ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТУХАЙ

2016 оны 11 сарын 11
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТУХАЙ

Өмнөговь аймгийн тухай

Засаг захиргааны нэгж:

Өмнөговь  аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 58 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.

Хүн ам:

Өмнөговь аймаг нь 2017 оны жилийн эцэст 65645 хүн амтай болж 2016 оны жилийн эцсийн хүн амын мэдээнээс 3,0 хувиар буюу 1984 хүнээр өслөө. Нийт хүн амын 50,3 хувь эрэгтэйчүүд, 49,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хүн амын 39 хувь Даланзадгад хотод, 21,4 хувь нь Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумдын төвд суурьшиж байна. Хөдөлмөр эрхлэх насаар нь ангилвал 32,1 хувийг 0-15 насны хүүхэд, 62 хувийг 16-59 насны, 5,9 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна. Өрхийн тоо 21278 болж өмнөх оноос 609 өрхөөр буюу 2.86 хувиар өссөн дүнтэй байна.

Газар нутаг:

Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино.

Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг  3,4 квадрат километр нутагт 1 хүн, 13,2 квадрат километр нутагт 1 өрх ноогдон хүн ам суурьшиж байна.

Хөдөө аж ахуй:

2017 оны эцэст 5819 малчин өрх байгаа нь өнгөрсөн оноос 172 өрхөөр өссөн байна. Аймгийн хэмжээнд 501 мянгат малчинтай болсон байна. Хамгийн олон малтай сумаар Номгон 289869, Ханхонгор 242353, Гурвантэс сум 205078, Булган 194503, Баяндалай 190396 толгой мал тус тус тоолуулсан байна. Малын таван төрлөөр нь авч үзвэл тэмээгээр Ханбогд сум 27932, адуугаар Манлай сум 11895, үхрээр Ханбогд сум 5313, хониор Ханхонгор сум 67161, ямаагаар Номгон сум 227212 толгойгоор тус тус тэргүүлж байна. Ханбогд сум нь тэмээн сүргээрээ аймагтаа болон улсад тэргүүлж байна. 2017 онд нийт мал 2654388 толгой болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 340.4 мянган толгойгоор таван төрөл дээрээ өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс тэмээ 10739, адуу 13353, үхэр 4848, хонь 93075, ямаа 218410 толгойгоор тус тус өсчээ.

Газар тариалангийн салбарт 190,3 га талбайд тариалалт хийсний 82 га талбайд төмс, 82,8 га талбайд хүнсний ногоо, 25,5 га талбайд тэжээлийн ургамал тариалснаас 585,3 тонн төмс, 724,0 тонн хүнсний ногоо, 215,1 тонн тэжээлийн ургамал хураажээ.

Боловсрол

Аймгийн хэмжээгээр 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн хэвшлийн 21 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 431 бүлэгт өдрийн ангийн 11844 сурагчид хамрагдан суралцаж байна. Нийт суралцагчдын хүйсийн харьцаа эмэгтэй 50.5, эрэгтэй 49.5 байна.Өдрийн ангийн суралцагчидтай төрийн хэвшлийн сургуулиас хамгийн олон суралцагчидтай сургууль Даланзадгад сумын 1-р бүрэн дунд сургууль 1745, хамгийн цөөн суралцагчидтай сургууль Хүрмэн сумын ЕБС 126 суралцагчидтай байна. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 20 дотуур байранд868 хүүхэд амьдарч байгаагийн 56.2 хувийг эмэгтэй сурагчид эзэлж байна.Төрийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд 1004 ажиллагчид ажиллаж байгаагийн 62.2 хувь нь буюу 605 багш ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсрол олгох 28 төрийн өмчийн цэцэрлэгийн нийт 163 бүлэгт 5517 хүүхэд хүмүүжиж байна. Үүний 0.8 хувь буюу 46 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Энэ хичээлийн жилд СӨБ-д 607 ажиллагчид ажиллаж байгаагийн 26.2 хувь нь буюу 159 үндсэн багш ажиллаж байгаагаас 96.0 хувийг эмэгтэй багш нар эзэлж байна. 2017-2018 оны хичээлийн жилд Политехникийн коллеж-д 630 суралцагсад суралцаж байгаагийн 34.0 хувь нь эмэгтэй суралцагчид байна. Нийт суралцагчдын 36.2 хувь буюу 228 хүүхэд төгсөх ангийн суралцагчид байна. Энэ хичээлийн жилд 69 багш, ажилчид ажиллаж байгаагийн 43 буюу 62.3 хувийг багш эзэлж байна.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээгээр эрүүл мэндийн байгууллага 87 ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 21, өрхийн эмнэлэг 4, цэргийн ангийн 3 эмнэлэг, хувийн эмнэлэг 24, эмийн сан 38 тус тус ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 189 их эмч, 362 дунд мэргэжилтэн ажиллаж байна.2017 оны эхний 12 сарын байдлаар аймгийн хэмжээгээр 1297 эх амаржиж, 308 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт 7.4 хувиар, нас баралт 3.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд оны эхний 12 сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 21 гарсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.0 хувиар, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 29.0 хувиар тус тус буурсан байна. Аймгийн хэмжээнд нийт халдварт өвчин 714 гарсаны 65.7 хувийг хурц халдварт өвчин эзэлж байгаа бөгөөд сумдаар авч үзвэл Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций сумдад өндөр үзүүлэлттэй байна.

Уул уурхай:

Өмнөговь аймаг  ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс  Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайт  стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд  газарт тогтоогдож нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд  Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Мөнх ноён суварга, Дун юань, Олон овоот гоулд, Зөв зүг, МАК, Чинхуа-Мак-Нарийн сухайт, Саус гоби сэндс, Өсөх зоос, Терра энержи, Жавхлант орд зэрэг 14 компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.      

Уур амьсгал:

Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек,  заримдаа 34-45 м/сек хүрдэг,

Аялал жуулчлал:

-          Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул,

-          Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд,

-          50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг  Баян заг

-          дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль,

-          Хутагт Данзанравжаагийн байгуулсан  энергийн төв болох Дэмчогийн хийд

-          Аймгийн хамгийн баруун сум болох Гурвантэс сумын нутагт байдаг Хэрмэн цав

-          Аймгийн  хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт байдаг үлэг гүрвэлийн чулуужсан мөр

-          Дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн  татаж байна.

 

 


Холбоотой мэдээлэл: