баяртай байна/ радио станц, банк, дэлгүүр, эмнэлэг, шуудан, захиргаа гээд бүгд /гэрт/ бий гэж бичээд Даланзадгад цахилгаан холбоо тавьчихсан гээч. Одоо ч “миний “ хот ёстой хот боллоо хэмээн гэргий М.А.Симуковадаа бахархан бичиж байжээ.

Далайн түвшнээс дээш 1470 метр өргөгдсөн Далангийн тэгшивтэр талд буй нь энэ юм.

Даланзадгад орчимд жилийн дундаж агаарын температур +4,0 ба бусад аймгуудаас дулаан, хамгийн дулаан нь 7 сард +21 градус, хамгийн хүйтэн нь 1 сард -15,4 градус, тогтвортой хүйтэн байх хугацаа жилд 140 хоног буюу 10-р сарын 2-ноос дараа жилийн 3-р сарын 22 хүртэл үргэлжилнэ. Салхины чиглэл ихэвчлэн баруун ба баруун хойноос, дундаж хурд 4-5 м/сек. Хүчтэй салхитай хоногийн тоо жилдээ дунджаар 45 хоног байх бөгөөд салхитай өдрүүдийн олонхи нь 3,4,5-р саруудад тохионо. Хөрсний гадаргуу дээрх цочир хүйтрэх анхны хугацаа 9-р сарын 16, сүүлчийнх нь 5-р сарын 22 байдаг. Жилдээ 129 мм тундас орох ба ихэнх нь 4-10-р сард унана. Тогтвортой цасан бүрхүүл тогтох хугацаа 41 хоног буюу 12-р сарын 9-нөөс дараа жилийн 2-р сарын 13 хүртэл байх ба 3-р сарын сүүлээр цас үндсэндээ хайлж дуусдаг.

Я.Мангалжав бичсэн дурдатгалаа “Намайг 1950 онд аймгийн төвд ирэхэд Далангийн гол өргөн, дэрсний өндөр нь 2 метр орчим, халгай, шаваг, таван салаа зэрэг төрөл бүрийн угамалтай, дэрсэн дотор тавьсан морь үзэгддэггүй байсан. Яваандаа Далангийн голыг үзэх биш Далангийн гол байсан газрыг үзнэ гэх цаг холгүй болжээ гэж 1988 онд харамсан өгүүлж байжээ. Өндөр настан Ү.Батням өгүүлэхдээ “1953 онд намайг сургуульд байхад Далангийн голын дэрсэн дотор буусан айл, үхэр адуу харагддаггүй, хааяа сүү тосны завод дээр очиход цөцгийг нь ялгасан хатуу цагаан хурууд өгдөгсөн. Энд 70 булаг байснаас одоо 30 хүрэхгүй болоод байна” гэж байв.

Малчны гэрүүд бөмбийн, мал сүрэг багширч, Б.Дорж мээрэнгийн тариа ногоо тарьдаг багахан талбайтай, далан булаг задгайтай энэ газар өнөөдөр орчин үеийн хот сүндэрлэн босож, хүн ам нь хэдийнээ Нэрэн гэлэнгийн зөгнөж хэлснээс хол давж, Өмнөговийн засаг захиргаа, үйлдвэр, соёлын төв, тив дэлхийн зочид, жуулчдын анхаарлыг татсан орчин үеийн хот болон хөгжиж байна.

Шинээр байгуулагдсан аймгийн төвд нам, эвлэлийн хороо, аймгийн яам, үйлдвэрчний товчлох хороо, шүүх, харилцан туслалцах хоршооны 12 дугаар анги, улаан гэр, шуудангийн хороо, ердийн хөсгийн өртөө зэрэг нам, улс, олон нийт, аж ахуй, үйлчилгээний байгууллага, салбарууд ажиллаж эхэлсэн нь Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийн бүхий л салаа салбарын анхны галыг асааж, ажил амьдрал нь арван зүгтээ өргөжин тэлснийг товчлон өгүүллээ.