ЭМГЭНЭЛ

2020 оны 05 сарын 13
ЭМГЭНЭЛ
     Монгол улсын гавьяат эдийн засагч, Өмнөговь аймгийн хүндэт иргэн, АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Т.Наранхүү нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр таалал төгсөж, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд, төрөл төрөгсөд, Өмнөговьчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаач нь 1934 онд Өмнөговь аймгийн Номгон суманд мэндэлсэн. Тэрээр Өмнөговь аймгийн арван жилийн дунд сургуулийн анхны төгсөгч, МУИС, ЗХУ-д Коммунист намын дээд сургуулийг дүүргэсэн багшийн мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой Өмнөговь нутгаас төрөн гарсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.
Насаараа төрийн захиргааны байгууллагад удирдах ажилтан хийсэн бөгөөд 23 жил аймгийн даргаар ажилласнаас түүний 15 жилд нь төрөлх Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байсан юм.
Талийгаачийг Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байх хугацаанд Өмнөговь аймаг нь 1976, 1977, 1978 оны ажлаараа 3 жил дараалан аймгуудын хооронд зарласан уралдаанд шалгарч төв дөрвөн байгууллагын диплом, мөнгөн шагнал, шилжин явах тугийг үүрд хадгалсан анхны аймаг болж байсан билээ.
Таны улс эх орны хөгжлийн төлөө залуу нас, боловсрол мэдлэгээ дайчлан ажилласан нөр их хөдөлмөр, хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, шударга зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дуурсагдах болно. Гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: