ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ, ХЯНАЛТЫН ПОСТУУДЫГ ТОГТМОЛ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

2020 оны 05 сарын 15
    Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Элст, Гурванбулаг хэмээх газрыг уул уурхай явуулахгүй байх зорилгоор 2018 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Гэвч 2020 оны 3-р сараас эхлэн өөрийн болон өөр аймгийн иргэд коронавирусын тархалттай холбоотой хорио цээрийн дэглэмийг зөрчиж, 2000 орчим иргэн нэг дор бөөгнөрөл үүсгэн, гар аргаар хууль бусаар алт олборлож байсныг хууль хяналтын байгууллагууд таслан зогсоож хэрэг зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцож байна.
    Нийт 10 гаруй километр газар нутгийн жалга судааг даган 5-10 метр гүн нүх цооног үүсгэсэн байгаа нь тухайн нутаг дэвсгэрт амьдардаг 20 гаруй малчин өрхийн хувьд маш хүндрэлтэй. Мөн байгалийг эвдэн сүйтгэж, тоосжилт үүсгэн байна. Ухсан нүхэнд нь мал унаж үхэх, улмаар шороо тоос бужигнах, бэлчээр талхлагдах гэх мэт маш их асуудал бэрхшээл тулгардаг.
   Аймгийн Засаг даргын Захирамжаар хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хэсэг байгуулсан. Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг холбогдох албаны 40 орчим албан хаагчдыг 3 постод хуваарилан байнгын эргүүл хяналтыг үргэлжлүүлж байгаа юм. Аймаг, сум мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг малчид иргэдийн хяналт дор тухайн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийж нүхийг булж тэгшлэх ажлуудыг хийж байна.
  
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: