МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ?

2020 оны 06 сарын 11

1.Төсөв зохиох

Мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхийн тулд төсөв зохиож, төсвийн дагуу зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгө санхүүгээ зөв удирдаж, амьдралаа ухаалгаар авч явахад тань төсөв чухал үүрэгтэй.

Төсөв нь таны олж буй орлого (жишээлбэл, цалин хөлс), мөнгөний зарцуулалт, хуримтлал, хадгаламжийн хэмжээг харуулдаг.

Олж буй орлогоосоо хэтрүүлж мөнгө зарцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв таны орлого хэрэгцээг тань хангаж хүрэлцэхгүй бол зээл авах шаардлага үүсдэг. Зээл авах нь зарим нэг зүйлийг худалдан авах боломж олгодог ч зээлийн хүүний нэмэлт зардал гарна. Түүнчлэн олсон орлогоосоо зээлээ төлж дуустал сар бүр зээлийн төлбөр төлөх шаардлагатай болдог.

Хэрэв таны зарлага орлогоос тань их байвал мөнгөө юунд зарцуулсан, мөн хэмнэлт хийх ямар боломж байгаа талаар бодож үзэх хэрэгтэй.  Онцын шаардлагагүй зүйлсээс татгалзаж, хэмнэлт хийж чадвал (тухайлбал, түлш бага зарцуулдаг машин жолоодох, үнэтэй ресторанд хоол идэхээ болих гэх мэт) та орлогодоо тохируулан мөнгөө зарцуулдаг болно.

Мөнгө зарцуулахаасаа өмнө танд болон таны гэр бүлд юу хэрэгцээтэй байгааг тодорхойлоорой. Тансаг хэрэглээний зүйлс худалдаж авахаасаа өмнө чухал хэрэгтэй зүйлсээ худалдаж авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ ба хүслээ ялгаж сурах хэрэгтэй.

Хэмнэлт хийх боломжийг олохын тулд хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглэж заншаарай. Орлого, зарлагаа бүртгэхдээ тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийх хүснэгт, компьютерын бэлэн програм ашиглаж болно. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал. Учир нь, өдөр тутмын бага хэмжээний зарцуулалт сар, жилийн хугацаанд тооцож үзэхэд их хэмжээний дүнтэй болсон байдаг.

Зардлаа багасгаж, мөнгөө хэмнэхийн зэрэгцээ, орлогоо өсгөх боломжийг хайх хэрэгтэй. Орлогоо өсгөснөөр хуримтлал үүсгэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.  

2020061101

  1. Хэрэгцээ ба хүсэл

Хүн амьдрахын тулд зайлшгүй хэрэглэх шаардлагатай хэрэгцээт бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:

  • Эрүүл хүнс;
  • Цэвэр ус;
  • Хувцас;
  • Байр, орон сууц;
  • Тавилга;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээ (хэрэв та өвдвөл);
  • Цахилгаан, дулаан гэх мэт орно.

Мөн зайлшгүй шаардлагатай биш боловч хүмүүс худалдаж авахыг хүсдэг бусад нэр төрлийн бараа, үйлчилгээ бий. Үүнд:

  • Загварлаг хувцас, гутал;
  • Чихэр, шоколад;
  • Рестораны хоол;
  • Тоглоом;
  • Үнэт эдлэл;
  • Үзвэр, үйлчилгээ зэрэг хамаарна.

Үүнээс гадна нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүмүүс хэрэгцээ, шаардлагын улмаас, зарим нь хүссэн учраас худалдаж авдаг бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:

  • Машин (зарим хүмүүс ажилдаа очихын тулд машинаар явах зайлшгүй хэрэгцээтэй байдаг, зарим нь хэрэгцээний улмаас биш зүгээр хүссэн болохоор машин худалдан авдаг.)
  • Ухаалаг утас (зарим хүмүүс ажил хэргийн улмаас ухаалаг утас авах зайлшгүй хэрэгцээтэй болдог, зарим хүмүүс энгийн утсаар хэрэгцээгээ хангаж болох байсан хэдий ч ухаалаг утастай болохыг хүссэн учраас худалдан авдаг.)
  • Хувцас (хүн болгон хувцас өмсөх зайлшгүй хэрэгцээтэй боловч зарим хүмүүс бусдаас ялгарахын тулд загварлаг, үнэтэй хувцас авахыг хүсдэг.)

Хүн бүх хэрэгцээгээ хангаж чадахгүй байж болно. Мөн хүссэн бүх зүйлсээ авах боломжгүй байж болно. Хэрэгцээ, хүслийг нэг дор хангах бүр ч боломжгүй. Тиймээс хамгийн чухал, хэрэгцээт зүйлд  мөнгөө зарцуулах нь чухал.

Үүний тулд танд болон танай гэр бүлд юу чухал хэрэгтэй вэ, тэдгээрийг худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байгаа эсэхийг эхлээд тооцоолно. Хэрэгцээт зүйлсээ худалдан авсны дараа мөнгө үлдвэл хадгаламждаа хийх нь зөв. Хадгалсан мөнгөө ирээдүйн хэрэгцээнд (тооцоолоогүй зүйлс, тухайлбал, эмчилгээний зардал, гэнэтийн засвар үйлчилгээнд) зарцуулж болно. Харин хангалттай хэмжээний хуримтлалтай болсон бол үлдсэн мөнгөө өөрийн авахыг хүссэн  зүйлд зарцуулж болно.

2020061102

  1. Мөнгөө зөв зохистой зарцуулах нь:

Зөвхөн өөрийн санхүүгийн боломж, нөхцөл байдалдаа тохирсон зүйлсийг худалдаж авах нь чухал. Тэгэхгүй бол өөрийн болон гэр бүлийнхээ нэн чухал хэрэгцээтэй гэсэн зүйлсийг авч чадахгүй байх эрсдэлтэй. Иймээс танд болон таны гэр бүлд маш чухал хэрэгцээтэй гэсэн зүйлсийг урьдчилан тодорхойлох хэрэгтэй.  Энэ нь  танд хүсэлдээ хөтлөгдөн хэрэгцээгүй зүйлсийг худалдан авах эрсдэлээс сэргийлэхэд тусална.

Бараа, үйлчилгээний үнэ өөр, өөр байдаг. Бараа, үйлчилгээний үнэ нь тухайн барааны өртөг ба чанараас хамаарна. (Зарим тохиолдолд өөр бусад хүчин зүйлсээс, тухайлбал, машины үнэ нь тухайн машины хэрэглээний зардлаас зарим талаар хамааралтай.)

Боломжит сонголтуудыг хооронд нь харьцуулах (өөрөөр хэлбэл, дэлгүүрүүдээр орж судлагаа хийх) нь чухал. Дэлгүүр болон бусад нийлүүлэгчдийн үнийг харьцуулж, хамгийн сайн чанартай, боломжийн үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй. Өндөр үнэтэй барааны хувьд худалдан авалт хийхээсээ өмнө сайтар судалж, харьцуулалт хийх нь зүйтэй. Ингэснээр та боломжит сонголтууд хоорондоо чанар болон үнийн хувьд ямар ялгаатай болохыг ойлгоно.

САНАМЖ: Боломжит сонголтуудыг хооронд нь харьцуулж судалснаар орлого, зарлагаа хамгийн ашигтай байлгахад тань тусладаг.

Хүнс болон бусад гэр ахуйн хэрэгцээний зүйлсийг зарим тохиолдолд бөөнөөр худалдан авах нь ойр, ойрхон бага хэмжээгээр худалдан авахаас илүү хямд тусдаг. Гэхдээ, тухайн барааг хэзээ, ямар хэмжээгээр авбал илүү ашигтай вэ? гэдгийг бодолцох хэрэгтэй. Жишээлбэл, тараг, сүү зэрэг чанараа түргэн алддаг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авбал  муудахаас нь өмнө хэрэглэж амжаагүйгээс үрэлгэн зардал гаргахад хүргэнэ.

2020061103

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: