ТАЛАРХАЛ

2021 оны 11 сарын 26
Тэнэгэр говийн тэнхээт хүлэг тэмээн сүргээ хамгаалах, өсгөн үржүүлэх, дэлхийд таниулах, алдаршуулах нөр их үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа эрхэм хүндэт тэмээчид, уяачид, уралдааныг зохион байгуулагчдадаа бүгдэд талархлаа.
Өмнөговь аймаг нь Монгол улсад төдийгүй Дэлхийд алдартай Галбын улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн хоёр бөхт тэмээний өлгий нутаг билээ.
Дэлхий дээрх нийт тэмээний 90 хувийг ганц бөхт, 10-хан хувийг хоер бөх тэмээ эзэлдэг бөгөөд хоер бөхт тэмээний цөм нь Монгол улс юм.
Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөх, хамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг төр болон төрийн бус байгууллагууд зохион байгуулсаар ирсэн. Өмнөговь аймгийн "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо"-ны тэргүүн Х.Түмэндэлгэр хэсэг нөхдийн хамтаар 1997 оноос эхлэн сумдад тэмээний баяр зохион байгуулж эхэлсэн нь, улам боловсронгуй болж, цар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр дэлхийд данстай аялал жуулчлалын томоохон эвент болж чадсан билээ. Гэвч Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бидний бахархал уламжлал, соёлын нэгэн гайхамшиг болох Тэмээний баяр, Хурдан тэмээний уралдаан зэрэг арга хэмжээ 2 жилийн турш тасалдсан хэдий ч өнөөдөр бид дахин Тэмээн сүргээ цуглуулж эрдэнэт энэ сайхан сүргийнхээ ид хавийг гайхан биширч 2 өдрийн туршид сайхан наадлаа.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 2004 онд "Тэмээ хамгаалах сан"-г байгуулж, Өмнөговь аймгийн тэмээчдийнхээ бойжуулсан ботго бүрт мөнгөн урамшуулал олгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь малчдын дунд "Ботгоны мөнгө" хэмээн алдаршиж, тэмээний тоо толгойн өсөлтөнд бодитой хувь нэмрээ оруулсан билээ.
2015 онд нэг ижил зорилго бүхий "Тэмээ хамгаалах сан" болон "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо"-нууд нэгдэж, "Тэмээн соёл уралдааны холбоо"-г үүсгэн байгуулсан билээ. Манай холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн хоёр бөхт тэмээгээ дэлхийд сурталчлах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. 2015 онд Монгол улсын Засгийн газар "Ботго авахуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь тэмээн соёлыг дэлхийд таниулах томоохон ажил боллоо.
2016 онд Өмнөговь аймагт "Монгол тэмээ-999" арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номонд бүртгүүллээ.
Мөн дэлхийн хэмжээний хурал чуулганд идэвхтэй оролцсоноор Монгол Улс Азийн Тэмээн уралдааны холбоо болон Олон Улсын Тэмээн Уралдааны Холбоог үүсгэн байгуулагч орны нэг боллоо.
Дэлхий дээрх нэг бөхт болон хоёр бөхт тэмээг хамгаалах холбоодын эгнээнд Монгол улсаа нэгтгэж чадсан нь манай холбооны хамт олны түүхэн бахархалт амжилт юм.
Өвөг дээдсийн минь мах, сүү, ноос, арьс ширийг нь амьдрал ахуйдаа хэрэглэж, уналга эдэлгээний зориулалтаар адгуулан өсгөдөг байсан хоёр бөхт тэмээ маань өнөөдөр спорт, аялал жуулчлалын салбарынхны анхаарлыг татан, дэлхийд гайхагдаж эхэлсэн нь тэмээнд хайртай хүн бүрийн олон жилийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүн билээ.
2019-онд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор өмнийн цэнхэр говь нутагт анх удаа "Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан" зохион байгуулагдаж байлаа.
2021 оны 11-р сарын 25,26 ны өдрүүдэд "Тэмээний уралдаан 2021" наадам амжилттай болж өндөрлөлөө. Оролцсон, үзэж сонирхсон, бэлтгэл ажлыг хангасан та бүхэндээ дахин #Талархал илэрхийлье!
Их говийн эрдэнэ болсон тэмээн сүрэг маань түм бумаар өсөн үржиж, тэмээчин олон та бүхний минь алдар суу, сүлд хийморь мөнхөд бадрах болтугай.
Хүндэтгэсэн: Өмнөговь аймгийн Засаг дарга, Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж
2021.11.26
  
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: