Танилцуулга

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АЛТАН ГАДАС ОДОНТ ЦОГТ-ОВОО СУМЫН ТОВЧ ТҮҮХЭЭС

Эхлэл хэсэгт: 2019 оны байдлаар 1836 хүн ам, 598 өрхтэй, 154385 тоо толгой малтай

1.ТҮҮХЭН ТОВЧОО

            Засаг захиргааны зохион байгуулалтаар 1924 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуунд Цогт сум анх байгуулагдаж, 1933 онд сум татан буугдаж үүнээс хойш 26 жилийн дараа буюу 1959 оны 03 сарын 02-ны өдөр одоогийн Долоон гэдэг газар Цогт-Овоо сум байгуулагдсан түүхтэй.

2.ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

            Тус сум нь 652.7 мянган га нутаг дэвсгэртэй, далайн түшнээс дээш 1198 метрт орших бөгөөд нийслэл Улаанбаатар хотоос 427 километрт, Өмнөговь аймгийн төвөөс 126 километрт зүүн хойд зүгт байрлана.

            Тус сум нь  өөрийн аймгийн Цогт-Цэций, Ханхонгор, Мандал-Овоо сумдуудтай, хойд, зүүн хойд, зүүн талаараа Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Өлзийт сумдуудтай хиллэнэ. Газарзүйн байрлалын хувьд Монгол орны говийн их муж, Дорнод говийн хойд хэсгийн тойрогт хамаарна.

3.АН АМЬТАН

            Ан амьтан, өвс ургамал, Дэлхийн улаан номонд бүртгэгдсэн аргал, янгир, хар сүүлт, зээр нутаглахаас гадна үнэг, чоно, шилүүс зэрэг ан амьтад, жигүүртэн шувууд байдаг.

4.УРГАМАЛ

            Сумын нутаг нь ургамал газарзүйн мужлалаар Умард говийн хээрийн Дорнод говийн тойрогт хамаарагдах ба говийн бэлчээрийн олон төрөл зүйлийн ургамалтай.

            Ургамлын бүрхэцийн гол хэсгийг багалуур, бударгана, монгол өвс, агь, таана, хялгана, шарилж, хазаар, төрөл бүрийн хамхагууд бүрдүүлдэг байна. монгол оронд ургадаг нэн ховор ургамлаас 17 зүйлийн ургамал / говийн тост, зээргэнэ, хойрго, харгана, хулан хойрго, монгол чоногоно, алтан шар шарилж, сөөгөн ширмэс, монгол шар далан, навчгүй багалуур, төв азийн лавай / тус сумын нутагт тархсан. Мөн заган ой 8.9 мянган га газар нутгийг эзэлж байна.

5.БАЙГАЛИЙН ТОГТОЛЦОО

            Байгалийн баялагийн хувьд эрин галавийн үлэг гүрвэл, мөлхөгчдийн араг яс, өндөг, чулуужсан мод, шохойн чулуу, шаазангийн цагаан шавар, алт, зэс, чулуун нүүрс, болор, оюу, номин зэрэг эрдэнийн чулуун илэрцтэй.

            Нутгийн өмнө талаар Сүүж, Гучингийн хэц, Бага шанхайн уул, урд, баруун урд талаараа Ихэр бор, Онцгой уул, Цохио, Аргалантын уул, Алгуйн уул, Хонин шанд, Сулин, Нанжингийн тойром , хойд талаараа Их далангийн нуруу, Хонгор уул зүүн хойд, зүүн талаараа Өнчингийн зоо уул, Билүүт уул, Хөх эрэг, Дэл зэрэг хад асга ихтэй нуруудтай.

            Аймгийн 9 гайхамшигт газрын нэг болох Алгуй улаан цав нь сумаас баруун хойд зүгт 50 км-т Замын шанд багийн нутагт оршино.

            Сумын ИТХТ-ын 2013 оны 02 сарын 24-ний өдрийн хуралдааны 20 дугаар тогтоолоор Цогт-Овоо сумын 9 гайхамшгийг тогтоож, Бор тээг багийн нутагт орших Овоо хайрхан, Долооны хайлаас, Найз багийн нутагт орших Нарийний  задгай, Замын шанд багийн нутагт орших Тогоонтөмөр хааны Сэрүүн ордны туурь, Цэдэнгийн таг, Яшил зандан мод, Сэрвэн хайрхан, Өөш манхан, зэрэг газруудыг түүхт газраар, Эгшиглэн морин хуур, Цогт-Овоогийн улаан ямааг сумынхаа гайхамшгаар тодруулан аюсан байна.

6.ТҮҮХЭН ГАВЪЯА ШАГНАЛ

            Тус сум нь засаг захиргааны 3 нэгжтэй, хөгжлийнхөө түүхэн үеэсээ эхлэн улс аймгийн социалист уралдаанд удаа дараа шалгарч, 1969 онд нэгдүгээр зэргийн диплом, 50000 төгрөг, 1971-1975 онд үүрд хадгалах улаан тугаар 3 удаа, 1977 онд хагас түмэн тэмээтэй болж диплом “Мөнгөн буйл”, Зил-130 машины хамт, 5000 төгрөгөөр, 1979 онд нэгдэлжих хөдөлгөөний 20 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор 1987 онд үүрд хадгалагдах дурсгалын улаан туг, дурсгалын алтан медаль, 2000 төгрөгөөр тус тус шагнагдаж байсан түүхтэй.

            Сумын түүхэн хугацаанд төрөн гарсан манай алдартнууд Улсын ууган аварга малчин Ц.Балхүү- 1965 онд, М.Балдорж- 1977 онд, Ц.Шархүү- 1985 онд, Т.Туулайхүү- 1987 онд, Ч.Бямбаа- 1988 онд, Т.Шархүү- 1988 онд, Д.Банзрагч- 1989 онд, Б.Малчинхүү- 2017онд, Б.Баттулга- 2018 онд, Б.Галхүү- 2019 онд тус тус аварга малчин цол тэмдэгээр шагнагдаж байсан.

            Мөн төрийн дээд шагналаар шагнагдсан алдартнууд: Р.Санжаатогтох- Мал эмнэлгийн ухааны доктор, профиссор, А.Цэрэнхүү- Улсын уран хатгамалч, Ц.Бат-Өлзий- өндөр настан хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Д.Банзрагч, Ч.Гүүш- Монгол улсын алдарт уяач цолоор, П.Байгальжав “Эгшиглэн магнай” ХХК-ын захирал, Хөдөлмөрийн гавъяат улаан тугийн одонгоор- Р.Жамсранжав, Н.Батмөнх, Д.Шар нар шагнагдаж байна. УГЗүтгэлтэн, Р.Сэддорж- Алтан гадас одонгоор Аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч “Таван толгой” ХХК-ны захирал, Монгол улсын спортын мастер цолоор Б.Шарав, М.Өөдөс, У.Очирбат, Ө.Ганхүү, Ш.Даваадорж, Д.Батжаргал, М.Ишгээ нарын зэрэг олон алдартнууд шагнагдаж байсан тухай түүхэнд бичигджээ.

            Аймгийн 9 алдартнаар Ц.Готов 1964 онд, Д.Батжаргал 1988 онд, Э.Чойжилсүрэн 1999 онд, А.Нарандэжид 2018 онд шагнагдаж байсан түүхтэй. Улсын тэргүүний байгууллагаар Цогт-Овоо цаг уурын өртөө 2011 онд, Аймгийн тэргүүний байгууллагаар 2017 онд 12-р цэцэрлэг, 2019 онд ЕБСургууль   шалгарч байсан.

7.ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын төсвийн хүрээнд 5.0 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 2014 онд жишиг сум байгуулах ажлын хүрээнддулаан, цэвэр ус, бохирын шугамын барилга, байгууламж баригдаж, сумын төв дундуурх 2 км урттай засмал зам тавигдаж, улсын чанартай төв замд холбогдон дээд бүтцэд хөгжөөд байна.

 Сумын эдийн засгийн гол үзүүлэлт нь Мал аж ахуйн салбар бөгөөд 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 587 өрхтэй, 1816 хүн амтай, эрэгтэй 900, эмэгтэй 916 хүн байна. 344 малтай өрхийн 140197 толгой мал тоолуулжурд оны мал сүргээ 106.2 %-иар өсгөсөн үүнээс 11994 толгой тэмээ тоолуулж түүхэндээ түмэн тэмээтэй сумын нэг болсон. 2018 оны жилийн эцсийн байдлаар төсвийн 6 байгууллага, ОНӨААТҮГазар 2, хувиараа бизнес эрхлэх 17 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.