Багууд

Гурвантэс сумын багуудын танилцуулга 

         Гурвантэс сум нь анхан шатны Гоёот, Баясах, Тост, Урт, Бага-Овоо гэсэн 5 нэгжтэй,  Засаг захиргаа, аж ахуй, соёл үйлчилгээний төв болгон уул уурхай голчлон ажиллаж байна. Нийт сумын хэмжээнд 5129 хүн амтай, 225294 гаруй толгой малтай.

Гоёот баг: Тус баг нь 1952 онд Гоёот бригад  нэртэйгээр байгуулагдаж анхны бригадын даргаар Увшын Санжшаарав ажиллаж байсан ба  1990 онд ардчилал өрнөж төрийн тогтолцоо өөрчлөгдөж Гоёот баг болж анхны багийн даргаар Я.Даш томилогдон  ажиллаж байсан. 2019 оны жилийн эцсийн байдлаар 920 хүн амтай, 67887 толгой малтай эдийн засгийн үндэс мал аж ахуй юм.

Гоёот багийн газар нутгийн 90%  нь улсын тусгай хамгаалалттай газарт ордог бөгөөд багийн хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалын ховор  олдвортой бөгөөд Алтан уул, Нэмэгт, Гилбэнт, Их хонгил, Ухаа толгод зэрэг газраас 50-80сая жилийн амьдарч байсан аврага биет үлэг гүрвэл болох завролоф, оплетоцелькауди, завропод, дейнохор, торбуозавр, овораптор, галлиминум болон тэдгээрийн өндөг яс олдож байсан. Мөн байгалийн үзэсгэлэнт газар  аялал жуулчилалын бүс болох Зулагнайн гол, Наран  даац,гэх зэрэг газраар гадаад дотоодын жуулчид ихээр ирдэг.

Нэмэгт уул нь далайн түвшнээс дээш 2769 м өндөр, урт нь 64 км, өргөн   30 км баруунаас зүүн тийш чиглэж тогтсон уул юм .Уг ууланд  эртний амьтдаас махан болон өвсөн идэшт үлэг гүрвэл, яст мэлхий, дун хясаа, хавтаст хөвч хэлбэртэн олддог. Аргаль, янгир, хулан, хар сүүлт, шилүүс, суусар, мануул, чоно, ирвэс  гэх мэт ан амьтантай. Мөн тас , ёл, бүргэд,харцага, хойлог, эрээн хавирга гэх мэт шувуудтай. Ууландаа нэн ховор замба гүрвэл, төмөр гүрвэл, төрөл бүрийн могой элбэг тохиолдоно. Энэ ууланд арц, зэрлэг сонгино ургах бөгөөд уулынхаа зүүн хойт ар бэлд байрлах рашааныг  Нэмэгтийн рашаан гэдэг. 0,9 г/л эрдэсжилтэй, гидрокарбонат сульфад-кальци-магнийн найрлагатай Т-12С. PH-7,2. Засгийн газрын 2002оны 251-р тогтоолоор батлагдсан рашаан сувиллыг хөгжүүлэх үнэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хэмжээнд ашиглах рашааны жагсаалтад орсон байна.

2020032705   

Гоёот багийн Засаг дарга Охинбаатарын Батмөнх

 Баясах баг: 1958 онд Ноён сумын хуучин овоотын хэсгээс Хөтөлцагаан гэдэг газар нүүн ирж, 1960 онд Баясах нэртэйгээр баг байгуулагдан анхны даргаар Дорж гэдэг хүн ажиллаж байсан. 2019 оны жилийн эцсийн байдлаар 1027 хүн амтай, 63861  толгой малтай эдийн засгийн үндэс мал аж ахуй юм.

Баясах баг нь Хүрэн Ханын хэц, Эрдэнийн хяр, Тэмээтийн уу, Хөгшөө хайрхан, Дунд гол, Зүүн гол, Банзат хайрхан, Хөхөлзөхийн говь  нутгийг хамардаг. Хуучин овоотын туурь, Майхан уул зэрэг археологи олдвортой. Алтан харгана, хурдан цагаан, улаан цагаан гоёо, ортууз зэрэг эмийн ургамалтай, Аргаль, янгир, хавтгай, хар сүүлт, ирвэс зэрэг зэрлэг амьтадтай.

 2020032706

Баясах багийн  Засаг дарга Нямсүрэнгийн Чинбат

Тост баг: 1959 онд Ноён сумын 4-р багаас Улаантолгой гэдэг газар нүүн ирж, 1959 онд Тост нэртэйгээр баг байгуулагдан анхны даргаар Дондовдорж гэдэг хүн ажиллаж байсан. 2019 оны жилийн эцсийн байдлаар 1111 хүн амтай, 61933 толгой малтай эдийн засгийн үндэс мал аж ахуй юм.

Тост баг нь Хэрмэн цав, Зулганай, Зуун мод, Тост тосон бумбын нуруу зэрэг хамарсан 808.7 га газар нутгийг хамардаг. Хэрмэн цавын Баян бүрдээс 1958, 1959 оны үед Орос улсын судлаачид үлэг гүрвэл, төрөл бүрийн загасны олдвор олж байсан ховор археологи олдвортой. Хулангийн ундаа, лидэр, чихэр өвс, цагаан гоёо, цурхил, бажуун зэрэг эмийн ургамалтай. Тоорой, жигд, хайлаас зэрэг ховор модлог ургамалтай. Аргаль, янгир, хавтгай, хар сүүлт, ирвэс, суусар, мануул зэрэг зэрлэг амьтадтай. Мөн ёл,  харцага, цөлийн олон төрлийн болжморууд, замба гүрвэлүүдтэй.

 Тост тосон бумбын нурууг улсын нөөц газрын тусгай хамгаалалттай газар нутагт багтсан бөгөөд Байгаль хамгаалах чиглэлээр Ирвэс хамгаалах сангийн ТББ хамтран ажилладаг.

2020032707

 Тост багийн Засаг дарга Номуундарийн Галаахүү

 Урт баг: Тус баг нь 1994 онд анх байгуулагдсан. Багийн анхны даргаар Сэржийн Баатар сонгогдон ажиллаж байв. 2019 оны жилийн эцсийн байдлаар 439 өрхтэй 1424 хүн амтай, 8742 толгой малтай эдийн засгийн үндэс жижиг дунд үйлдвэрлэл юм. 7 Төрийн байгууллага, 2 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай. Урт баг нь сумын төвийг хамарч байдаг.

 2020032708

Урт багийн Засаг дарга Лхагваагийн Пүрэвдорж

Бага-Овоо баг: Бага-овоо баг нь 2018 оны 11-р сарын 29-ний өдөр шинээр байгуулагдсан. Багийн анхны даргаар Нямын Түвшин сонгогдон ажиллаж байна.  2019 оны жилийн эцсийн байдлаар 210 өрхтэй 631 хүн амтай, 22193 толгой малтай, эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан,  Мөн Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордын  сайн чанарын чулуун нүүрс, метан хий баялагийн  олборлот, экспорт юм.

Бага-Овоо баг нь 276264.5776 га нутаг дэвсрэгтэй нутаг дэвсгэр баруун, баруун урд талаараа Тост баг, хойд талаараа Урт баг, зүүн, зүүн хойт талаараа  Баясах баг, өмнөд хэсгээрээ БНХАУ-ын ШУӨЗО-ны  Альша аймгийн Эзний хошуутай зах нийлэн хиллэдэг.  Монгол-Алтайн нурууны цөлөрхөг бүсэд оршдог.  байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, Хөгшөө, Шугшаа, Суварга, Товон, Буурал, Их бага Баян, Сүмбэн, Тахилгат, Хайлаастын өндөр уулс, Хайлаастын хөндий, Шатын ам, Хуршуутын гол, Зүүн, баруун сухантын гол горхиуд нь Жигэд, Хайлаас, Тоорой, Заган ой бүхий баян бүрдүүдтэй. Баянгийн болон Хайрт рашаан уснаас гадна хармаг, лидэр, чихэр өвс улаан, цагаан гоёо, таван салаа, хурдан цагаан, бажууна, эмт өвс зэрэг эмийн ургамлууд ургадаг. Аргаль, янгир хар сүүлт  ирвэс, чоно, мануул,  үнэг, шилүүс,зэрэг ан амьтад, олон төрлийн жигүүртэн шувууд амьдардаг. Цаашид аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой газар нутагтай. Үүнээс сумын Есөн гайхамшигт Хайлаастын хөндий багтдаг.

Бага-Овоо багаас төрсөн гарсан алдартнууднаас: Улсын аварга малчин Цэрэндондогийн Осор, Улсын аварга ногоочин С.Даш, БНМАУ-ын Улсын залуу аварга малчин О.Цогзолмаа, Аймгийн аварга малчин Д.Мөнхөө, Аймгийн аварга ногоочин С.Даш, Д.Нямсүрэн, Б.Амарбаясгалан, ХХААХҮ-н тэргүүний ажилтан Д.Цэндээхүү, Худалдааны тэргүүний ажилтан С.Намжилцэрэн, Боловсролын тэргүүний ажилтан Ц.Уранмандах, Эмнэг хангал сургалтын спортын мастер О.Дарханбаатар нарын зэрэг олон алдар цуутнуудтай.

 2020032709

 Бага-Овоо багийн Засаг дарга Нямын Түвшин