ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 90,91 ЖИЛИЙН ОЙД...

2022 оны 07 сарын 19
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 90,91 ЖИЛИЙН ОЙД...
Аюушийн ДЭЖИД /1901-1970/
/Төрийн ахмад ажилтан\
Өмнөговь аймгийн 6-дахь дарга Аюушийн Дэжид нь Түшээт хан аймгийн Ачит гүний хошууны нутаг, одоогийн Дорноговь аймгийн Мандах сумын нутагт бадаргуулт төрийн 27 дугаар он, Монгол он тооллын 15 дугаар жарны 35 дугаар оны цагаагчин үхэр жил буюу нийтийн он тооллын 1901 онд төрсөн. Аюушийн Дэжид хуучин монгол бичигт сайн боловсорч хуучин хошууны тамгын газарт алба хашиж байгаад ардын хувьсгалын дараа Богд хан уулын аймгийн “Хоёр өлзийт” уулын хошууг удирдах үүрэг хүлээж төр нийгэмд зүтгэж хувьсгалт Монгол улсын төрийн албан хаагч болжээ. Тэрээр ардын хувьсгалыг бэхжүүлэх талаар нам төрөөс явуулсан бодлогыг хэрэгжүүлэх, хувьсгалын эсэргүү хэрэг явдалтай тэмцэх, идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн төв байгууллагуудад ажиллаж байгаад говь нутагт шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлэх, нам төрийн даалгавар хүлээн авч 1941-1951 онд Өмнөговь аймгийн даргаар 10 жил ажиллажээ. А.Дэжид даргыг говьд ажилласан цаг хугацаа бол олон улсын болон, Монгол орны гадаад байдал хурцадмал, дэлхийг нөмөрч байсан фашизмыг даван туулах, дорно зүгт аюул үүсгэсэн Японы түрэмгийлэлтэй тэмцэх ажил Монгол хүн бүрийн журамт үүрэг болж байсан үед аймаг удирдаж манай улсад өрнөсөн эдийн засгийн шинэ эргэлтийн бодлогыг чадварлаг удирдаж аймаг даяар улсын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, говийн ард түмнийг бичиг үсэгтэн болгох, говьд сургууль соёлын газар байгуулах, Эх орны их дайны фронтод туслах, хүн малыг эрүүлжүүлэх, мал сүргийг хашаажуулах, малыг төрөл бүр дээр нь өсгөх, улсад мал мах ноос бэлтгэх зэрэг олон талт ажлыг удирдан зохион байгуулж Өмнөговь аймаг тодорхой амжилтанд хүрч байжээ. Энэ хугацаанд аймгийн мал сүрэг 111 хувиар өсч, 1150 хашаа баригдаж, 415 уурхайн худаг гаргаж, малын ноос бэлтгэх төлөвлөгөөг 101 хувиар биелүүлж, Фронтод туслах хөдөлгөөнд улсад тэргүүлж, Өмнөговь аймаг төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. А.Дэжидийг аймаг удирдаж байхад улсад алдартай малчид, ажилчид, төрийн албан хаагчид олноор тодрон гарч байсан бөгөөд А.Дэжидийг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнаж Улсын бага хурлын гишүүнээр хоёр удаа сонгож байсан билээ. Тэрээр ажил албандаа морь их унадаг, адуунд их хорхойтой аймгийн төвд ажил гэр хоёрынхоо хооронд мориор явдаг дарга байсан тухай хамт ажиллаж байсан олон хүмүүсийн дурсамж байдаг.
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: