Спортын шилдгүүд шагнагдлаа

2014-12-22

   Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортын салбарын хөгжлөөр улсдаа тэргүүлж байгаа. Энэ амжилтаа бататгаж манай тамирчид 487 медаль хүртсэн амжилттайгаар 2014 оноо үдэж байна. Орон нутгийнхаа нэрийг улс болоод дэлхий дахинаа дуурсгаж байгаа шилдэг тамирчдад аймгийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт шагнал гардууллаа.  
   Тухайлбал, Азийн 17-р наадамд манай аймгийн тамирчин Ч.Нарантуяа урт бууны төрөлд алтан медаль, С.Бямбацэрэн чөлөөт бөхийн төрөлд мөнгө, Г.Цогтгэрэл Паралимпийн хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээнээс зээрэнцэг бөөрөнцөг түлхэлтээр хошой алтан медаль, Бээжин хотноо болсон Гранпри тэмцээнээс алт мөнгөн медаль хүртсэн юм. Мөн манай тамирчин С.Мөнх-Оргил Тайланд улсын Бангкок хотноо болсон 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээний Үндсэн төрөлд алтан медаль, рафид төрөлд хүрэл медаль хүртсэн бол Үндэсний супер лигийн “Танан гарьд” багийн ахлагч ОУХМ, Б.Мөнхболд Азийн 17-р наадмын сагсан бөмбөгийн төрөлд шагналт байр эзэлсэн зэрэг амжилтуудыг нэрлэж болох юм.

   Мөн ССАЖГ-ын дасгалжуулагчдын зөвлөлийн ээлжит хурлаар 2014 оны шилдгүүдээ тодруулж аймгийн Засаг даргаас шагнал гардууллаа. Өсвөр үеийн “Оны шилдгийн шилдэг тамирчин"-аар Т.Доржнамжаа, насанд хүрэгчдийн “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Г.Цогтгэрэл, “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар Х.Рэнцэндорж, “Шилдгийн шилдэг баг”-аар Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай, Т.Доржнамжаа ахлагчтай өсвөр үеийн гар бөмбөгийн баг, “Шилдгийн шилдэг холбоо”-гоор Үндэсний сурын холбоо, “Шилдгийн шилдэг ивээн тэтгэгч”-ээр “Таван толгой транс” ХХК нар тус тус шалгарлаа..  

.     

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн