БАНКАА ХЭРХЭН СОНГОЖ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВЭ?

2020 оны 05 сарын 28
БАНКАА ХЭРХЭН СОНГОЖ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВЭ?

Та мөнгөө банкинд хадгалуулснаар санхүүгийн амжилтанд хүрэх, өөрийн мөнгөндөө илүү сайн хяналт тавих боломжтой. Гэвч мөнгөө найдвартай банкинд хадгалуулах нь хамгийн чухал. Тиймээс аюулгүй, найдвартай банкийг сонгож, үйлчлүүлэхэд тань тус болох зарим зөвлөгөөг хүргэе.

1. Банкны үнэлгээнд анхаарлаа хандуул
Та заавал санхүүгийн мэргэжилтэн байх албагүй ч олон улсын томоохон байгууллагуудаас тухайн банкны санхүүгийн чадавхи, үзүүлэлтүүдийг тогтоосон зэрэглэлийг анхаарах хэрэгтэй. Товчхондоо бол үнэлгээ ААА зэрэг рүү ойртох тусмаа сайн. Энэхүү дүнгүүд нь банкны хариуцлагын хэм хэмжээг харуулахаас гадна эрсдэлийг даван туулах, тэсч үлдэх чадварыг давхар харуулж буй юм.

2. Таны сонгосон банк Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажилладаг уу?
Хэрэв Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаагүй байвал тухайн банкийг сонгож, үнэтэй хөрөнгөө хадгалуулах хэрэггүй л болов уу. Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд ХДК ажилладаг. Банк таны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүйд хүрвэл, хадгаламжийн даатгалын корпораци таны хохирлыг барагдуулах ёстой. Монгол Улсын хувьд Хадгаламжийн даатгалын корпораци нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн 20 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хадгаламж болон харилцахыг хуулийн дагуу бүрэн даатгасан байдаг.

3. Банкны санхүүгийн тайлантай танилцаж байгаарай
Банкууд жил бүр санхүүгийн тайлангаа өөрийн вэб сайт дээрээ байршуулдаг ч үүнийг уншиж, ойлгоход тийм ч амар биш. Тиймээс Монголбанкнаас тавьж буй зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж буйг анхаарахад болно. Тухайлбал, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувиас доош байж болохгүй. Мөн төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 25 хувиас доошгүй байх нь тухайн банкны найдвартай байдлыг илтгэнэ.

4. Банкны системд эзлэх байр суурь:
Хэрэв таны сонгож буй банк нь банк санхүүгийн системд үзүүлэх нөлөө их, хадгаламжийн зах зээлд ихэнх хувийг эзэлдэг бол ямар нэгэн хүндрэл гарахад түүнийг заавал аварч үлдэх магадлал өндөр болно. Аврахгүй тохиолдолд банк санхүүгийн систем нуран унах юм.

5. Хадгаламжийн хүүгийн түвшинд анхаарлаа хандуулаарай
Хамгийн өндөр хүү амлаж байгаа банк мөнгө татан байршуулах маш их сонирхолтой байна гэсэн үг юм. Таны хөрөнгийг өндөр хүү амлаж байршуулаад, найдвартай зээлдэгчдэд олгож байвал тийм ч том асуудал биш. Харин “буруу гарын” этгээдэд хэт ихээр зээлдүүлэх, банкны эзэд өөрсдийн бизнестээ зүй бусаар зарцуулаад эхэлбэл, таны мөнгөн хөрөнгийн найдвартай, баталгаатай байдал тэр хэмжээгээр алдагдах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй. Ерөнхийдөө зах зээлийн дундаж хүүгийн түвшнээс хэт өндөр хүү амлаж байгаа бол түүний цаана ямар нэгэн эрсдэл нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй юм.

6. Ил тод, нээлттэй байдал.
Банкны жинхэнэ эзэд нь хэн байна вэ гэдгийг судлахад илүүдэхгүй шүү. Банкны удирдлагууд харилгагчидад хангалттай цаг зарцуулж, ил байдаг бол энэ нь банкинд ямар нэгэн асуудал тулгарсан үед удирдлагууд өөрийн нэр хүндийг дэнчин тавьж чадна гэсэн үг.

7. Мэдээллийн суваг.
Олон банкны ажилтнуудтай харилцаж, найз болоорой. Ингэснээр банкны дотор юу болж буйг мэдэх боломжтой.

8. Хүртээмж.
Өөрийн хэрэгцээндээ тохируулан хангалттай олон салбар, тооцооны төв, АТМ машин, цахим үйлчилгээ, интернэт банк болон 24 цагийн үйлчилгээний зөвлөх ажилладаг банкийг сонгоорой.

9. Бүх мөнгөө нэг сагсанд бүү хий.
Та их мөнгө хадгалуулахаар бол олон банканд мөнгөө хадгалах нь илүү аюулгүй байдаг. Мөн зөвхөн нэг банкны үйлчилгээг ашиглахыг хүсч байгаа хэдий ч тухайн банкны үйлчилгээ нь нэг эсвэл хоёр өдрийн турш тасалдах нь танд томоохон хүндрэл учруулна. Иймд та бүх мөнгөө нэг сагсанд хийхийн оронд тархаан байрлуулах нь илүү оновчтой юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: