Баяндалай, Ноён, Гурвантэс сумдад "Усны талаарх иргэдийн дуу хоолой" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2015-03-13

Аймгийн Иргэний танхим 2012 оноос хойш Дэлхийн усны өдрийн хүрээнд аймгийн Байгаль Орчны газартай хамтран "Ус"-ны талаарх хэлэлцүүлгийг 4 жил дарааллан зохион байгуулж байна.


2012, 2013 онд аймгийн төв Даланзадгад суманд бусад сумдын удирдлага, усны мэргэжлийн инженерүүд болон малчид, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж, оролцогчдоос гарсан саналыг нэгтгэн аймгийн хэмжээнд хэрэгжсэн хөтөлбөр төлөвлөгөөнд тусган амжилттай хэрэгжүүлсэн.


Харин 2014 онд Өмнөговь аймгийн зүүн сумдаас усны талаар тулгамдсан асуудалтай сумд болох Ханбогд, Цогтцэций, Номгон сумдад ажлын хэсэг гарч хэлэлцүүлгийг явуулын хэлбэрээр зохион байгуулж, тус сумдын удирдлага, малчид, иргэдийг өргөнөөр оролцуулж гарсан тодорхой санал санаачлагыг холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлж тодорхой шийдвэр гарч хэрэгжиж байна.


2015 оны хувьд аймгийн Иргэний танхим, аймгийн Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаатай хамтран усны мэргэжлийн хүмүүсийг өргөн хүрээтэй хамруулсан ажлын хэсгийг бүрдүүлж Өмнөговь аймгийн баруун сумдаас усны талаар тулгамдсан асуудалтай сумд болох Баяндалай, Ноён, Гурвантэс сумдад малчид иргэдийг өргөнөөр оролцуулан хэлэлцүүлгийг 2015 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос усны эхийг хашиж хамгаалах, булаг шанд бүхий газрыг сумдын удирдлага энгийн хэрэгцээний хамгаалалтанд авч лиценз олголтыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байгаа болон усны талаарх байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах тухай асуудлуудыг хөндсөн зэрэг маш олон саналуудыг гаргасан юм.


Эдгээр гарсан саналуудыг аймгийн Иргэний танхим ажлын хэсгийн тайланд тусгаж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд тайлагнаж холбогдох шийдвэр гаргуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...