ИНФЛЯЦИ

2020 оны 06 сарын 11
ИНФЛЯЦИ

Таван жилийн өмнө 10,000 төгрөгөөр одоогийнхоос илүү их зүйлийг авч болдог байсан. Юмны үнэ жил ирэх тусам өсөхийг инфляци гэдэг.

Жилийн инфляцийн түвшинг тухайн жилийн бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн дунджаар тодорхойлдог. Жишээлбэл, хүнс, цахилгаан, дулаан болон бусад өрхийн өргөн хэрэглээний барааны дундаж үнэ арван хоёр сарын туршид дунджаар 10% - иар өссөн бол инфляцийн түвшин 10% байна гэсэн үг. Хэрэв, инфляцийн түвшин 12% бол энэ нь тухайн жилд бараа, үйлчилгээний дундаж үнэ 12%- иар өссөнийг харуулна.

Таны амьдралд инфляци яаж нөлөөлөх вэ?

Инфляцийн улмаас та бараа, үйлчилгээг өмнө нь худалдаж авдаг байснаас илүү үнээр авахад хүрнэ.  Өөрөөр хэлбэл, таны мөнгөний худалдан авах чадвар багасдаг. Жишээлбэл, нэг жилийн өмнө 2,000 төгрөгөөр нэг шоколад худалдаж авдаг байсан бол жилийн инфляцийн түвшин 8% байхад та уг шоколадыг 2080 төгрөгөөр худалдан авах хэрэгтэй болно.

Инфляци өндөр байвал, та өмнө нь тодорхой хэмжээний мөнгөөр олон зүйл худалдан авч чаддаг байсан бол тийм хэмжээний мөнгөөр өмнөхөөс цөөн юм авна гэсэн үг. Хэрэв таны цалин инфляцийн түвшинтэй адил хувиар өсвөл (жишээлбэл, инфляци 12% -тай байхад таны цалин мөн 12%-иар өсвөл), та цалингаараа жилийн эхэнд авдаг байсан тийм хэмжээний зүйлсийг жилийн эцэст мөн худалдан авч чадна гэсэн үг. Харин таны орлого тогтсон нэг хэмжээнд байвал (жишээлбэл та тэтгэвэр авдаг бол), эсвэл, таны цалин инфляцийн түвшнээс доогуур хувиар өсвөл, та орлогоороо өмнөх жилийнхээс бага хэмжээний зүйлсийг худалдаж авах болно.  

Инфляцийн нөлөөлөлд автахгүй байж болох уу?

Инфляцийн нөлөөллөөс мөнгөө баттай хамгаалах тодорхой нэг тогтсон арга байдаггүй. Инфляцийн нөлөөллийг арилгах гэж хүмүүс хадгаламж болон хөрөнгө оруулалтыг сонгодог.  Энэ нь хадгаламж, хөрөнгө оруулалт хийх замаар мөнгөө инфляцийн хувиас илүү өндөр хувиар өсгөх арга юм. Жишээлбэл, жилийн инфляцийн түвшин 10% байхад таны хадгаламж болон хөрөнгө оруулалтаас олох орлогын өсөлт 12% байвал та тухайн жилийн эцэст өмнөх жилээс 2%-иар илүү хэмжээний худалдан авалт хийх чадвартай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та үр ашигтай хөрөнгө оруулалт хийвэл инфляцийн нөлөөлөлд автахгүй байж чадна.

Гэхдээ инфляцийн нөлөөллийг бууруулах гэж янз бүрийн арга хэрэглэх нь эрсдэлтэй. Учир нь, их хэмжээний ашиг амлаж байгаа хөрөнгө оруулалт их хэмжээний эрсдэлтэй байдаг.  Бодит амьдрал дээр эрсдэл агуулсан хөрөнгө оруулалт ашиг өгөхгүй байх тохиолдол ч бий. Иймээс та мөнгөнийхээ зарим хэсгийг, эсвэл, бүх мөнгөө баталгаатай, эрсдэл багатай хадгаламжийн дансанд хадгалуулахыг чухалчилж үзэх хэрэгтэй.  

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: