ЗГ-ын 2015 оны 293 дугаар тогтоол /Төв суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай/

2015-07-31

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 293

ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2015-2016 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2016 онд олгох шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасын санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай.

3. Дулааны цахилгаан станцуудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангах арга хэмжээ авч, нүүрс нөөцлөх график төлөвлөгөө гарган мөрдөж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нарт даалгасугай.

4. “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн найдвартай ажиллагаа, 2015-2016 оны өвлийн бэлтгэлийг хангах зорилгоор эвдэрсэн турбин генераторыг шинэчлэн солих ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж, энэхүү ажилд шаардлагатай байгаа 1,300,000,000.0 (нэг тэрбум гурван зуун сая) төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар), Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тус тус зөвшөөрсүгэй.

5. “Улаанбаатар их тойрог сүлжээ” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын дагуух газрын маргааныг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт, төслийн барилга угсралтын ажилд хяналт тавьж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч 2015 онд багтаан дуусгаж ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод тус тус даалгасугай.

6. Аймгийн төвүүдийн дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах, нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, дулааны шугам сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилт тохируулгуудыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

7. Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний дагуу ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засварыг хийж, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх явцад хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

8. Төв, суурин газрын өвлийн бэлтгэл хангах ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

9. Боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын байгууллагуудын барилгын ажлын засварын ажлыг хугацаанд нь чанартай дуусгах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

10. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн дүнг нэгтгэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны дотор багтаан танилцуулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                           Ж.ЭРДЭНЭБАТ

Эрчим хүчний сайд                                                                 Д.ЗОРИГТ  

 

 

 

Сүүлд нэмэгдсэн