Ханбогд

2012-08-01


ТҮҮХЭН ТОВЧООН

Өмнөговь аймгийн Ханбогд сум нь  1924 онд  Хаданхошууны Хар овооны бууц гэдэг газар  Галба” нэртэйгээр анх байгуулагджээ.  Галба сум 1941 оноос нэрээ сольж Ханбогд хайрхныхаа нэрээр  нэрлэгдэн, 80 гаруй жилийн түүхэн замналыг туулж ирсэн байна.

 

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Ханбогд сум нь урд талаараа БНХАУ-тай, баруун, хойд талаараа өөрийн аймгийн Манлай, Цогтцэций, Баян-овоо сумдтай, зүүн талаараа Дорноговь аймгийн Хатанбулаг Мандах сумдтай хил залган оршдог

Хээр тал, говь цөл хосолсон, Ундайн говь, Байшин цав, Чингисийн уурганы нүх Хөхөлдөг цохио, Мэлхий хад,  3 зээрдийн агуй, 3000 хайлааст, Сэвхүүлийн элс, Хаалгын рашаан,  алдарт галбын говь зэрэг  байгалийн үзэсгэлэнт газар бүхий  1515,2кв километр  нутаг дэвсгэртэй.  Газрын хөрсөндөө  алт, зэсийн арвин баялаг нөөцтэйгээс  гадна эрт галавийн үеийн  аварга гүрвэл, мөлхөгчдийн үлдэгдэл, чулуужсан мод зэрэг ховор олдвортой. Дуу түүхэнд мөнхөрсөн Галба нутагт Ноён хутагт Данзанравжаагийн  байгуулсан алдарт  гурван хийдийн туурь, Цогзолын хийдийн  туурь, Алтангэрэлийн дугуй,  Ловончомбын баяжуулдаг Чавгын  агуй,  Ходоод, нүдний рашаан, элэг цөсний чулуу  зэрэг байгаль түүхийн  сонин тогтоц бүхий газруудтай

 

АН АМЬТАН

Сумын нутаг дэвсгэрт  дэлхийн улаан номонд бүртгэгдсэн  дархан цаазтай  аргаль янгир, хар сүүлт, хулан зээрнээс гадна үнэг чоно туулай шилүүс болон олон төрлийн жигүүртэн шувууд  байдаг

 

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Тус сум нь засаг захиргааны анхан шатны нэгж болсон 4 багтай. Сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж  түүнд  101 төрийн албан хаагч ажиллаж байна 

Эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй. Галбын говийн бахархал болсон дэлхийн хоёр бөхт тэмээгээ сүүлийн жилүүдэд жил дараалан өсгөж 2006, 2007. 2008 .2009  онд тэмээний тоо толгойгоороо улсдаа  тэргүүн байр эзэлсэн амжилт  гаргасан төдийгүй Гавилууд омгийн  илүү нугаламт хонь, говь гурван сайхан үүлдрийн ноолуур сайт ямаа зэрэг шилмэл үүлдрийн мал сүргийг өсгөн үржүүлж  ашиг шимийг нь хүртдэг.

Дэлхийн хэмжээний уул уурхайн компаниудын сонирхолыг татсан алт зэсийн арвин баялаг нөөц бүхий Оюу толгойн орд газар, байнгын үйл ажиллагаатай хилийн худалдаа явуулдаг  Гашуун сухайтын хилийн боомт энэ сумын нутаг дэвсгэрт оршдог.  Хил гаалийн худалдаа,  байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлал, газрын баялаг, ашигт малтмалдаа түшиглэн хөгжих боломжтой 

Тус сум нь Говийн ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан  Дэмчогийн Ханбогд сумын нутагт орших Дэмчогийн хийдийн төв Диваажингийн орны “Авид бурхан”-ны сүм суврагыг сэргээн засварлаж ашиглалтанд оруулсан нь сүсэгтэн олны талархалыг хүлээсэн ажил болсон юм. Мөн тус  хийдэд “Үлэмжийн чанар” дуун хөшөөг босгосон төдийгүй хийдийг түшиглүүлэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна

 

АЛДАРТНУУД.

Тус сумаас ардын хувьсгалын партизан С.Хаддорж, Ц.Довдой,  Монголын төрийн түшээ, эдийн засгийн ухааны  доктор профессор Р.Цагаанхүү,  хэл шинжлэлийн ухааны  доктор профессор Д.Төмөртогоо, ХАА-н уханы дэд доктор Н.Банди, эрдэмтэн Ц.Отгон, Х.Сүглэгмаа, гавъяат барилгачин А.Тэрбиш, цаг уурын албаны тэргүүний ажилтан Р.Нямцэрэн, худалдааны тэргүүнихй ажилтан  Р.Таванжин, Монгол улсын генерал, онцгой байдлын ерөнхий газрын дарга асан  П.Даш, эмнэг хангал сургалтын спортын мастер Х.Эрдэнэсан, Х.Отгонжав, Х.Дашжав, Х.Хоролмаа, Ц.Хишигбат нарын  алдар суутнууд төрөн гарчээ