ШИНЭ ТЕАТР АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2022 оны 07 сарын 01
ШИНЭ ТЕАТР АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Говь нутагт минь 850 хүний суудалтай шинэ театрын үүд хаалгыг нээж буй түүхэн цаг үе өнөөдөр тохиолоо.
УИХ-ын гишүүд, Соёлын дэд сайд болон яамны газар, хэлтсийн дарга нар, Монгол Улсын ардын жүжигчин, гавьяат жүжигчид, театрын нийт уран бүтээлчид, ХЖТ-ын шинэ барилгыг барьж байгуулсан гүйцэтгэгч компаний хамт олон, нутгийн ард иргэд нээлтийн ёслолд оролцлоо.
1931 онд Өмнөговь аймаг байгуулагдахад зэрэгцэн улаан гэрээс анх байгуулагдаж Хөгжимт жүжгийн театр хүртлээ өсөн дэвжиж, өргөжин хөгжиж өнөөдөр 91 жилийн түүхэн ойн босгон дээрээ шинэ театраа хүлээн авч байна.
Аймаг орон нутгийн төсвийн 16.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан 850 хүний суудалтай дахин давтагдашгүй архитектурын өвөрмөц шийдэл бүхий бүрэн цутгамал зоорийн давхраас гадна 7 давхар барилгатай дүйцхүйц өндөртэй 4 давхар энэхүү барилгын зураг төсвийг ур чадвараа шингээж бүтээсэн “Балданс” ХХК-ийн хамт олон, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Жи Жи Ай” “Энхбодиз”, “Воком” ХХК болон туслан гүйцэтгэгчээр ажилласан орон нутгийн бусад аж ахуй нэгж, нийт ажилтан, албан хаагчиддаа аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын хамт олны зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.
​Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театраас түүхийн 91 жилийн хугацаанд арван долоон Монгол Улсын гавьяат жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, олон арван Соёлын тэргүүний ажилтнууд, урлаг соёлын алдартнууд төрөн гарч, говь нутаг төдийгүй Монголын ард түмэнд авьяас чадвараа толилуулсаар явна.
Хөгжимт жүжгийн театр маань түүхэн он жилүүддээ мэргэжлийн уран бүтээлээ туурвиж ард олныг соён гэгээрүүлэх оюуны хөтөч байх эрхэм зорилгоо биелүүлж, үзвэр үйлчилгээний цар хүрээг улам нэмэгдүүлэхээр үзэл баримтлал, мастер төлөвлөгөө, дунд хугацааны бодлогын баримт бичиг болох стратеги төлөвлөгөөгөө аймгийн ИТХ, Засаг даргаар батлуулан ажиллаж байна.
Манай говь нутгийн түүх, соёл, уламжлалт ёс заншил, амьдралын хэв шинжийг агуулсан дуулалт жүжиг, жүжиг, хөгжим, бүжиг, хүүхдэд зориулсан уран бүтээлийг мэргэжлийн түвшинд туурвин иргэдэд үйлчилж соён гэгээрүүлэх шинэ зорилт тавин стратеги төлөвлөгөөндөө тусган, хэрэгжүүлэхээр болсон билээ.
​Шинэ театр үйл ажиллагаа явуулж эхэлснээр бүтэц орон тоо нэмэгдэж мэргэжлийн уран бүтээлчдийг орон нутагтаа ажиллуулах орчин нөхцөлийг сайжруулан нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Соёл урлагийн салбарт дутагдалтай байгаа мэргэжлийг, орон нутгийн оюутны сургалтын тэтгэлэгт хамруулан бодлогоор дэмжин ажиллаж байна.
​Уран бүтээлчдийнхээ авъяас чадварыг хөгжүүлж, олон улсын чанартай нэр хүнд бүхий фестиваль наадмуудад амжилт гарган оролцох бүхий л боломжийг нээн олон улсад таниулахыг зорьж байна.
​Ийнхүү оюун санаа зүрх сэтгэлийн ариун сүм болсон гэгээн ордон, аймгийн хөгжимт жүжгийн театрын нээлтийн үйл ажиллагаа зуны дунд сарын шиний 1-ний билэгт өдөр өргөн дэлгэр боллоо.
 
 
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: