Ханхонгор

2012-08-01

ТҮҮХЭН ТОВЧООН

Өмнөговь аймгийн Ханхонгор сум нь 1924 онд Хан-Уулын Сүүл толгой гэдэг газар Хан уул нэртэйгээр анх  байгуулагджээ. 1947 оноос одоогийн Хэрмийн дэнжид суурьшсан бөгөөд 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн үүсч Саруул зам, Гэрэлт зам нэгдэл үүссэн. Одоо Ханхонгор сум нь  өөрийн аймгийн  өөрийн аймгийн 9 сумтай хиллэж аймгийнхаа төв Даланзадгад сумыг нутагтаа багтаасан. Аймгаас 25 км Улаанбаатар-Өмнөговийг холбосон  төв зам дээр оршдог.

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Сумын нутаг дэвгэр нь баруун талаараа Багтын худаг, Залаа уул, Тээг уул хойд талаараа Буурал толгой, Цагаан суварга, Хадат уул, Тээг уул, зүүн талаараа  Бөмбөгөр толгой, Довын худгийн бөөр толгой, Хөндлөн толгой, Хацарын Хэцийн ар, Элст толгой, урд талаараа  Монгол толгой, Сүүжийн худаг, Бага уул,  Ихэрийн бууцны худаг,Их бууцны хөв толгой, баруун урд талаараа Бага уул, Хүрэнгийн хонд, Цагаан дух толгой, Өлзийт уул, Ар цангийн худаг, Харуулт овоо, Багтын худаг хүрдэг өргөн уудам 11.4 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Газар нутгийн хэмжээгээр аймагтаа Гурвантэс, Номгон сумдын дараа  ордог.  

Уул нуруу, говь тал хосолсон үзэсгэлэнт сайхан газар нутагтай.  1965 онд дархлагдсан Их говийн дархан Ёлын ам зүүн болон Дунд сайхан уул, Жаргалант, Индэрт, Оюут, Улиастай, Хүүш, Шивэр, Багана, Азарга, Хашаат, Бүйлсэн зэрэг үзэсгэлэнт уулсын амуудтай, Хан-Уул, Хацарын хэц, Их, Бага Аргалант уул, Баян, Гэдрэгийн хэц, Буурын хяр, Өгөөмөр залаа, Базарын хайрхан зэрэг уул нурууд, Базар хүйтэн, Балгас, Хотгор, Хойморын голууд, Ёс, Баян, Жаргалант, Өл, Хужир, Хадат, Их цагаан, Хуц, Сүүж, Шавартай зэрэг олон рашаан булаг, Балгас, Зэгэстийн улаан нууртай, Газрын хөрсөндөө чулуун  нүүрсний орд, Цагаан, Бараан хайрханы өнгөт чулуу, ногоон шавар, хужир, шохой зэрэг байгалийн баялагтай, таана, хөмүүл, сонгино, арц, заг, багалуур, бударгана, сондуул харгана, буйлс, монгол өвс, хазаар хулангийн ундаа, боролзой тэмээний хөх, гоёо, хармаг, улиас зэрэг амт чанар бүхий ургамал ургадаг өгөөмөр баян нутаг юм.

АН АМЬТАН

Аргаль, Янгир, хар сүүлт, үнэг, чоно, хярс, ирвэс, мануул зэрэг ан амьтад, ёл, тас, бүргэд, хойлог, ятуу, хун, тогоруу, галуу, ангир, хөтүү, болжмор зэрэг жигүүртэн шувуудтай.

 

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Засаг захиргааны анхан шатны нэгж болсон 4 багтай,  Сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сумын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй

Ханхонгор сум нь Өмнөговь аймгийн төвөөс зүүн хойш 25км, зайд оршдог. Улаанбаатар хот Өмнөговь аймгийг холбосон төв зам дайран өнгөрдөг. Орон нутгийн онцлогын хувьд байгалийн баялаг, аймаг нийслэлийг холбосон зам харилцааг даган хөгжих боломжтой. Харилцаа холбооны хувьд мобикомын үүрэн телефон, интернетийн үйлчилгээ  суурилагдсан, хүн амын 70 орчим хувь нь гар утас хэргэлдэг. 

 

АЛДАРТНУУД

Тус сумын хөдөлмөрчид иргэдийн дундаас ажил хөдөлмөр эрдэм ухаан урлаг спортоороо шалгарсан олон арван тэргүүний хүмүүс төрөн гарч байна. Үүнд: Улсын сайн малчин Б.Эрдэнээ, Хөдөлмөрийн баатар гавъяат механикжуулагч Ц.Шатар, гавъяат нэгдэлчин Х.Сандуйжав, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Р.Эрдэнэбилэг, П.Пунцагжаа, Ц.Самдан, М.Авир, Ч.Найдан, Ц.Адъяа, эрдэмтэн доктор Д.Түвдэндорж, С.Пүрэв, Л.Халтгай, Б.Цэмбэл, С.Цэрэндорж, УИХ-ын гишүүн генерал Р.Гаваа, С.Адъяа, Ц.Гунгаа, Ч.Самбуу, Д.Уртнасан, Д.Авирмэд, Н.Баатаржав, аймгийн Засаг дарга Ц.Мижиддорж, гавъяат багш Д.Равданжамц, гавъяат нисгэгч Т.Сугир, шилдэг зохион бүтээгч Ж.Буд, Л.Готовдорж, Чингис хааны дэлхийн академийн академич, Монгол Улсын үндэсний Шагайн харвааны ерөнхийлөгч, улсын дархан мэргэн, спортын мастер Д.Басхүү, яруу найрагч Э.Хархүү, Сити такси компанийн ерөнхий захирал А.Сүхбаатар, Улсын аварга малчин Б.Бага, Г.Өлзий, Э.Цэрэнжаа, Г.Чимэддорж, алдарт уяач Ц.Шоовдор, Б.Дашдорж, В.Наранмандал, улсын заан Б.Баярхүү, начин А.Сугиа, аймгийн арслан авдар хэмээх Ц.Санжаа, ханхар Т.Дорж, Н.Нацаг, Д.Дэмчиг, Н.Түмэнбаяр, начин Ц.Банзрагч, С.Батчулуун, А.Цэдэвсүрэн, С.Чулуунбат, спортын мастер Г.Өлзий, Д.Гончиг, С.Пагам, Д.Хүүхэнжимээ, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин СТА Л.Батсүрэн, О.Бямбаа, зураач С.Борхүү, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан багш Х.Дарьхүү, Д.Эрдэнээ, М.Мөнхтогоо, Т.Цэцгээ, Эрүүлийг хамгаалахын тэргүүни ажилтан хүний эмч Н.Цэцгээ, Б.Гэрэлтуяа, эдийн засгийн тэргүүний ажилтан Ж.Бор нарын олон арван хүмүүсээ дурдаж болно.