Даланзадгад

2012-08-01

Байгуулагдсан товч түүх:

1931 оны намар Даланбулаг хэмээх голын дэнж дээр 30 гаруй эсгий гэртэйгээр Даланзадгад хот нь анх сууриа тавьсан юм. Даланзадгад хот нь 1959-1965 онд хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргаа, 1965-1991 онд хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, 1991-1992 онд АХ-ын гүйцэтгэх захиргаа  гэж нэрлэгдэж байгаад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 09 дүгээр сараас Даланзадгад сум болон өөрчлөгдсөн юм.

 

Газрын тогтолцоо: Даланзадгад сум нь далайн төвшнөөс дээш 1740 м өргөгдсөн тэгшивтэр талбай бүхий 47,6 мянган талбайгаас 39,8 га нь тариалангийн, 40,4 мянган га нь бэлчээрийн талбайд тус тус хамрагдсан байна. Нутгийн хамгийн өндөр цэг нь Хөх толгой.

Ургамлын талбай:  Ургамлын бүтцийн хувьд нутгийн баруун тал Зүүн сайхны хилийн заагаар буйлс, харгана зэрэг модлог ургамалтай, тал говийн ургамлын бүтцийг агуулсан бударгана, сондуул, дэрс, таана, хөмүүл, хазаар, дэрс, монгол өвс, цахилдаг зэрэг бутлаг  ба амтлаг ургамалтайн дээр бог, бударгана, багалуур, хурган чих, боролзой зэрэг говь цөлийн ургамалтай юм.

Амьтны аймаг:  Говь-Алтайн уулархаг бүсийн болон завсрын ан амьтад зонхилдог. Туурайтан-янгир, аргаль, цагаан зээр, хар сүүлт, хулан

Махчин амьтдаас-чоно, үнэг, хярс, мануул, ирвэс

Мэрэгчдээс-шар оготно, алаг даахай, зараа, зурам

Хэвлээр явагчдаас-хонин гүрвэл, могойн гүрвэл, хоргүй могой

Шувуудаас: Ёл, бүргэд, элээ, харцага, хулан жороо, ятуу, болжмор, тагтаа, өвөөлж

Уур амьсгал:  Монгол орны эрс тэс уур амьсгалтай, сумын хэмжээнд хүйтний эрч -8,9-36 хэм хүйтэн, зундаа +11+39 хэм халуун. Хур тунадас олон жилийн дунджаар зундаа21,5, өвөлдөө3,4 мм

Урсгал ус, булаг шанд:  Даланбулаг, модтын их бага булаг, тоонотын булаг, шанас, Өлзийтийн эх зэрэг урсгал шанд булаг байдаг.

 

Байгууллага, аж ахуйн нэгж:  Тус сум /хот/-нд МСҮТ-1, ерөнхий боловсролын арван жилийн сургууль 4, бага сургууль 1, хүүхдийн цэцэрлэг 4, өрхийн эмнэлэг 3, нийтийн хоолны цэг 168, ахуй үйлчилгээний 38 цэг, ШТС 5 ажиллаж байгаагийн дээр 170 гаруй аж ахуйн нэгж, байгууллага ажил үйлчилгээ эрхэлж байна. Сум /хот/-ын хэмжээнд жилд 282,6 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн, үүний дотор 165,0 сая төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь аймгийн нийт үйлдвэрлэлийн 31 хувийг үйлдвэрлэн гаргаж байна. Хоёр зууны зааг дээр Даланзадгад суманд БНСУ-ын зээлийн тусламжтайгаар 6,5 МГВТ-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц баригдаж ашиглалтанд орсон нь дэд бүтцийн салбар бие даан хөгжих тааламжтой орчныг бүрдүүлж өгсөн юм.

 

Гурав. Аймгийн эрдэс баялагийн нөөц,

ашиглалтын байдал

Тус аймаг нь чулуун болон хүрэн нүүрс, шатдаг занар, төмрийн хүдэр, соронзон гүр, хар цагаан тугалга, алт, зэсийн орд зэрэг ашигт малтмал эрдэс баялагийн асар их нөөцтэй бөгөөд ихэнх хувийг нь судалж ашиглаж чадаагүй юм. Одоогоор Мандал-Овоо сумын нутаг дахь олон Овоот, Гурвантэс сумын Зостын дунд сайр, Ханбогд сумын Цагаан толгойн алтны уурхай, Мандал-Овоо суман дахь Мушгиа худаг, Баян хошуу зэрэг газрууд дахь өнгөт төмөрлөг, Гурвантэс, Цогтцэций суман дахь Нарийн сухайт, Таван толгойн нүүрсний орд, Гурвантэс сумын Дунд голын давсны ордуудыг ашиглаж байна. Мөн Ханбогд сумын Оюутын зэсийн ордыг ашиглах талаар гэрээ байгуулагдаж энэ оноос тодорхой ажлууд хийж эхлээд байна. Судалгааны явцад энэ орд нь Эрдэнэтийн ордоос зэс, алтны агууламжаараа хавьгүй илүү нь нотлогдоод байна.

 

Дөрөв. Аялал жуулчлалын байдал

Өмнөговь аймагт Европ ази, Америк зэрэг тивээс жилд дунджаар 6000-8000 гадаадын жуулчид аялан зорчдог. Тус аймаг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нөхцөл боломжийн хувьд бусад аймгуудаас харьцангуй давуу аймаг билээ. Үүний тод жишээ нь байгаль орчны өвөрмөц зохилдолгоо, харьцангуй онгон байгаль, эртний үлэг гүрвэлийн үлдэгдэл бүхий сонирхолтой үзмэр, өмнөх үеийн хүчирхэг улс гүрнээс үлдсэн түүх дурсгал соёлын үнэт өв, дэлхийд ховордсон дархан цаазат ирвэс, хулан, хар сүүлт, зээр, аргаль, янгир зэрэг ан амьтнаараа гадаадын жуулчдын сэтгэлийг зүй ёсоор татдаг юм. /Аялал жуулчлалын нөөц газар нутгууд, жуулчны баазын тоон мэдээллийг хавсаргав./

Тав. Хөдөө аж ахуйн талаар

Тус аймаг нь мал ахуйг голчлон эрхэлдэг. 1789,6 мянган толгой малтай. Хүн амын хүнсний хэрэгцээнд зориуланжилд дунджаар 150 га-д төмс, хүнсний ногоо голчлон тариалдаг юм. Жилдээ 600-700 тн төмс, 600 тн орчим хүнсний ногоо хураан авдаг. Гэвч уур амьсгал, усан хангамжийн байдлаас тариалан эрхлэхэд төдийлөн тохиромжтой бус. Эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуй нь байгаль, цаг уурын бэрхшээл /ган зуд/-д байдаг тул цаашдаа малын тэжээлийн ургамал, тариалан бэлчээрийг хашиж ашиглах шаардлагатай. Сүргийн бүтцэнд тэмээ, ямаа нь зонхилж, таваарлаг ашиг шимт байдлаараа ялгардаг. Өмнөговь аймаг нь тэмээний тоогоор улсад 1, ямааны тоогоор 5-р байранд ордог.

 

Зургаа. Эрүүл мэнд, боловсрол, спорт

Тус аймагт анхны бага сургууль 1927 онд байгуулагдаж 1 багш, 25 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 10 жилийн дунд сургууль 4, 8 жилийн сургууль 13, бага сургууль 1 ажиллаж  9750 хүүхэд сурч боловсорч байна. Мөн хүүхдийн 15 цэцэрлэгт 1310 хүүхэд хамрагдаж байгаа юм. Даланзадгад сум /хот/-ын хэмжээнд арван жилийн 3 сургууль, /үүний дотроос 1 нь байгаль нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай/, бага сургууль 1 ажиллаж үүнд 4500-аад сурагч, хүүхдийн 4 цэцэрлэгт 700 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Сургуульд суралцах хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаагаас үүдэн манай сумын сургуулиудын ачаалал хэт нэмэгдэж, хүүхдийн тоо байх ёстой ачааллаас 2 дахин илүү байгаа нь сургалтын үр дүнд муу нөлөө үзүүлж байдаг. Аймгийн хэмжээнд малчдын 1300 хүүхэд сургуулийн дотуур байранд аж төрдөг ба сүүлийн жилүүдэд төр засгаас малчид, тэдний үр хүүхдэд багагүй анхаарал тавьж байна. Тухайлбал: Малчдын хүүхдийг их дээд сургуульд суралцах, дотуур байранд суралцах бүх зардлыг төр хариуцан даадаг болов. Сургуулийн орчин үеийн мэдээллийн тоног төхөөрөмж, компьютертэй болгох зорилт сум, аймгийн өмнө тулгарч байна.

1960 онд тус аймагт биеийн тамир, спортын нийгэмлэг байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 жилийн турш хүүхэд, залуучууд, хөдөлмөрчдийг биеийн тамир спортоор хичээллүүлж багагүй амжилт гаргаж байна. Одоо цэнгэлдэх хүрээлэн 1, спортын төв 1, спортын зал 10, биеийн тамирын нэгдсэн талбай 14, спортын талбай 60 гаруй ажиллаж жил бүр 100 гаруй секцэнд 2500 хүн тогтмол хичээллэж  үүнд биеийн тамирын дээд мэргэжлийн багш 19 ажиллаж байна. Одоо аймгийн хэмжээнд спортын мастер 38, зэрэгтэй тамирчин 2100, зэрэгтэй шүүгч алт, мөнгө, хүрэл медальт тамирчин 450 гаруй, үндэсний бөхийн улсын цолтон 6, аймгийн цолтон 70-аад бий боллоо.

Найм. Номын сан, интернет

Аймгийн төв номын сан нь иргэдэд ном хэвлэл мэдээллээр үйлчлэх үүрэг бүхий төрийн өмчийн орон нутгийн соёлын байгууллага юм. Одоо 78,2 мянган номын фондтой, 11 ажиллагсадтай, нийтийн уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг, интернет мэдээллийн үйлчилгээний танхимуудаар үйлчилгээ явуулж байна. Тус номын сан 2000 оноос эхлэн Соросын сангийн дэмжлэгээр интернетийн үйлчилгээ, хөдөлгөөнт номын сангийн үйлчилгээ явуулж байна.

 

Ес. Урлаг соёлын байгууллага

Аймгийн төв Даланзадгад хотод кино театр, хөгжимт жүжгийн театр үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт 70 орчим хүн ажилладаг. ХЖТеатр нь жилдээ 15-20 шинэ уран бүтээл туурвин, давхардсан тоогоор 75 мянга орчим үзэгчдэд үйлчилдэг. Эдний уран бүтээлчид морин хуур, ардын язгуур урлаг, бүжиг зэрэг төрлөөр улс болон бүсийн уралдаанд байнга амжилттай оролцож байдаг юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Дүндгээ, Ө.Батжаргал зэрэг алдар цуутнаараа зүй ёсоор бахархаж байдаг. Энэ хамт олон дотор 10 гаруй соёлын тэргүүний ажилтан ажилладаг юм. Зуны буюу жуулчны улиралд энэ театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо гадаадын жуулчдад танилцуулан, эх орноо сурталчлах, монголын ардын урлагийг таниулж мэдүүлэх зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байдаг. ХЖТеатрын уран бүтээлчид нь жилдээ 10 гаруй удаа өөр аймаг хотуудад урлагийн аялан тоглолт хийдэг ба мөн хөрш БНХАУ-ын ӨМӨЗОронд 2 удаа тоглолт хийсэн юм.

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, түүх, байгалийн өвөрмөц тогтоц, хүн ардын амьдрал, ёс заншлыг өргөн олонд сурталчлан танилцуулдаг Музей Даланзадгад хотын төвд ажилладаг. Уг Музей нь 4000 орчим үзмэртэй ба жилдээ гадаад дотоодын 6000 гаруй хүнд үйлчилж байдаг.

Даланзадгад хотын кино театр нь жилдээ явуулын болон суурин хэлбэрээр хөдөлмөрчдөд жилдээ 170 удаа гадаад дотоодын киногоор үйлчилж, 80 гаруй мянган хүн амд үйлчилдэг юм.

Арав. Сумын алдар цуутнууд

1.    Х.Цэвэгмэд-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тээвэрчин

2.    Х.Шарав.-Монгол Улсын гавьяат эмч, мэс засалч

3.    Д.Долгорцэнд – Монгол Улсын ЭХ-ын гавьяат ажилтан мэс засалч

4.    М.Банзрагч-Монгол Улсын гавьяат багш

5.    Ч.Тогоохүү-Монгол Улсын гавьяат багш

6.    Д.Сандуйжав-Монгол Улсын гавьяат нэгдэлчин, тээвэрчин

7.    Ө.Батжаргал-Монгол Улсын гавьяат жүжигчин

8.    Ч.Дүндгээ- Монгол Улсын гавьяат жүжигчин

9.    Ө.Шаариймаа – Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

10. Д.Санж – Монгол Улсын гавьяат барилгачин

11. Б.Шатар-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

12. Д.Багахүү- Монгол Улсын начин, спортын мастер

13. И.Ламаажав- Монгол Улсын начин, спортын мастер

14. О.Пүрэв-Монгол Улсын начин, спортын мастер

15. Б.Шоовдор- Монгол Улсын начин, спортын мастер зэрэг алдар цуутай хүмүүс түүнчлэн төрийн дээд шагнал болох одонтой 400 гаруй хүн аж төрж байна.