“Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ын төсөлд санал авах тухай

2018 оны 11 сарын 23
“Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ын төсөлд санал авах тухай

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална...” гэсний дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан журмыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор  батлуулахаар журмын төсөл боловсруулагдаж байна.

Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахын өмнө захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг тодорхойлж, тэднээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар хуульчилсан байна.

Иймд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг журмын төсөлтэй танилцан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. дэх хэсэгт “утсаар болон цахим хэлбэрээр санал авах” гэсний дагуу саналаа өгөхийг хүсье.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс

Санал авах утасны дугаар 70532120

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

               1.1.Энэхүү журмын зорилго нь  Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавих, тэдний үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх харилцааг зохицуулахад оршино.

                  1.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын стандартыг мөрдөж ажиллана.

                  1.3.Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Хоёр. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд тавигдах шаардлага

                  2.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага нь дараах шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл авсан нөхцөлд энэхүү үйл ажиллагааг эрхэлж болно.

                  2.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн хууль ёсны албан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллана.

                2.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг /хүнсний дэлгүүр, супер маркет, бөөний худалдааны төв, зоогийн газар, баар, кафе ... г.м/ нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу баригдсан барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, барааны чанар, аюулгүй байдал, технологи, ариун цэвэр эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байранд үйл ажиллагаа явуулна.

             2.4.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь стандартын шаардлага хангасан, зөвшөөрөлд заагдсан агууламж бүхий бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээг эрхлэн явуулна.

             2.5.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгалын “Заавал даатгал” төлдөг, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангагдсан харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн үнэмлэхтэй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, ажилтны нэр бүхий энгэрийн тэмдэг, нэрийн хуудас, иж бүрэн хувцас /халад, малгай, хормогч ... г.м/-тай байх бөгөөд “Хэрэглэгч ХААН” гэсэн зарчмыг баримтлан хэрэглэгч нэг бүрт хандсан үйлчилгээ үзүүлж ажиллана.

             2.6.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь үйлчилгээний хэсэгтээ галын дохиоллыг заавал байрлуулж, дотор, гаднах орчныг хяналтын систем телекамер /шөнийн цагаар зураг авдаг, бичлэгийг 30 хоног хадгалдаг санах ойтой байх/-ын сүлжээнд хамруулсан байна.

               2.7.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь үйл ажиллагаа явуулж буй обьектынхоо эргэн тойрны 50м газрыг цэвэрлэгээ болон хотын тохижилт /хог хаягдлыг байнга зайлуулах, зориулалтын хогийн сав ...г.м /, соёлжилтод онцгой анхаарч, гадна хаягийг өөрийн нэр бүхий лого, цагийн хуваарьтай монгол хэл дээр, крилл үсгээр бичиж харагдахуйц байршуулж, орчин үеийн шаардлага, стандартад нийцүүлсэн гэрлэн хаягтай байх ба гадна гэрэлтүүлгийг 10-20 м-т байгаа эд зүйл харагдах, бичлэгт орж байхаар хийсэн байна.

Гурав. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл

олгох шалгуур үзүүлэлт

                   3.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна дараах шаардлагыг хангасан тохиолдолд “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг олгоно.

                    3.1.1.Татвараа үнэн зөв тодорхойлж, хуулийн хугацаанд төлдөг байх /

                     3.1.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн даатгалын заавал даатгалд хамруулсан байх. Түр ажилтанд энэхүү заалт нь хамаарахгүй.

                     3.1.3.Санхүүгийн тайлангаа улирал бүр хуулийн хугацаанд тушааж баталгаажуулдаг байх

                  3.1.4.Бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь эрүүл, аюулгүйн бүхий л стандартын шаардлага хангасан байх

                   3.1.5.Бүтээгдэхүүн үйлчилгээ нь “Тохирлын гэрчилгээ”-ээр баталгаажиж, заавал мөрдөх стандартаар хангагдсан байх

                    3.1.6.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь телекамерын хяналт нэвтрүүлсэн байх ба бааранд дохиоллын систем, хамгаалалтын ажилтан авч ажиллуулна.

                    3.1.7.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2 дугаар заалтыг болон өөрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, дүрэм, журам, стандартын талаар хуулийн булан /1.0 x 1.2м хэмжээтэй/-д сурталчилгаа байршуулсан байх. Хуульд тусгагдсан холбогдох заалтуудыг зурагт хуудас хэлбэрээр гарган архи, согтууруулах ундаа байршуулж буй хэсгийн ард, харагдахуйц газарт мөн байршуулсан байна.

                       3.1.8.Баталгаатай жин хэмжүүр, кассын машин заавал хэрэглэж, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулна.

                       3.1.9.Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж орон нутагтай хамтран ажилладаг байх /Архидан согтуурахтай тэмцэх талаар хийсэн ажил/

                       3.1.10.Сумын Засаг даргын санал

                       3.1.11.Тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалыг энэхүү журмын 4 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлэн сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлэх.

Дөрөв. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

4.1. Тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт

4.2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбар хувь/

4.3. Захирлын иргэний үнэмлэх /Хуулбар хувь/

4.4. Татварын тодорхойлолт /Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/65 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан тодорхойлолт/

4.5. Нийгмийн даатгалын тодорхойлолт / НД-7, НД-8 маягтийг харьяа нийгмийн даатгалын салбарын байцаагчаар баталгаажуулан ирүүлэх/

4.6. Тохирлын гэрчилгээний хуулбар хувь / Тухайн ажлын байранд заавал мөрдөх стандартын шаардлагын 85%-иас дээш үзүүлэлтийг хангасан байх/

4.7. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар хувь / Бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь эрүүл, аюулгүйн бүхий л шаардлага хангасан байх  “МХЕГ-н даргын 2014 оны 177 дугаар тушаал”-ын дагуу/

4.8. Камер, дохиоллын систем, кассын машиныг баталгаажуулсан фото зураг

4.9. Хууль сурталчлах самбарын фото зураг /Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2 дугаар заалтыг самбарт мэдээллэсэн байна./

4.10. Үйлчилгээний заал, гадна гэрэлтүүлэг болон хаяг, гадна шаттай бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шатны зураг

4.11. Цагдаагийн тодорхойлолт

Тав. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

                    5.1.Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь холбогдох баримт материалаа бүрдүүлж тухайн сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлж, сумын Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хуулийн хугацаанд хянан саналаа аймгийн Засаг даргад ирүүлнэ.

                   5.2.Тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авсанаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба дахин нягтлан судлах шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно.

                   5.3.Нэг аж ахуйн нэгжийн нэр дээр 3-аас илүү цэгт тусгай зөвшөөрөл олгохгүй байх

                   5.4.Цэгийн тоог тогтоохдоо холбогдох үндэсний стандартаар тогтоогдсон ангилал, зэрэглэл (Тохирлын гэрчилгээ)-ийн дагуу тогтооно.

                  5.5.Тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, гэрчилгээгээр баталгаажуулна.

Зургаа. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

                   6.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтын дагуу энэхүү журамд заасан шаардлагыг зөрчсөн тохиолдол тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

                   6.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгасан тохиолдолд аймгийн Засаг даргын захирамжаар тусгай зөвшөөрлийг 1 удаа сэргээх бөгөөд дахин холбогдох хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ба тухайн аж ахуйн нэгжид “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг дахин олгохгүй.

Долоо. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах

                    7.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай сунгана.

                    7.2.Согтууруулах  ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл байдал илэрсэн болон энэхүү журмын 3-д тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллаж байсан талаарх мэдээллийг холбогдох мэрэгжлийн байгууллага болон орон нутгийн удирдлагын тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэнэ.

                    7.3.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргасанаас хойш төрийн байгууллагын шийдвэр гаргах хүртэл аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулна.

Найм. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

                    8.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, нийтээр дагаж мөрдөх захиргааны актыг зөрчсөн зөрчил бүрийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн гэж үзэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

                    8.2.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.9, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдож согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд дахин 2 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгохгүй.

                    8.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл /хүнсний дэлгүүр, баар, зоогийн газар, кафе... гм/-өө бусдад бэлэглэсэн, барьцаалсан, худалдсан, түрээслүүлсэн, бусдад шилжүүлсэн /тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж нь өөрийн охин компанид шилжүүлэхийг хориглоно/ тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

              8.4.Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж /хуулийн этгээд/-ийн нэр болон, үүсгэн байгуулагчийн нэр өөрчлөгдсөн, тусгай зөвшөөрлийг өөрийн охин компанийн нэр дээр шилжүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

                    8.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх журам зөрчсөн тухай орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтын дүн, саналыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

                   8.6.Энэхүү журмын шаардлагыг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бөгөөд хуулийн хүрээнд ноцтой зөрчил дутагдал гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг хугацаанаас нь өмнө цуцлахгүй байх чиглэл баримтлах ба мөн гаргасан зөрчил дутагдлаа зассан эсэх нь хугацаа сунгахад онцгой нөлөөлнө.

Ес. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавих хяналт, хамтын ажиллагаа

          9.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын хэрэгжилтэд аймгийн Засаг дарга, сум, багийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Татварын багц хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү журмаар олгосон эрх, хэмжээний хүрээнд хяналт тавина.

               9.2.Сумын Засаг дарга энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, орон нутагт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, үр дүнгийн талаарх мэдээллийг хагас жил тутамд ирүүлнэ.

                     9.3.Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Цагдаагийн газар, Татварын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагууд энэхүү журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, аймгийн Засаг даргад хяналт шалгалтын талаарх дүн мэдээллийг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тайлагнана.

                     9.4.Энэхүү журмын хэрэгжилтийг хангахад сумын Засаг дарга, мэргэжлийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хяналт тавихаас гадна хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ.

                     9.5.Цагдаа, бусад мэргэжлийн байгууллага нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хязгаарлах, хүнсний дэлгүүр, зоогийн газар, баар, кафе зэрэг газарт архи, согтууруулах ундаанаас өөр төрлийн үйлчилгээ /аялал жуулчлалаар ирсэн зочдыг угтаж хооллох, жуулчдын эрүүл хүнс худалдан авах .... г.м/ үзүүлэхэд нь үүд хаалгыг цоожлох, хаах зэрэг хуулиар олгогдоогүй таслан сэргийлэх үйл ажиллагаа явуулах эрхээр хангагдахгүй.

                    9.6.Нэгэнт зөвшөөрөл олгох хүсэлтээ ирүүлж тусгай зөвшөөрөл олгуулсан сумын Засаг дарга хугацаанаас нь өмнө тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ирүүлэхээс аль болох татгалзаж сумандаа алдаа дутагдлыг нь засаж залруулах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

                    9.7.Цагдаа, бусад мэргэжлийн байгууллагууд нь аж ахуйн нэгжтэй аль болох хамтран ажиллаж нийгмийн хэв журам амгалан тайван байдлыг хангаж тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

                   9.8.Аялал жуулчлалыг хөгжүүлэх, ирсэн зочид төлөөлөгчдийн ая тухтай нөхцөлийг хангах, үйлчилгээг өргөжүүлж аль болох хууль бус цагийн хязгаарлалт тавьж бизнесийн байгууллагад хүндрэл учруулахгүй байхад төрийн байгууллагууд анхаарч санаачилга гарган, бүтээлчээр ажиллах.

                     9.9.Архинд донтогчдыг эмчлүүлэх, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэхтэй холбоотой ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж шийдвэрлэх.

Арав. Хариуцлага

                   10.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага нь 3 хүртэлх сар үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгоно. Улирлын шинжтэй ажилладаг жуулчны баазуудад хамаарахгүй.

                    10.2.Хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага нь Зөрчлийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх хууль, Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн  тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

                   10.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгосон, хугацаа сунгасан тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан өдрөөс эхлэн ажлын 10 өдрийн дотор багтаан улсын тэмдэгтийн хураамж төлөх ба тухайн хугацаанд төлөөгүй тохиолдолд тусгай зовшөөрлийг хүчингүй болгоно.

                    10.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой мэргэжлийн байгууллагын тодорхойлолт болон бусад мэдээллийг хууль бусаар гаргасан, хувийн ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг аймгийн Засаг даргад ирүүлсэн нь тогтоогдвол тухайн төрийн албан хаагчид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулах саналыг түүнийг удирдах албан тушаалтанд хүргүүлнэ.

Арван нэг. Бусад

                   11.1.Энэхүү журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчлэх ба журамд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр нэмэлт өөрчлөлт оруулж болно.

                   11.2.Нэмэлт өөрчлөлт нь энэ журмын бүрэлдэхүүн хэсэг байж журмын нэгэн адил адил хүчинтэй байна.

 

----оОо---

 

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: