ИНТЕРНЕТ ДЭЛГҮҮРЭЭС БАРАА ХУДАЛДАН АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

2020 оны 06 сарын 11

Интернетээр юм худалдаж авах нь үнийн харьцуулалт хийх, барааг хямдруулж авах, хүссэн ховор бараагаа олж авах зэрэг давуу талтай. Мөн бараа, үйлчилгээ нь 24 цагийн турш нээлттэй байдаг бөгөөд тухайн барааны талаар бусад худалдан авагчийн санал сэтгэгдлийг унших боломжтой.  Эдгээр давуу талын зэрэгцээ эрсдэл байдгийг санаарай.

Хамгийн боломжийн үнээр бараа, үйлчилгээг худалдан авах нь

Ямар нэг зүйлийг худалдан авахаасаа өмнө ялангуяа, өндөр үнэтэй бараа, үйлчилгээг худалдан авах гэж байгаа бол үнийн харьцуулалт хийх хэрэгтэй. Тухайн барааг хамгийн боломжийн үнээр худалдаж авахын тулд өөр дэлгүүрүүдэд, мөн интернетэд ямар үнээр зарагдаж байгааг сонирхож үзэх нь чухал. Интернет дэлгүүрээс авч байгаа барааны үнэд шуудангийн ба баглаа боодлын зэрэг зардал нэмэгдэж болохыг тооцох хэрэгтэй.

Интернетээр бараа худалдан авахын дутагдалтай талууд

Интернетээр худалдаж байгаа бараа хамгийн хямд үнэтэй байж болно.  Гэхдээ та худалдаж авч буй зүйлээ өмсөж үзэх боломжгүй, мөн гэмтэлтэй болон таалагдаагүй барааг буцаахад тийм ч хялбар биш байна. Үүнээс гадна, эрсдэлтэй ялангуяа, олны танил биш цахим хуудсаар дамжуулан худалдан авалт хийвэл дараах эрсдэл учирч болно. Үүнд: Тухайн бараа хугацаанаасаа хоцорч ирэх, зарим тохиолдолд огт ирэхгүй байх, сурталчилгаан дээрхээс өөр бараа ирэх гэх мэт. Мөн зарим тохиолдолд интернетээр бараа худалдан авах үедээ бусдын заль мэхэнд өртөх магадлалтай.

Интернет дэлгүүрээс бараа худалдаж авахдаа банкны карт ашиглах нь

Интернетээс бараа худалдаж авахын тулд та ямар нэг төрлийн карттай байх ёстой. Интернетээр төлбөр хийхэд таны картын 16 орон бүхий дугаар, хүчинтэй хугацаа, карт эзэмшигчийн нэр, зарим тохиолдолд CV код (картын арын тооны сүүлийн гурван тоо) хэрэг болдог.

Өөр хүмүүс картыг тань ашиглаж худалдан авалт хийхээс болгоомжлон та картаа хямгадаж, найдвартай хадгалах нь чухал.

Санал сэтгэгдлүүдийг унших нь

Худалдаж авахаар сонирхож буй барааны талаар бусад худалдан авагчид, мэргэжилтнүүд юу бичсэнийг сонирхож, тэдний санал сэтгэгдлийг унших хэрэгтэй. Мөн тухайн барааг зарж буй худалдаалагчийн талаарх санал сэтгэгдлийг уншихад илүүдэхгүй. Энэ нь тухайн барааны чанар, хэрэгцээг мэдэхэд тань тусална.

Интернетээр аюулгүй худалдан авалт хийх

Таны сонирхсон барааг зарж буй компанийн тухай мэдээллийг шалгах хэрэгтэй. Хэрэв холбоо барих хаяг дээр зөвхөн гар утасны дугаар тавьсан, компанийн байршлыг тодорхой заалгүй шуудангийн хайрцагны хаяг тавьсан байвал болгоомжлох хэрэгтэй.

 

Таньж мэдэхгүй эсвэл эргэлзэж байгаа компаниас бараа худалдан авахгүй байх Таны итгэл даасан хэн нэгэн хүн санал болгоогүй л бол тэднээс юм худалдаж авахгүй байх хэрэгтэй.

Санал сэтгэгдлүүдийг унших

Таны худалдаж авахыг хүссэн барааг зарж байгаа худалдаалагчид, мөн тухайн барааны талаарх санал сэтгэгдлийг унших хэрэгтэй. Хэрэв тухайн худалдааны байгууллагаас урьд өмнө бараа худалдан авч байгаагүй бол түүний талаарх мэдээллийг олж мэдэх,  худалдан авагчдын санал, сэтгэгдлийг уншиж сонирхох хэрэгтэй.

Бараа бүтээгдэхүүний онцлог шинжийн талаар сайтар унших хэрэгтэй. Хэт хямд үнэтэй байвал болгоомжлох нь зөв. Учир нь, тухайн барааг сэргээн засварласан, эсвэл, хэрэглэсэн байж болно. Мөн  хүргэлтийн үнийг тухайн барааны үнэд тусгаагүй байж болно.

Барааг худалдаж авахаасаа өмнө худалдан авалтын нөхцөлүүдийг сайн унших хэрэгтэй. Ялангуяа, дараах нөхцөлүүдийг шалгах нь зүйтэй. Үүнд:

  • Баталгаат хугацаа, буцаан олголт, худалдан авалтыг хүчингүй болгох нөхцөл;
  • Хүргэлтийн хугацаа;
  • Барааны үнэд хүргэлт, баглаа боодол, татварын зардал орсон эсэх. Хэрэв ороогүй бол энэ бүхнийг багтаасан барааны нийт үнэ хэд болохыг тодруулах.

Тухайн цахим дэлгүүр хувийн мэдээллийг нууцалдаг эсэх, мөн бараа буцаалтын нөхцөлтэй танилцаарай. Барааг худалдаж байгаа байгууллага цахим хуудсандаа худалдан авсан бараандаа сэтгэл хангалуун биш бол яах ёстой, мөн таны хувийн мэдээллийг бусдад өгдөг эсэх талаар бичсэн байх ёстой. Учир нь, таны мэдээллийг бусдад задруулснаас хүсээгүй, таагүй үр дүн гарч болно.

Бараа захиалгын баримтын өөрт үлдэх хувь болон худалдаалагчаас танд илгээсэн мессеж (жишээлбэл, таны барааг илгээлээ гэсэн цахим шуудангаар ирсэн мессеж) зэргийг хэвлэж эсвэл, компьютерын санах байгууламжид хадгалаарай.

Хэрэв та гадаад улс оронд байдаг компаниас бараа худалдаж авах гэж байгаа бол валют хөрвүүлэхэд авах шимтгэлийг эхлээд тооцож үзэх хэрэгтэй.

Бараагаа ирмэгц тэр даруй онгойлгож шалгаж үзээрэй. Таны захиалсан бараа мөн эсэх, өө сэвгүй бүрэн гүйцэд эсэхийг нь шалгаарай. Хэрэв ямар нэг гэмтэлтэй, бүрэн бус бараа байвал худалдагчид тэр дор нь мэдээлж, бараагаа үнэ төлбөргүй солиулах хэрэгтэй.

Цахим худалдан авалт хийхэд зориулан банкинд цалингийн болон бусад орлогын данснаас тусдаа данс нээлгэх хэрэгтэй.  Уг данс нь тусдаа карттай, ойрын хугацаанд интернетээр бараа худалдан авахад л зориулсан хязгаарлагдмал хэмжээний мөнгөний үлдэгдэлтэй байвал зохимжтой. Хэрэв хэн нэгэн залилагч этгээд таныг худалдан авалт хийсний дараа таны данс юмуу картыг ашигласан тохиолдолд та бага хэмжээний мөнгө л алдана.

Дансны болон картынхаа хуулгыг шалгах. Таны данснаас гарсан мөнгө таны интернетээр худалдан авсан барааны үнэтэй тэнцэж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Үүний тулд та харилцагч банкныхаа интернет болон мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэх нь зүйтэй. Тэгвэл та дансанд орж буй болон данснаас гарч буй мөнгийг хянаж, ямар нэг сэжигтэй гүйлгээг тэр дор нь мэдэх боломжтой болно.

Хэрэв та ямар нэгэн сэжигтэй гүйлгээ хийгдсэн, алдаа гарсан гэж үзвэл харилцагч банкиндаа тэр даруй мэдээлэх хэрэгтэй.

Та картын зарлагын гүйлгээнд хязгаар тогтоож болох эсэх талаар харилцагч банкнаасаа лавлаарай. Жишээлбэл, хэрэв та нэг удаад хамгийн дээд тал нь 200000 төгрөгийн худалдан авалт интернетээр дамжуулан хийнэ гэсэн хязгаар тогтоолгож болох юм.  Та 250000 төгрөгийн үнэтэй бараа худалдан авахын тулд харилцагч банк руугаа утасдаж хязгаарын дээд хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл, та өөрөө интернет банкны үйлчилгээг ашиглан тохиргоо хийж болно. Энэ нь хүслээ дагаж, сэтгэлийн хөөрлөөр үнэтэй болон онцын хэрэгцээгүй зүйл худалдан авахаас сэргийлнэ.

Картын дансанд нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг сонгохдоо хүмүүс тааварлахын аргагүй онцлог нууц үгийг сонгоорой. Жишээлбэл, “нууц үг” гэсэн үгийг нууц үгээ болгон сонгохгүй байх, эсвэл, гэр бүлийнхнийхээ хэн нэгний нэр, төрсөн он сар өдрийг нууц үг болгон хэрэглэхгүй байх нь таны нууц үгийг бусад этгээд мэдэж ашиглахгүй байхад тусална.

Таны компьютер бусад этгээд чөлөөтэй нэвтэрч, ашиглахаас хамгаалагдсан байвал зохино.  

Баталгаатай, аюулгүй л биш бол цахим хуудсанд дансны болон картын мэдээлэлээ оруулж болохгүй. Тухайн цахим хуудас жинхэнэ эсэхийг шалгахын тулд та нэвтрэх нэр, нууц үгээ буруу хийгээд үзээрэй. Хэрэв тухайн цахим хуудас жинхэнэ бол таны нэвтрэх нэр, нууц үг буруу байна гэсэн хариу өгнө. Хэрэв тухайн цахим хуудас https:// гэж эхэлсэн бол банк болон картынхаа мэдээллийг оруулж болно. Харин http:// гэж эхэлсэн байвал болгоомжлох хэрэгтэй. Цахим хуудас “s” буюу “аюулгүй” гэсэн тэмдэгтийг заавал агуулж (https:// гэж) байх ёстой. Мөн “аюулгүй” гэдгийг илтгэсэн цоожны зураг байх ёстой.

Тухайн барааны үнэ нь ижил төстэй бусад бараанаас харьцангуй хямд байвал болгоомжлох нь зүйтэй. Залилан мэхлэгсэд хүмүүсийн анхаарлыг татахын тулд хэт хямд үнийг санал болгодог.

Яарах хэрэггүй. Хэрэв та тухайн барааг худалдаж авах эсэхдээ эргэлзэж байвал, эсвэл, тухайн барааг зарж буй хүнд итгэхгүй байвал, худалдан авалт хийхгүй байх нь зөв.

САНАМЖ

Итгэмээргүй хямд сонсогдож байвал, итгэж болохгүй!

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: