ВАЛЮТЫН ХАНШ ГЭЖ ЮУ ВЭ?

2020 оны 06 сарын 11
ВАЛЮТЫН ХАНШ ГЭЖ ЮУ ВЭ?

Валютын ханш гэж юу вэ?

Валютын ханш гэдэг нь нэг орны мөнгийг (жишээлбэл, төгрөгийг) нөгөө орны мөнгөөр (жишээлбэл, ам.доллараар) солиход хэрэглэдэг харьцаа юм. Жишээлбэл, Ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 2000 байвал 2000 төгрөгийг 1 ам.доллараар, эсвэл, 1 ам.долларыг 2000 төгрөгөөр сольж болно гэсэн үг. Бодит амьдрал дээр валютын ханш санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааран ойр ойрхон (өдөрт хэд хэдэн удаа) өөрчлөгддөг.

Монгол банкны цахим хуудастай адил [www.mongolbank.mn] валютын ханшийг хамгийн сүүлийн үеийн байдлаар харуулдаг олон цахим хуудсууд байдаг. Эдгээр цахим хуудсын тусламжтайгаар та аль нэг орны мөнгөн тэмдэгтийг ямар үнээр буюу ямар харьцаатайгаар нөгөө орны мөнгөн тэмдэгтээр сольж болохыг мэдэж чадна. (Гэхдээ яг тухайн ханшаар та валют зарах юмуу худалдан авна гэсэн үг биш юм).

Гадаад валютыг хэрхэн худалдан авах болон зарах вэ?

Монголд гадаад валютыг бэлэн мөнгөөр, харилцах дансаар, дебит болон кредит картаар худалдан авч болно. Гадаад валютыг төгрөгөөр банк, гадаад валют арилжааны газруудад (Банк бус санхүүгийн байгууллага - ББСБ) зардаг. Гадаад валютыг худалдаж авах болон зарахын өмнө тухайн валютын ханш хэд байгааг үргэлж шалгах хэрэгтэй. Валютын ханшийг ихэвчлэн самбар дээр харуулдаг.

Валютын ханшийг харьцуулан судлах нь:

Банк болон валют арилжааны газрын гадаад валютыг худалдаж авах болон зарах ханш хоорондоо өөр байдаг. Худалдаж авах ба зарах ханшийн зөрүү болон ашгаар тухайн банк, валют солилцооны газар үйлчилгээний зардлаа нөхдөг. Банк болон валют солилцооны газруудаар орж валютын ханшийг харьцуулан судалж, хамгийн боломжит ханшаар мөнгөө солилуулах нь чухал.  

  • Хэрэв та гадаад валют худалдаж авах гэж байгаа бол, харьцуулалт хийх хамгийн хялбар арга нь, та шаардлагатай хэмжээний валют худалдан авахын тулд (жишээлбэл, 500 ам.доллар) хэдэн төгрөг төлөхөө банк болон валют солилцооны газруудаас асууж харьцуулах явдал юм. Тухайн валютыг худалдан авахад хамгийн бага төгрөг шаардагдах газрыг сонгож үйлчлүүлэх хэрэгтэй.
  • Хэрэв та гадаад валют зарах гэж байгаа бол, банк болон валют солилцооны газруудаас таны зарах гэж буй гадаад валют хичнээн төгрөгтэй тэнцэхийг асууж, хялбархан харьцуулалт хийж болно. Тэгээд танд таны зарах валютын үнэд хамгийн их мөнгө (төгрөг) өгөх газраар үйлчлүүлэх хэрэгтэй.

Өөр улсад Монгол төгрөгийг тэр болгон солиулах боломжгүй байдаг.  Боломжтой байлаа ч ихэнх улсад маш бага ханшаар солино. Иймээс хэрэв та гадаадад зорчих гэж байвал тухайн очих гэж байгаа улсынхаа валютыг Монголоосоо худалдаж аваарай.  Мөн гадаадад байхдаа АТМ-с картаараа авах нь ашигтай байна. Хэрэв та гадаад улсад байхдаа АТМ-с бэлэн мөнгө авбал тухайн улсын банк, Монгол дахь банкны аль аль нь шимтгэл авч магадгүй. Иймээс гадаадад аялахаасаа өмнө харилцагч банкнаасаа АТМ-с мөнгө авах болон картаараа бараа үйлчилгээний төлбөр хийхэд хичнээн төгрөгийн шимтгэл авахыг лавлаж асуугаарай. Үүний үндсэн дээр гадаадад аль картаа ашиглавал ашигтайг та шийдэх боломжтой болно. Гадаадад кредит картаараа тухайн орны валютыг худалдаж авах нь дебит картаар худалдаж авснаас илүү үнэтэй тусдаг.

Гадаад валютыг Монголоосоо худалдаж авах нь дээр, гэхдээ нисэх онгоцны болон галт тэрэний буудалд очихоосоо өмнө худалдаж авахыг хичээгээрэй. Учир нь, нисэх онгоцны болон галт тэрэний буудалд байрладаг валют солилцооны газруудын гадаад валютын ханш өндөр байдаг. 

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: