ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ “МОНГОЛ ГЭР” АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ ТУХАЙ:

2019 оны 11 сарын 07

      Монгол гэрээр үйлчлүүлж ирсэн гадаадын жуулчдын санал хүсэлт, сэтгэгдэл, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжид үндэслэн цаашид Монгол оронд айлчилж байгаа жуулчдын тав тухтай, аюулгүй аялж амрах, тэдэнд Монголчуудын талаар эерэг сэтгэгдэл үлдээх зорилгоор “Монгол гэр” ажиллуулах журам боловсруулагдаж байна. Иймд тус журмын төсөлд олон нийтийн санал асуулга авах зорилгоор цахим орчинд байршууллаа.

     Энэхүү журмын гол зорилго нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нутгийн иргэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын аялагч жуулчдыг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх “Монгол гэр” ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

”Монгол гэр” ажиллуулахад тавигдах шаардлага:

1. Тухайн орон нутаг, багт оршин суудаг өрхөд “Монгол гэр” ажиллуулах эрхийг олгох бөгөөд нэг өрх 5-аас илүү гэр барихгүй байх.

2. Монгол гэр ажиллуулж буй иргэд нь жуулчин хүлээж авах гэрийн бүрээсийг нэгэн жигд өнгөтэй, аадар бороо, мөндөр, салхи шуурганд амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангахуйц бат бэх, цэвэр байлгах.

3. “Монгол гэр” ажиллуулж буй өрх тус бүр батлагдсан зураг загвараар хийсэн Кон жорлон, хог хаягдал хаях, таглаа бүхий бохирын цэгийг зураг стандартын дагуу байгуулж, эргэн тойрон чулуун гортигоор хязгаарлалт хийсэн байна. Эдгээр цэг, жорлонг жуулчид байрлах гэрээс 50-аас доошгүй метрийн зайд, газрын доор, зонхилох салхины доод талд, хаалга үүдийг нь гэрээс харагдахгүй, далд байхаар байрлуулна. /Бохирын ариутгал, халдваргүйжүүлэлт, ялаа, шавж устгалыг тогтмол хугацаанд хийж, бохирын гүн нь 1.5 м-доошгүй/ хавсралт №02/

4. Ахуйн хог хаягдлыг ангилан төрөлжүүлж, хатуу болон зөөлөн хогийн савыг өөрсдийн боломжоор хийж үйлчилгээний гэрийн салхин дор, салхи шороонд хийсэхээргүй газарт, зочдын нүдэнд ил, хүрэхэд ойр байрлуулж, хог хаягдлыг тухайн цэг бүр дээр ангилан цуглуулж, тээвэрлэн тухайн нутаг дэвсгэрт байдаг зөвшөөрөгдсөн цэгт хаяж хэвшүүлэх. Аялагчдыг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулж, хот суурин газрын зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяхыг зөвлөж ажиллах.

5. Хамгаалалтын захиргаа болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгосон газарт, түүх соёлын дурсгалт болон аялах үзмэр газруудаас 1 км -ээс доошгүй эсвэл тухайн зорих газар, үзмэрийн харагдах байдал, хамгаалалтанд сөрөг нөлөөлөхгүй зайд, булаг шанд, задгай ус, баян бүрдээс 300 метрээс доошгүй зайд, голын болон хөрсний усны урсгал, салхины зонхилох зүг, чигээс доор байрлаж үйл ажиллагаагаа явуулах.

6. Үйлчилгээ явуулах гэрийг өөрсдийн амьдардаг гэрээс 30-аас доошгүй метрийн зайд, гэр тус бүрийн хооронд галын аюулгүйн дүрмийн дагуу 5 метрээс доошгүй зайд нэг эгнээ, эсвэл тодорхой эмх журамтай байрлуулах.

7. Үйлчилгээний гэрүүдийн дундуур машин мотоцикл явуулах, байрлуулахыг хориглож, амралтын гэрээс 30-аас доошгүй метрийн зайд тээврийн хэрэгслийн төвлөрсөн авто зогсоолыг байгуулж орж гарах чиглэл, замыг заасан тэмдэглэгээг байршуулж , олон салаа зам гарах, хөрс эвдэх явдлыг хязгаарлах

8. Шатах тослох материал, хийн зуух, түлшийг зориулалтын стандартын шаардлага хангахуйц нөхцөлд, технологийн дагуу, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах

9. Монгол гэр ажиллуулж буй өрх тус бүр бие биенээсээ 1 км – ээс доошгүй зайтай байрлах ба жуулчны баазаас 1 км – ээс доошгүй зайд, төв замаас 500 м-ээс доошгүй зайд байрлаж үйл ажиллагаагаа явуулна.

10. Монгол гэр ажиллуулж буй иргэд тэмээ болон мориор үйлчилгээ явуулах бол үндэсний уламжлалаар иж бүрэн тоноглосон, номхон тэмээ, мориор үйлчлэх, аялагч, жуулчдын аюулгүй ажиллагааг бүрэн хангаж “Аюулгүй ажиллагааны дүрэм”- ийг танилцуулсан байх

11. Говь нутгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалууд, малын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн бүтээл, Байгаль орчны багц хууль, журмаар ашиглахыг зөвшөөрсөн байгалийн дагалт баялгаар хийсэн гар урлалын бүтээл, уламжлалт үндэсний хувцас, эдлэл, хэрэглэгдэхүүн зарж борлуулах

12. Тэмээ болон морин аяллын хөтчөөр ажиллаж буй иргэн нь хуулийн хариуцлага хүлээх чадвартай, 18 насанд хүрсэн, Монгол үндэсний уламжлалыг харуулсан хувцас хэрэглэлтэй байх.

13. “Монгол гэр” ажиллуулагч нь байгаль орчноо хамгаалж, түүх соёлоо сурталчлан, нүүдэлчин соёл, уламжлалаа хадгалан хамгаалахад манлайлан оролцогч байх үүргийг хүлээнэ.

14. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдаж, стандартын шаардлага хангасан эмийн санг амралтын гэр болгонд байршуулсан байна.

Монгол гэр ажиллуулах өрх бүрд дээрх шаардлага тавигдах болно.

Иймд “Монгол гэр” ажиллуулах журмыг шинэчлэн найруулан батлан гаргахад иргэн та саналаа өгч, идэвхтэй оролцоно уу.

Аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газар

Санал авах утасны дугаар 70532148

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: