Засаг дарга

2016 оны 11 сарын 12

       Өмнийн цэнхэр говийнхоо ажилч хичээнгүй ард иргэд та бүхэндээ төрийн захиргааны байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. 

        2020 онд орон нутгийн сонгууль амжилттай болж, иргэд сонгогчдынхоо итгэл, дэмжлэгтэйгээр орон нутгийн төр, захиргааны байгууллагын эрх барих хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг аймгийн Ардчилсан нам хүлээн авсан түүхэн үе тохиолоо.

      2020 оны хувьд дэлхий нийтэд дэгдсэн аюулт цар тахлын улмаас гадаад дотоодод улс, орны хөгжлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эдийн засаг, нийгмийн болон үйлдвэрлэл үйлчилгээний салбар, иргэдийн амьдралд үлэмж хэмжээний хүндрэл бэрхшээл бодитоор бий болж, тэдгээрийг даван тулах арга хэмжээг нөхцөл байдалдаа тохируулан үе шаттайгаар хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрч байна.

         Монгол Улс түүхэнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед Өмнөговь аймгийн Засаг даргын хариуцлагатай албанд томилогдон, нэн тэргүүнд аюулт цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, Монгол Улсын эдийн засгийн гол бүс нутаг болсон Өмнөговь аймгийг эрсдэлгүй “Ногоон бүс” байлгах улсын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх  ажлыг бүс нутгийн хэмжээнд төлөвлөн, холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэйгээ хамтран ажиллаж байна.

        Үүний зэрэгцээ аймаг, орон нутгаа хөгжүүлэх бодлого, шийдвэрээ боловсруулан аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны “НУТГИЙН ХИШИГ” мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна. Мөн аймгийн 2021 оны төсвийг  228.6 тэрбум байхаар батлууллаа.

            Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны “НУТГИЙН ХИШИГ” мөрийн хөтөлбөр нь 5 бүлэг, 27 зорилт, 195 заалттай хэрэгжих бөгөөд гол агуулга нь Монгол орны хөгжлийн гарц нь болсон говь нутагт төрсний хувьд,Өмнөговьчууд давуу эрхтэй байж байгалийнхаа баялгаас шударгаар хувь хүртэх, ажилтай орлоготой чинээлэг давхаргыг нэмэгдүүлэх, технологийн дэвшлийг нутагшуулах, нутгийн үйлдвэрлэгч-нутгийн бренд үйлдвэрлэл, дэд бүтцэд суурилсан орон нутгийн хөгжил, ногоон хөгжил-байгалийн өгөөж, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг гол зорилтуудыг ханган, Даланзадгадыг улсын зэрэглэлтэй 4 дэх хот болгон хөгжүүлэхэд оршино.

          Энэхүү мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд аймгийн төр, захиргааны байгууллага, нэгж, ажилтан бүрийн хамтын идэвх оролцоо, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг туслалцаа хамгийн үнэтэй тулах хүч байх болно. 

         Энэ жил Өмнөговь аймгийн хэмжээнд нийт нутгийн 70 хувь нь зуншлага тааруухан байсны улмаас одоогийн байдлаар нийт нутгийн 80 хувьд нь өвөлжилт хаваржилт хүндэрч байгааг үндэслэн малчдад туслах, өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байна. Мөн улс, орон нутгаас хамтран уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тасалдуулахгүй байлгах бүхий л талын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.  

         Өмнөговьчууд бид нэгдмэл зорилго, тэсвэр хатуужил, хариуцлага сахилгатай байж сэтгэлийн хүч, итгэлийн зориг, эвийн хүчээр цар тахлын болон цаг уурын хүндхэн цаг үеийг даван гарч, ирэх он цагийн сайхан бүхэнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Говь нутаг минь өдрөөс өдөрт өргөжин хөгжиж,

хүн ард минь эрүүл энх, амар амгалан амьдарч

байхын ерөөл өргөе.

 

Аймгийн Засаг дарга         Р.Сэддорж

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: