МУЗГ-ын 2016 оны 288 дугаар тогтоол Журам батлах тухай (Номын сангийн нүүлгэн шилжүүлэлтийн)

2016-07-05

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 288

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Номын сангийн тухай хуулийн 20.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.  “Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед улсын болон орон нутгийн номын санг нүүлгэн шилжүүлэх ажлын бэлтгэлийг сайтар хангуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                      Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд                                                                 Л.ГАНТӨМӨР

 

 

 

 

Засгийн газрын 2016 оны 288 дугаар
          тогтоолын  хавсралт

 

УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГИЙГ
БАЙГАЛИЙН ГАМШИГ, ГЭНЭТИЙН БУСАД АЮУЛЫН ҮЕД
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг (цаашид “сан хөмрөг” гэх) байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулын үед нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Сан хөмрөгийг авран хамгаалах зорилгоор гамшигт өртсөн нөхцөл байдлыг харгалзан түр хугацаагаар буюу бүрмөсөн аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэлт хийж болно.

1.3. Сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам болон энэхүү журмыг мөрдөнө.


Хоёр. Улсын болон орон нутгийн номын сангийн сан
хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн
бусад аюулаас урьдчилан сэргийлэх

2.1. Номын сан нь байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авна:

     2.1.1. гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

     2.1.2. номын сангийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан техникийн дотоод дүрэм, журам, стандарт, барилгын норм, нормативыг дагаж мөрдөх;

                2.1.3. гамшгаас хамгаалах болон гамшгийн үед ажиллах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, нүүлгэн шилжүүлэлтийн үед баримтлах зааврыг эрх бүхий байгууллагаар батлуулж хэрэгжүүлэх;

                2.1.4. номын санг гамшгаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглох;

                2.1.5. гамшгийн үед номын сангийн сан хөмрөгийг аврах, ажиллагсдыг гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;

                2.1.6. нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор дадлага, сургуулилтыг онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагатай хамтран тогтмол  зохион байгуулах;

                2.1.7. гамшигт өртөж болох эрсдэлийг тооцоолж, эрсдэлийн үнэлгээ (геологийн, газар зүйн, цаг уурын, барилга байгууламжийн, ашиглалт үйлчилгээний гэх мэт) хийлгэх, эрсдэлийг эрэмбэлэх;

                2.1.8. олон улсад шинээр нэвтрүүлж байгаа дэвшилтэт технологи, стандартыг судалж нэвтрүүлэх;

                2.1.9. гамшгаас сэргийлэхэд чиглэсэн сургалт, шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авах зардлыг жил бүрийн төсөв, төлөвлөгөөндөө тусгах.

Гурав. Сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх, санхүүжилт

          3.1. Тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах тусгай бүлгүүдийн удирдлагыг томилж, бүлгийн гүйцэтгэх үүргийг тогтооно.

          3.2. Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага Гамшгаас хамгаалах тухай хууль болон Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журмын дагуу нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулж байгаа бүх шатны Засаг даргад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагыг удирдлага, зохицуулалтаар хангана.

          3.3. Хосгүй үнэт, үнэт ховор ном судар, гар бичмэл, эх хувийг эхний ээлжинд тээвэрлэлтэд бэлтгэн аюулгүй бүс рүү цагдаагийн байгууллагын хамгаалалт дор гүйцэтгэж болно.

          3.4. Нүүлгэн шилжүүлэлтийн үед баримтлах зааврыг оролцогч байгууллагууд чанд мөрдөнө.

          3.5. Ном, судрыг зөөж тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй, найдвартай ажиллагааны норм, стандарт болон хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг хангасан байна.

          3.6. Орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс, Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сангийн сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс тус тус санхүүжүүлнэ.

          3.7. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлсэн нүүлгэн шилжүүлэх зардлыг орон нутгийн дараа жилийн төсвийн багцад тусгана.

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн