Өмнөговийнхны 'барьж, имэрч' үздэг баталгаатай хяналт

2021 оны 11 сарын 18

Аливаа уул уурхайн төсөл нь компани болон орон нутгийн иргэдийн харилцан итгэлцэлд тулгуурлаж байж урт хугацаанд амжилттай хэрэгждэг билээ. Ялангуяа олон жил өгөөжөө өгөх том төслүүдэд ард иргэдийн оролцоотой харилцан итгэлцлийг бий болгох нь нэн чухал. Компани, нутгийн иргэдийн дунд итгэлцлийг бодитоор бий болгож байгаа сайн жишгийг Ханбогдын иргэд, малчид “Оюу толгой” компанитай хамтран хэрэгжүүлж буй ажлаас нь харж болохоор байна. Тодруулбал, тус сумын иргэд, малчид, уул уурхайн үйлдвэрлэл байгаль орчин, ус, агаарт өөрчлөлт орж байгаа эсэхэд өөрсдөө хяналт ажиглалт хийж, жинхэнэ амьд бөгөөд “барьж үзэж” болдог хяналтын тогтолцоог бүрдүүлжээ.

“Оюу толгой” компани 2011 оноос нутгийн малчидтай хамтран “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, үнэлгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Түүнчлэн, 2018 оноос иргэд, малчид нэгдэн “Мөнх Ногоон Галба” төрийн бус байгууллагыг байгуулан, “Оюу толгой” компанитай хамтран энэхүү хөтөлбөрийг дараагийн түвшинд гарган, хяналтыг бие даан гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд, малчид хүн, малын ундаалж байгаа 83 худгийн усны түвшинд гурван хоног тутамд хэмжилт хийж, “Мөнх Ногоон Галба” төрийн бус байгууллага хэмжилтийн мэдээллийг боловсруулж тайлан гаргана. Харин “Оюу толгой” компани малчдын худагт сард нэг удаа хэмжилт хийдэг аж. Ингээд малчид цуглуулсан мэдээллийг “Мөнх ногоон галба” ТББ  сар бүр Оюу толгойн усны мэргэжилтнүүдтэй солилцож, байгаль орчны үнэлгээний хяналтаа баталгаажуулдаг байна. Малчдын ундны усанд уурхайн үйлдвэрлэл нөлөөлж байна уу, усны түвшин багасаж, ихсэж байна уу гэдгийг иргэд өөрсдөө хянадаг гэсэн үг. Мөн малчдын ундны усаа авдаг худгаас жил бүр дээж авч, Улаанбаатар хотод итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, ахуйн хэрэглээний усны чанарыг иргэдэд мэдээлдэг юм.

-Шинжлэх ухааны доктор, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Геологи Уул уурхайн сургуулийн Гидрогеологи, Геоэкологийн салбарын зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Н.Батсүх: Малчдын ундны усны худаг “Оюу толгой” компанийн олборлож байгаа гүний хоолойн усны хооронд ямар ч холбоо байхгүй гэдэг эрдэмтдийн судалгааны дүгнэлт гарсан.

Малчид газрын гадаргаас голдуу 2-3 метр гүнээс усаа татаж, газрын гадаргаас бага гүнд, уулын ам, сайруудад хуримтлагдсан хөрсний усаар ундаалж байна. Харин Оюу толгойн ашиглаж байгаа ус нь газрын гадаргаас 300-400 метрийн гүнээс буюу шавран үеэр тусгаарлагдсан эрдэсжилт ихтэй ус юм. Үүнийг хүн, мал ундандаа шууд хэрэглэх боломжгүй, эрдэсжилт ихтэй гэдгийг тогтоосон.

2011-2018 оны хооронд малчдын өөрсдийнх нь хийсэн усны хяналт шалгалтыг “Оюу толгой” компанийн мэргэжилтнүүдийн хийсэн хэмжилттэй харьцуулахад усны түвшин 2011 оноос хойш багасаагүй, хур бороотой үед  нэмэгдэж байгаа хэмжилтүүдийн үр дүн давхцаж байгааг графикаас харж болохоор байна.

Мөн сүүлийн найман жил Ханбогд суманд малын тоо толгой болон хүн амын төвлөрлийг дагаж усны хэрэглээ нэмэгджээ. Иргэд, малчдын ус ашиглалтын төрөл ч олширсон аж. Жишээ нь, ногоо тарих, бусад байгууллага, зам ангиуд усаа татаж авдаг болсон. Гэхдээ худгийн усны ундарга багасаагүй,  хур тунадас ихтэй жил нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

-"Мөнх Ногоон Галба” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Буянтогтох: Уул уурхайн ашиглалтын нөлөөллөөс болж Галба нутгийн минь ус, ургамал, амьтан, агаарын чанарт өөрчлөлт орж байгаа эсэхэд хяналт тавихаар Ханбогд сумын иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэн энэхүү ТББ-ыг байгуулсан. Бид байгаль орчны мониторингоос усны асуудлыг нэгд чухалчлан авч үздэг.

Иргэд, малчдын ундаалж байгаа хөрсний ус бол хурын шимээр тэжээгдэж, газартаа багахан нөөцтэй бөгөөд энэ усыг үйлдвэрлэлд ашигладаггүй. Тиймээс бид өөрсдийн ашигладаг усандаа сайтар хяналт тавьж, Галбын говьдоо мянга, мянган жил амьдрал үргэлжлэх нөхцөлийг хадгалах зорилго тавин ажилладаг. Малчин 83 өрх өөрсдийн гар худагтаа хэмжилт хийхээс гадна, “Оюу толгой” компанийн ашигладаг гүн өрмийн 28 усны цооногийн усны хэмжилтэд малчдаа зохион байгуулан хамтарсан хяналт шалгалт хийдэг. Нарийн мэргэшсэн хүмүүсээс зөвлөгөө авч,  тогтоосон арга зүйн дагуу хэмжилт хийдэг.

-Ханбогд сумын Гавилууд багийн малчин М.Пүрэвдорж: Манайх 2014 оноос усны хяналт шалгалт хийх хөтөлбөрт оролцож, өөрсдөө хяналт тавьж байна. Усны хэмжилтээ сар болгоны сүүлээр “Мөнх Ногоон Галба” ТББ-д хүлээлгэн өгдөг. Хур тунадас ихтэй жил усны ундарга мэдэгдэхүйц нэмэгддэг. 

-Ханбогд сумын Баян багийн малчин Г.Сүх: Гурав хоноод мал уухаас өмнө усаа хэмждэг. Өөрсдөө хэмждэг болсноор усны түвшин хэр зэрэг дээшилж, доошилж байгааг мэддэг боллоо.

Энэхүү хамтын оролцоотой хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зөвхөн “Оюу толгой” компанийн хийж буй усны хэмжилтээр хязгаарлахгүй, иргэд өөрсдөө хянаж мэддэг болж, талуудын харилцан итгэлцэл батжиж, тогтвортой түншлэлийн харилцааг бий болгож чадсаныг “Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцааны мэргэжилтэн Х.Ганбат онцолж байв.

Өмнөговийнхон бол нутгийнхаа эзэд нь. Тэд төрсөн нутгаа эко байдлаар нь хамгаалж, авч үлдэхийн тулд үнэнийг л хэлнэ, үнэнээр нь хэмжинэ, үнэнээр нь хянана.  

Амьд явах эрх, амьдрах нутаг юу юунаас үнэтэй бөгөөд эрхэм билээ. Монголчууд ярьдаг даа. Баталгаатай нь дээр, “нүдээрээ харъя, өөрөө барьж үзье” гэж. Тэгвэл Ханбогдынхон хүн малынхаа хэрэглээний усыг өөрсдөө “барьж, имэрч” үздэг баталгаатай хяналттай болжээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: