Өмнөговь аймгийн 9 гайхамшиг

2014-02-06

Өмнөговь аймгийн Есөн гайхамшигийн танилцуулга

 

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 67 тоот тогтоолоор “Өмнөговь аймгийн есөн гайхамшиг”-ийг тодруулан батламжилсан.

  • Хонгорын элс- Зүүн шургуул, Баруун шургуул
  • Баянзаг- Цахиуртын хөндий, Төгрөгийн ширээ
  • Говь гурван сайхан уул- Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэртийн ам
  • Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац
  • Ноён богд,  Толь хад- Саран хөндий, Гурван түшмэл
  • Алгуй улаан цав- Сэврэй хайрхан, үлэг гүрвэлийн яс, Тогоонтөмөр хааны ордны буурь
  • Галбын говь- Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр
  • Сангийн далай хийд
  • Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл

 

Хонгорын элс

Өмнөговь аймагт элсэн нуруу, манхан, тармаг элс аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогдох юм. Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн Шургуул, Тал гашуун, Адаг гашуун, Талын цүнхэл, Хоохорын тээг, Хун нуурын шал, Харын боом, Шар хулсан зэрэг хиаг, хулс,ширэг, заг, сондуул, хужир бүхий сонин тогтоцтой хонхор хотгор газар юм. Элсэн манхан нь ёроолоосоо дээд оргил хүртэл 10-195метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг. Үүний тод жишээ нь Хонгорын голын дуут манхан юм. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхэгүүд хийсч сарнин цахилгаанжаад түүний эерэг сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс иинхүү чимээ гардаг байна. Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухам нүдийг хужирласан нутаг юм.

2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол улсын есөн гайхамшиг”-аар тодорсон.

Баянзаг

Баянзаг нь Монголын цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр олдворуудыг харьцангуй сайнаар хадгалах үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд оршихбөгөөд Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи палентологын нэн чухал, ховор олдворууд олдсоор байгаа түүхэн чухал газар орон юм. Иймээс Тонгол орон төдийгүй дэлхий нийтэд алдаршсан нэн чухал газар нутгийнх нь хувьд “Баянзаг – Flaming Cliffs” –ийг  2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол улсын есөн гайхамшиг”-аар тодорсон. Баянзаг нь амьтан ургамлын түүхэнд чухал байр суурь эзлэх, нэгэн үеийн томоохон төлөөлөгч болох, одоогоос 60-100 са жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн томоохон нээлт болсон юм.Эндээс дэлхийд хамгийн анхны доторхи хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөгнүүд олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм.

Говь гурван сайхан

Ёлын ам нь аймгийн төвөөс баруун тийш 56 км-т Зүүнсайхан ууланд байрлалтай Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэнтэй газар нутаг юм.  Ёлын амыг 1965 онд дархан цаазат газар болгох АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарснаар Говийн экосистемийг хамгаалах асуудлын үндэс тавигдсан  бөгөөд 1993 онд Ёлын амны дархан цаазат газрыг өргөжүүлж,1993 онд ГГСБЦГ болгосон.

Нэмэгт, Хэрмэн цав

Хэрмэн цав: Гурван тэс сумаас баруун хойш Тостын  уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм. Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон.

Зулагнайн гол: Алтан уулын баруун суганд орших Талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баянбүрд юм. Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг товцог, жигд, тоорой, хайлаас зэрэг элсэн манхануудаар хүрээлэдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.

                                                  

Ноён богд, Толь хад

Толь хад, Саран хөндий, Гурван түшмэл, Ханын хэц, Цагаан ханын агуй гэх мэт Ноён сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газрууд орно.

 

Алгуй улаан цав

Сэврэй хайрхан, Тогоонтөмөр хааны ордны суурь, Яшил зандан мод гэх мэт Цогт овоо, Мандал овоо сумын нутагт орших түүх соёлын дурсгалт газрууд, үлэг гүрвэлийн олдворт газар нутаг юм.

Галбын говь

Галбын гурван хийд, Ханбогд хайрхан, Ундайн гол, Хөдөлдөг цохио, Ловон чомбын агуй, Мэлхий цохио, Гурван зээрдийн агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр зэрэг Ханбогд, Манлай сумын нутагт орших нутгууд орно.

Сангийн далай хийд

1707 онд Үйзэнсаарав гэлэнгийн суурийг тавьсан 1772, 1835 онуудад баригдсан Чогчин сүм, Дүйнхэр дуган зэрэг 9-н гол дугантай, 70:90 метр хэмжээтэй хөх тоосгон хэрэмтэй энэхүү хийд нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон хийдийн нэг байсан бөгөөд манай аймагт өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн цорын ганц хийд юм.

Ноён Сэврэйн хийцийн мөнгөн эдлэл

Сэврэй сум нь улс даяар алдартай мөнгөн эдлэлийн Ноён Сэврэй хийцээрээ  гайхагдсан үе үеийн уран дархчуудыг төрүүлсэн өлгий нутаг нь билээ. Энэхүү халхад алдартай хийц нь өнөөг хүртэл үе дамжин уламжлагдан хадгалагдаж ирсэн юм. 1938 онд гарсан судалгаагаар Пагамын Мөнх, Чулууны Балжир, Чулууны Ёндон, Долгорын Данзан, Магсарын Гончиг, Моломын Бадарч нарыг уран дархан хүмүүсээр бүртгэжээ. Нүдэн хэмээх Рэнцэн, Мядагийн Данзан, Навааны Чимиддорж, Сономшааравын Сугир, Сономшаравын Эрдэнээ, Адьяагийн Цоож нар мөнгөн урлалын сайн дархачууд юм.

Ноён Сэврэйн хийц нь Монгол улсын зохиогчийн эрхийн хорооноос зохиогчийн эрхийн  баталгааг Сономшааравын Эрдэнээ нь  авсан  давтагдашгүй бүтээл болно.

          Монгол улсын хэмжээнд Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн  хоёр төрлийн  мөнгөн аяга  байдаг. Үүнээс  Дарьганга хийц нь хөөмөл хээтэй ,нимгэн , орц багатай байдаг. Ноён Сэврэйн хийцийн мөнгөн аягыг  утас сувималын аргаар хийдэг. Гол  онцлог нь зузаан орц арвинтай, эдэлгээ удаантай, дээр үеийн уламжлалт  гар аргаар хийснээрээ  улсад  алдартай байдаг. Ноён Сэврэй хийцийн их гарын аяганд 32-35  лан, дунд гарын аяганд 17-20 лан, жижиг аяганд 8-10 лан мөнгө ордог.