УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙДЭГ ОРОН НУТГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2017 оны 02 сарын 07
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙДЭГ ОРОН НУТГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Оюу толгой ХХК-д ханган нийлүүлэлт хийдэг 600 гаруй аж ахуй нэгжүүдийг хамруулсан уулзалт өнгөрөгч мягмар гаригт Улаанбаатар хотноо болж манай аймгийн удирдлагууд болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож, орон нутгийн буюу Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийг уул уурхайн компаниуд худалдан авалт хийж дэмжиж ажиллах хэрэгтэйг хэлсэн юм. Тэгвэл өнөөдөр буюу 2 сарын 3-ны 15 цагт Нутгийн удирдлагын ордонд болсон уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийдэг болон хийх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн уулзалт дээр аймаг орон нутгийн удирдлагууд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах ямар боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.

Манай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай ажлын байр нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлт хийх, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулна. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 15 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр компаниудад орон нутгийн бизнес эрхлэгчид ханган нийлүүлэлт хийх боломжтой байна. Тухайлбал: Оюу толгой ХХК 2016 онд 69 сая ам долларын худалдан авалтыг орон нутагт хийсэн байна. Бид энэ жишгээр уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж ханган нийлүүлэлтийг сайжруулах боломжтой.

Ханган нийлүүлэлт хийхэд дараах асуудал тулгардаг байна. Тухайлбал хэт өндөр шаардлага тавьдаг, худалдан авалтын төлбөр гүйлгээ 45-60 хоногийн дотор хийгддэг нь хүлээлт үүсгэдэг, хотын том компаниудыг оруулж ирснээр орон нутгийн компаниудын орлогыг бууруулдаг, уурхайн компаниудын мэдээллийн төв аймгийн төвд байхгүйн улмаас мэдээлэл ил тод бус байдаг зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Ямар ч байсан удирдлагын түвшинд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээ дэмжиж, уул уурхайн компаниудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Мөн уурхай дагасан ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн амьдрал амжиргааг дээшлүүлэхэд анхааран ажиллана.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: