ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 90,91 ЖИЛИЙН ОЙД...

2022 оны 07 сарын 01
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 90,91 ЖИЛИЙН ОЙД...
 
Өмнөговь аймгийн #Анхны дарга
Жамсрангийн САМБУУ /1895-1972/
Богд хан уулын аймгийн Дэлгэрхангай, Хоёр-Өлзийт, Шанхай, Хутаг уулын хошууд Цэцэрлэгмандал уулын аймгийн Гурвансайхан уулын хошуунаас 1931 онд эмхлэгдэн зохион байгуулагдсан Өмнөговь аймгийг эдүгээ хүртэл Аймгийн дарга, Аймгийн ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, аймгийн засаг даргаар 21 хүн ажиллаж говь нутгийн хөгжлийн төлөө үйл хэрэг, удирдах ур чадвараа зориулжээ.
Аймгийн анхны дарга Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу Бадаргуулт төрийн 21 дүгээр, Монгол он тооллын 15 дугаар жарны 29 дүгээр он буюу нийтийн он тооллын 1895 оны зургадугаар сарын 27 ны өдөр "Түшээт хан" аймгийн Говь түшээ гүний хошууны тайж Чимиддаваагийн хамжлага малчин ард Жамсран, Балжин нарын гэр бүлд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны “Гурван хүрийн дэнж” гэдэг газар мэндэлжээ.
Ж.Самбуу 1903 онд нутгийн сайн бичээч Дугарсүрэнд шавь орж үндэсний бичиг үсэгт гэгээрч, Нийслэл хүрээний Түмтийн өртөөнд улаач хийж, их хөдөлмөрийн замд орсон түүхтэй.
1921 оноос Монгол төрийн албанд шилжиж, Сангийн яамны бичээч, нягтлан бодогч түшмэл, эрхэлсэн түшмэл, хошууны бичээч зэрэг ажил хийж байгаад 1930 онд Богд хан уулын аймгийн дарга, 1931 оноос Өмнөговь аймгийн дарга, 1932 оноос Өмнөговь аймгийн шүүхийн дарга, 1934 оноос Мал тариалангийн яамны хэлтсийн дарга,1937 оноос БНМАУ-аас ЗХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, 1946 оноос Гадаад явдлын яамны хэлтсийн дарга, 1950 оноос БНМАУ-аас БНАСАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 1953 оноос ЗХУ-тай соёлоор харилцах, Монголын нийгэмлэгийн орлогч дарга, Мал аж ахуйн яамны орлогч сайд, 1954 оны тавдугаар сараас БНМАУ-ын Их хугрлын тэргүүлэгчдийн даргаар сонгогдож 1972 оны дөрөвдүгээр сар хүртэл таван удаа улиран сонгогджээ.
Ж.Самбуу МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр найман удаа, БНМАУ-ын ардын их хурлын депутатаар долоон удаа, МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүнээр долоон удаа сонгогдож байсан билээ.
Ж.Самбуу ЗХУ-ын төрийн дээд шагнал Лениний одонгоор хоёр удаа, БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор гурван удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнагдаж 1965 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол, 1966 онд Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө олон улсын шагнал, хүртжээ.
Идэр залуухан 36 настай Ж.Самбуу Өмнөговь аймгийг даргалж, Даланзадгад хотын гал голомтыг бадрааж, Өмнөговь аймгийн анхны даргаар ажилласан Монгол төрийн гарамгай зүтгэлтэн байлаа.
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: