Түүхэн замнал

2013-03-03

1923 оны дундуур хуучин дөрвөн аймгийг өөрчлөн байгуулах Засгийн газрын шийдвэр, мөн аймгийн захиргаа (яам) байгуулах дүрмийг батлан гаргажээ. Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах тухай шийдвэр 1928 оноос эхлэн шат дараалан гарчээ. Аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ асар уудам, газрын дундыг олж төвлөж чадаагүй зэргийг харгалзан 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн билээ. Энэ өөрчлөлтөөр урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулагдахад Өмнөговь аймаг шинээр байгуулагдсан байна. Ингэхдээ Богд Хан уул, Цэцэрлэг Мандлын аймгуудаас таслан зохион байгуулсан байна.

Тухайн үеийн хойд зүгийн сумдын дарга нар Онгийн голын зүүн эрэг, Цогт-Овоогийн Дугшихын орчим байгуулах санал гаргасан боловч өмнө талын сумдын дарга нар Даланзадгад орчимд байгуулах санал гаргаж байжээ. Дугших гэдэг газар нь ус ховор, харин Зүүнсайхан уулын ард Даланзадгад гэж задгай устай аймаг төвлөж болохоор газар бий гэж байжээ.