Манлай

2012-08-01

ТҮҮХЭН ТОВЧООН

Одоогоос 270 гаруй жилийн тэртээ  байгуулагдсан Түшээт хан аймгийн  Сүндэв гүний хошуунаас  9 ноён үе залгамжлан захирч ирсэн  хошууны нутагт өнөөгийн Манлай сум  1924   онд  анх  байгуулагджээ.. Улаанбаатар хотоос урагш 470 км,  аймгийн төвөөсөө зүүн тийш  230 км зайд  өөрийн аймгийн Ханбогд Цогтцэций, Баян-овоо болон Дундговь, Дорноговь аймгуудтай хил залган оршдог

 

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Тус сум нь говийн цөлөрхөг хээрийн бүсэд оршдог  бөгөөд байгалийн үзэсгэлэнт Баянгол, Аргалант, Буурал угалз, Сүм суварга, Гурван хараат зэрэг уул нурууны хоорондуур Загт, Сэвхүүл, Шинэ гүн, Сайн гүн, Загийн ус, Булан дэлгэр, Үүдбаяр, Амтгайн үргэлжилсэн говь хөндий оршино. Баянгол, Хавцгайт, Алаг бүрдэнгийн голоор өтгөн шигүү хайлаас, Загт, Амтгай, Төхөмийн говиор заган ой, Дэлгэр Төхөм, Амтгайд элсэн далан, Баянгол, Баянбулаг Төхөмийн урсгал устай булгуудтай. Мөн Охин тойн, Ногоон хаяа, Шашир, Палга шарын зэрэг  байгалийн  ховор сонин тогтоц бүхий агуй хонгил олон байдгийн зэрэгцээ үүнд эрт дээр үед хүн амьдарч байсан ул мөртэй.   Мөн эрт үеийн нуур, далайн ёроол байсныг гэрчлэх усанд идэгдэн гүн үрчлээ тогтсон Жаргалант, Эрдэнэ цогтын шунхат, Ар, өвөр хонгил, Аргалант уулын баруун бэл, Могойт уулан дахь олон давхраат тоосгон чулуун завсар загасны дүрс, Дөрвөлжийн ойролцоо дээрхийн адил чулуунд навч цэцэгсийн дүрс элбэг байдаг .

Сумын  газар нутгийн нилээд хэсэгт  чулуужсан мод, ясны үлдэгдэл дайралддагийн зэрэгцээ эртний хүмүүсийн хэрэглэж байсан чулуун ба хүрэл зэвсгийн үеийн үлдэгдэл, чулуужсан яс, мод, байгалийн баялгийн дээжис, Өртөөний Манж чин улсын үеийн замын зураг сумын орон нутгийн судлах кабинетын үзмэрт бий.

1955 онд Молцогийн ойролцоо унасан дицэт төмөр солир, 1961 онд Аргалант зуухны орчмыг архилеогич Х.Пэрлээ газар дээр нь ирж үзээд чулуун ба хүрэл зэвсэг үйлдвэрлэж байсныг нотолсон байдаг.

Сүм суварга уулын баруун богдын оройд домогт мөнхөрсөн “Уулган шар” хэмээх алдарт тэмээний толгойг зүүн урагш харуулж тавьснаас Галбын говийн тэмээ олон болсон, уг уулын ар бэлд 1940-өөд оны үед тэмээний түүхий өвчүүтэй андуурагдам адилхан цохиход цангинасан дуу гардаг чулуун өвчүү байсныг гадны хайгуулчид авч яваад сураггүй болсон гэж нутгийн настан ярьдаг байсан зэрэг олон домог түүхийн орон юм.

 

АН АМЬТАН

Сумын нутаг дэвсгэрт  дэлхийн улаан номонд бүртгэгдсэн  дархан цаазтай  аргаль янгир, хар сүүлт зээрнээс гадна үнэг чоно туулай шилүүс болон олон төрлийн жигүүртэн шувууд  байдаг.

 

ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН БАЙДАЛ

Тус сум нь Засаг захиргааны  анхан шатны нэгж болсон дөрвөн багтай. Сумын Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй.

Сүүлийн 5 жил дараалан адуугаараа аймагтаа тэргүүлж яваа адууны өлгий хурдны тэнгэртэй нутаг. Нутгийн хурдан удмаас Хүй мандал 1917 оны үед Улхийн булан гэдэг газар болсон 7 хошуу даншиг наадмуудад  түрүүлж айрагдаж байсан тухай  тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Мөн  нутгийн иргэн Ц.Оюунбаатарын санаачилсан “Тэмээн поло” спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж тодорхой амжилтанд хүрч байгаа           

       Эдийн засгийн хөгжлийн бас нэг гол суваг нь  Оюутолгой, Гашуун сухайтын хилийн боомтыг  Улаанбаатартай холбосон төв зам, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төв дөрвөн замын уулзвар дайран өнгөрдөг  их замын газар бөгөөд цаашид Дундговь аймгийн Өлзийт сумын Өөш манханы элсэн сувиллаас Морин толгойн цав, Өехий, Сэвхүүл, Могойт, Хоёр өлзийт уул, Ханбогд уул, Баян гол, Амтгай, Аргалант , Сүйхэнт, Өлгий хийд, Ханбогд сумын Галбын гурван хийд хүртэл аяллын маршрут зохион байгуулбал 100-150 км замд Манж Чин улсын үеийн өртөө замын үлдэгдэл, байгалийн сонин тогтоц бүхий газар орон чулуужсан яс, мод, загасны болон ургамлын дүрс бүхий чулуу, аргаль, янгир, хар сүүлт үзэхийн зэрэгцээ хулан, элсэн манхан, тэмээ, заган ой зэргийг нэг дороос үзэх, зураг авах боломжтой аяллын чиглэл гаргаж болох онцлогуудтай сум юм.

 

  АЛДАРТНУУД

Тус сумаас Монголын улсын Ардын баатар партизан Дамирангийн Нанзад

Монгол улсын хөдөлмөрийн баатар Цэдэнжамцын Банди

Монгол улсын гавъяат багш ХТА Зүтгэлтэн, доцент Чимэдийн Түмэн

Монгол улсын гавъяат багш Магадсамбын Банзрагч

Монгол улсын гавъяат жүжигчин Гогийн Дамбийжанцан

Монгол улсын гавъяат нэгдэлчин Дэжидпэлийн Хүүхэндүү

Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл

Даншигийн начин Балдан

Монгол улсын заан Цэдэнгомбо

Улс олон нийтийн зүтгэлтэн нэрт шатарч Лагнаадоржийн Санжаажамц

Монгол улсын хошой аварга малчин Дэнзэнгийн Лувсан-Иш

Улсын аварга малчин Долгоржавын Дорж

Хувын Лувсандорж

Жигмэдийн Совд

Уртнасангийн Агваандорж

Гомбын Ламхүү

Авирын Амарсанаа

Шагдарсүрэнгийн Пүрэв

Должинсүрэнгийн Бямбажав

Должинсүрэнгийн Баасанжав

Монгол улсын спортын мастер Гэнийдоогийн Батбаяр

Эмнэг хангал сургалтын спортын мастер 14

Тэмээн поло-гийн спортын мастер 14

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар

Яамдын сайд, орлогч сайд хийж байсан Л.Санжаажамц, Шагдаржав, Х.Буд, З.Жанжаадорж гэх мэт олон арван алдар цуутан төрөн гарчээ.