ЗГ-ын 2015 оны 289 дүгээр тогтоол /тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай/

2015-07-31
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012 оны 194-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр   Улаанбаатар хот

Дугаар 289
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх  журмын тухай хуулийн 2.1-д заасныг  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Усны сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай. 2. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан  “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 1 дүгээр, уг тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоол, “Хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                             Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил,

аялал жуулчлалын сайд                                                                    Д.ОЮУНХОРОЛ

 

Сүүлд нэмэгдсэн