САНХҮҮГИЙН ЛУЙВАР ЗАЛИЛАН, “SCAM” БУЮУ ХУУРАМЧ САЙТААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

2020 оны 06 сарын 11
САНХҮҮГИЙН ЛУЙВАР ЗАЛИЛАН, “SCAM” БУЮУ ХУУРАМЧ САЙТААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар байдаг бол заримыг илрүүлэхэд хэцүү байдаг.

Санхүүгийн залилан, луйврын хохирогч болсноор хүмүүс их хэмжээний мөнгөө алдаж, асар их сэтгэл санааны дарамтад ордог. Дараах зөвлөмж нь таныг болон таны гэр бүлийг луйварчид, хууран мэхлэгчдийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, зайлсхийхэд тусална.

Карт, нууц үг, нууц (PIN) кодоо найдвартай хадгалах

Бусад хүмүүс тааж чадахгүй нууц үг, нууц (PIN) код сонгох. Жишээ нь, “password” буюу “нууц үг” гэдэг үг, гэр бүлийнхээ гишүүний нэр, төрсөн он сар өдрийг ашиглахгүй байх. Данс тус бүрт өөр, өөр нууц үг ашиглах. Нууц үгээ тогтмол солих.

Хэн нэгэнд нууц үг, нууц (PIN) кодоо огт өгч болохгүй.

ЖИШЭЭ:

Хэн нэгэн танд туслах дүр эсгэн, АТМ-с мөнгийг тань авч өгье гэж санал болгоход нь та тэр хүнд карт болон нууц кодоо өгвөл тэр хүн таны данснаас мөнгө аваад танд өгөлгүй, өөрөө ашиглаж болох юм.

Нууц үг, нууц (PIN) кодоо бичиж хадгалж болохгүй.

Таны картын бүх мэдээллийг хуулж аваад хуурамч карт хийхэд ашиглаж болох учраас картаараа төлбөр төлж байхдаа хараанаасаа бүү салгаарай.

Картаараа худалдаа хийх эсвэл ATM-ээс мөнгө авах үедээ нууц үг, PIN коодоо оруулахдаа хэн нэгэнд харуулж, хуулах боломж олголгүйгээр аль болох нууж оруулах хэрэгтэй.

Хэрэв хэн нэг нь таны ПИН кодыг мэдсэн бол

Хэрэв хэн нэг нь таны ПИН кодыг мэдсэн байх гэж бодвол та тэр даруй ПИН кодоо өөрчлөөрэй.

Хэрэв та банкны карт эсвэл зээлийн эрхтэй кредит картаа алдвал

Хэрэв та аль нэг төрлийн картаа алдсан бол нэн даруй харилцагч банкиндаа мэдэгдэж, тухайн картыг хүчингүй болгуулах буюу картыг өөр хүн ашиглахаас урьчилан сэргийлэх хэрэгтэй. Хулгайд алдсан, эсвэл алга болсон картын талаар мэдээлэх утасны дугаарыг бичиж тэмдэглэж авах (ихэвчлэн таны картны ард талд байдаг) нь зүйтэй.

Компьютерээ хамгаалагдсан эсэхийг шалгах

Вирус болон “spyware”-г олж илрүүлэн устгахын тулд эдгээрээс хамгаалах програм (жишээ нь, “anti-virus” ба “anti-spyware”) болон “firewall” хамгааллыг байнга шинэчлэх буюу “update” хийх хэрэгтэй.

Хялбар таахааргүй нууц үг сонгон ашиглах замаар компьютерээ хамгаалах хэрэгтэй. Таныг ашиглаагүй үед компьютерын дэлгэц цоожлогдож, нууц үг шаардахаар тохируулга хийгээрэй. Үсэг, тоо хольж ашигласан таахад хэцүү нууц үгийг хэрэглээрэй.

Тогтмол ашигладаг цахим хуудас, жишээ нь, таны харилцагч банкны болон тогтмол худалдан авалт хийдэг дэлгүүрийн цахим хуудсыг “bookmark” хийн хадгалж, тэдгээрийн нэрийг шууд бичих, эсвэл хадгалсан линкүүдийг шууд ашиглаж байгаарай. Хэдийгээр жинхэнэ мэт санагдавч хуурамч сайт байж болзошгүй учраас цахилгаан шуудангаар танд илгээсэн цахим хуудас руу битгий хандаарай. 

Өөрийнхөө онлайн ашигладаг нууц үгийг өөр хэнд ч хэлж болохгүй. Банкууд нууц үгийг бүтнээр нь асуудаггүй, ихэвчлэн таны нууц үгээс үсэг сонгож асуудаг. Хэрэв хэн нэгэн танруу утасдаж таны нууц үгийг бүтнээр нь асуувал энэ нь хуурамч этгээд байж болох тул хэлж болохгүй. Банкны ажилтан хэзээ ч танруу утасдаж таны нууц код, эсвэл CVV кодыг (картын ард байрлах 3 оронтой код) асуухгүй.

Онлайн худалдан авалтыг нийтээр ашигладаг компьютер ашиглан хийж хэрхэвч болохгүй. Ийм компьютерүүд вирус, эсвэл “spyware”-тай байх нь элбэг.

САНАМЖ

Жинхэнэ эсэхийг нь баталгаатай мэдээгүй л бол тухайн цахим хуудсанд хувь хүний мэдээлэл, кредит карт, онлайн дансны мэдээллээ хэрхэвч оруулж болохгүй.

Банкны данс, кредит картныхаа мэдээллийг цахим шуудангаар явуулж огт болохгүй.

АТМ-тэйгээ сайн танилцах

Өөрийн тогтмол ашигладаг ATM-үүдээ сайн мэдэж байх хэрэгтэй. Ингэснээр хулгайч таны карт болон хувь хүний мэдээллийг хулгайлах төхөөрөмжийг ATM-д суурилуулсан байвал машинд гарсан өөрчлөлтийг та анзаарч чадна. Сэрэмжлүүлэг санамж байршуулсан ATM-ийг битгий ашиглаарай. Тэд гадны хуурамч этгээдийн дайралтанд өртсөн байж болзошгүй.

Хэрэв АТМ таны картыг “залгиад” эргэж гаргаж ирэхгүй бол,  эсвэл, та картаа алга болгосон бол бусад хүн таны картыг ашиглахаас сэргийлж харилцагч банкиндаа тэр даруй мэдэгдэх хэрэгтэй. Хулгайлагдсан болон алга болгосон картын талаар банкиндаа мэдэгдэхийн тулд та картын ард бичигдсэн утасны дугаарыг тэмдэглэж хадгалах нь зүйтэй.

 Онлайн худалдан авалт хийхдээ болгоомжтой байх

Ямар нэг зүйл онлайнаар худалдан авч байгаа бол тухайн цахим хуудас аюулгүй, найдвартай эсэхийг шалгаарай. Зөвхөн https:// гэж эхэлсэн цахим хуудсанд л картынхаа мэдээллийг оруулж болно. http:// гэж эхэлсэн цахим хаяг найдваргүйд тооцогддог.  “secure” буюу аюулгүй, найдвартай цахим хаяг болохыг “s” тодорхойлох учраас заавал https:// байх ёстойг санах хэрэгтэй. Түүнчлэн найдвартай, аюулгүй цахим хаягийн өмнө цоожны зураг байх ёстой.

Хувийн мэдээллээ найдвартай хадгалах

Хэрэв та хувийн дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан баримт бичгийг устгах гэж байгаа бол (жишээ нь, кредит картын мэдээлэл бүхий баримт) хогийн саванд хийхээсээ өмнө шатаах, эсвэл баримт бичиг устгадаг машинаар жижиглэн устгах хэрэгтэй.  

Танд хэрэгтэй бүх баримт бичгийг найдвартай газарт хадгалаарай.

Дебит болон зээлийн эрхтэй кредит картуудаа найдвартай газарт хадгалаарай.

Банкны хуулгаа шалгах

Танд илгээсэн банкны хуулга, кредит картын гүйлгээний тайлан тус бүрийг сайн шалгаж, таны хийсэн, гүйлгээ, орлого зарлага мөн эсэхийг хянаарай. Үүнийг шалгахын тулд та өөрөө орлого, зарлагаа тооцож тэмдэглэл хөтөлдөг байх нь зүйтэй.  Тухайн банкны хуулга алдаатай мэт санагдах, эсвэл банкны зарим суутгал шимтгэлийг ойлгохгүй байгаа бол нэн даруй харилцагч банкиндаа хандаж, тодруулаарай.

Хуулга алдаатай бол банк тухайн алдааг гаргасан гэсэн үг. Гэвч заримдаа луйвар, залилангийн үйл ажиллагааны улмаас ийм зүйл тохиолдох нь бий. Иймд банкны хуулга, кредит картын гүйлгээний тайлангаа хойшлуулалгүй шалгаж байх нь чухал. Хэрэв та өөрийгөө луйвар, залилангийн хохирогч болсон гэж үзэж байвал харилцагч банкиндаа нэн даруй мэдэгдсэнээр банк таныг нэмж мөнгө алдахаас сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авахад тусална.

Хилийн чанадад байгаа хэн нэгэнд мөнгө шилжүүлэх

Хэрэв та хилийн чанадад байгаа хэн нэгэнд мөнгө шилжүүлбэл тухайн хүнд мөнгө шилжүүлсэн тухайгаа даруй мэдэгдээрэй. Мөнгө хүлээн авсан тухайгаа баталгаажуулж мэдэгдэхийг түүнээс хүсээрэй. Таны шилжүүлсэн мөнгө 7 хоногийн дотор хүлээн авагчид очоогүй бол энэ тухай банкны, эсвэл мөнгө шилжүүлэх үйлчилгээний ажилтанд утасдаж мэдэгдэнэ үү.

САНАМЖ

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бараг л худал гэсэн үг!

  Хэрэв та луйвар залилангийн хохирогч болсон бол юу хийх вэ?

Хэрэв та санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон бол санаа зовох хэрэггүй. Энэ тухайгаа холбогдох газар мэдээлэх хэрэгтэй. Ийнхүү мэдээлснээр, тө өөрийнхөө хохирлыг бүрэн, эсвэл зарим хэсгийг эргүүлэн олж авах болон бусад хүмүүсийг ижил төрлийн санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд туслана. 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: