Засаг дарга Н.Наранбаатар

2016-08-17

МЭНДЧИЛГЭЭ

   Өвөг дээдсийн алтан удам өмнийн их говийнхоо уугуул, суугуул иргэд, манай аймгийн цахим хуудсаар зочилж байгаа нийт иргэддээ, хүн төрөлхтнийг холбосон их ололтын цахим өртөө веб хуудсаар дамжуулан эрүүл энх, сайн сайхан бүхний ерөөл өргөн мэндчилье.

   Тэртээ 1931 онд  үзэсгэлэнт сайхан Зүүн сайхан уулын энгэр бэлийн Даланбулаг хэмээх газарт үндэс сууриа тавьж байсан төрөлх аймаг маань түүхэн хөгжлийнхөө 85 жилийн босгон дээр 60 мянга хол давсан хүн амтай, 15 сум, 58 багтай, 2,0 сая гаруй толгой малтай, эдийн засаг стратегийн чухал ач холбогдол бүхий чулуун нүүрс, алт зэсийн 3 томоохон орд газрыг дагасан уул уурхайн  идэвхтэй бүс нутаг болон хөгжиж байна.

   2016 оны Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуулиар говь нутгийн ард түмэн маань Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн сонголт хийснийг бид бүхэн хүндэтгэн хүлээн авч, өмнөх жилүүдэд эхлүүлсэн томоохон хэмжээний бодлогын чанартай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын залгамж холбоог хадгалан, намынхаа мөрийн хөтөлбөрийг төрийн бодлоготой хослуулах замаар орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг өргөжүүлэн хөгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

   Төрөлх аймгаа хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, амар тайван, элбэг хангалуун амьдралтай болгохыг эрхэм зорилгоо болгон тодорхойлж үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ил тод, нээлттэй байж, бодлого шийдвэр гаргахдаа иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлж ажиллахыг бид ямагт эрхэмлэж байна.

   Ирэх жилүүдэд мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, уул уурхай дагасан дэд бүтцийн хөгжлийг дэмжин, нийгмийн салбаруудын үйл ажиллагааны чанар үр дүнг сайжруулах замаар  хувь хүний хөгжил, боловсрол, өрх гэр бүлийн амьдралыг сайжруулах бодлого үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж, хийсэн хэрэгжүүлсэн ажил амжилт бүхнээ энэхүү цахим хуудсаар дамжуулан та бүхэнд сонордуулж байх болно.

   Өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Өмнөговьчууд болон уугуул нутгийн иргэд, монгол ахан дүүс, өмнийн говьтой  ажил амьдралын сэжмээр холбогдсон хүн бүхэн энэхүү цахим хуудсаар дамжуулан говь сайхан нутагтаа сэтгэл тэнэгэр, ирээдүйдээ итгэлтэй ажиллаж амьдарч байгаа ажилсаг говьчуудын  амжилт бүтээл, түүхэн замнал, аймгийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн мэдээ, мэдээлэлтэй байнга танилцаж байхыг хүсье.

Хил хязгааргүй цахим ертөнцийн орон зайг эзэмшигч таны

мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай

 

ЗАСАГ ДАРГА  Н.НАРАНБААТАР