МУЗГ-ын 2016 оны 338 дугаар тогтоол Төв суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

2016-07-05

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 338

 

ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2016-2017 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 5.1.4, 9.1.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түлш, эрчим хүчний үйлдвэр болон боловсрол, эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллан бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Зам, тээврийн сайд М.Зоригт,  Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад олгох шаардлагатай эрчим хүчний алдагдлын татаасын тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

3. Дулааны цахилгаан станцуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэн нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангах арга хэмжээг зохион байгуулж,   нүүрс нөөцлөх график гарган мөрдөж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам, тээврийн сайд М.Зоригт нарт даалгасугай.

4. “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад хүрэлцэхүйц хэмжээний дизель түлш, шатахууны нөөц бүрдүүлэн уурхайн хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийж, авахад бэлэн нүүрсний нөөцийг хэвийн хэмжээнд байлгах талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарт даалгасугай.

5. “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д дизелийн түлш ханган нийлүүлэгч “Сод Монгол групп” ХХК, “М-Ойл групп” ХХК, ”Алхана трейд” ХХК, “Магнай трейд” ХХК,  “НИК” ХХК-иудад төлөх 10.2 (арван тэрбум хоёр зуун сая) тэрбум төгрөгийн өглөгийг “Эрдэнэс  Тавантолгой” ХК-ийн  татварын  албанд  үүссэн  татварын  илүү төлөлтөөс суутган, дээрх нефьт хангамжийн компаниудын гаалийн болон татварын илүү төлөлт болгон бүртгэх замаар шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв нарт зөвшөөрсүгэй.

6. Эрчим хүчний нүүрс олборлон нийлүүлж байгаа “Багануур” ХК,        “Шивээ-Овоо” ХК-ийн найдвартай ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хөрөнгийн тооцоог хянаж, төсвийн зээл олгохыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт  даалгасугай.

7. Газрын тосны бүтээгдэхүүний 20-иос доошгүй хоногийн нөөцтэй байх талаар газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагатай тохиролцож, ургац хураалтын үед бензин шатахуун тасалдуулахгүй байх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасугай.

8. Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгасугай:

8.1. цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаас урьдчилан сэргийлэх, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын засвар, арчлалтын ажлын чанарыг сайжруулан тогтмолжуулах, ургац тээвэрлэхэд ашиглах зам, гүүрийн засварын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэх, гарсан эвдрэл, гэмтлийг шуурхай засварлаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

8.2. нийтийн тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн байрлах гараажийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийж, сэлбэг хэрэгсэл болон өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нөөцөлж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх;

8.3. иргэний нисэхийн салбар (нисэх онгоцны буудал, харьяа албад)-ын өвөлжилтийн бэлтгэл болон нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

9. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, нүүрс нөөцлөх, түлш, шатахуун татан авах ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

10. Аймгийн төв, суурин газар болон нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний дагуу ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засвар хийж, угаалга, туршилт, тохируулгын ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

11. Телевиз, үүрэн телефон, интернэт зэрэг мэдээллийн технологийн орчин үеийн арга хэлбэрийг ашиглан нийтэд зориулан цаг агаарын урьдчилан сэргийлэх болон сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасугай.

12. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг сар бүр танилцуулж байхыг холбогдох сайд нарт, нэгдсэн дүнг     2016 оны 9 дүгээр сарын 15-ны дотор багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Ч.САЙХАНБИЛЭГ

Эрчим хүчний сайд                                                        Д.ЗОРИГТ

 

 

Засгийн газрын 2016 оны 338 дугаар

                                                                                     тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭР, КОМПАНИД 2017 ОНД

ШААРДЛАГАТАЙ ТАТААСЫН ХЭМЖЭЭ

                                                                                                                            (сая төгрөгөөр)

Эрчим  хүч, дулааны алдагдлын татаас

2017 онд шаардагдах

НИЙТ ТАТААСЫН ХЭМЖЭЭ

18,750.0

Дизелийн станцын алдагдлын татаас

3,150.0

1

Говь-Алтай аймгийн эрчим хүчний үйлдвэр

1,600.0

2

Завхан аймгийн эрчим хүчний үйлдвэр

1,400.0

3

Говь-Алтай аймгийн эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй сумдын дизелийн түлш

150.0

Цахилгаан дамжуулах системийн алдагдлын татаас

10,000.0

1

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ХК

9,000.0

2

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ХК

1,000.0

Дулааны станцын алдагдлын татаас

5,600.0

1

“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ХК

1,600.0

2

“Налайхын дулааны станц” ХК

1,400.0

3

“Багануурын дулааны станц” ХК

1,100.0

4

“Дулаан Шарын голын дулааны станц” ХК

500.0

5

Сэлэнгэ аймгийн дулааны станцууд (“Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ)

500.0

6

Хэнтий аймгийн “Хэнтий-Ус” ХХК (Бэрх тосгоны дулааны станц)

500.0

 

 

 

 

                                                                                     Засгийн газрын 2016 оны 338 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

“Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил,

уурхайн найдвартай ажиллагааг хангахад

шаардагдах хөрөнгө

 

Зориулалт

Шаардагдах хөрөнгө

(тэрбум төгрөг)

1

Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах

8.0

2

Экскаваторын засварын ажил

3.4

3

Технологийн авто машин, механизмын агрегат засвар

6.4

4

Тоног төхөөрөмж худалдан авалт

6.6

 

Дүн

24.4

 

 

“Шивээ-Овоо” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг

 хангах, мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөхөд шаардагдах хөрөнгө 

Зориулалт

Шаардагдах хөрөнгө

(тэрбум төгрөг)

1

Хас банкны зээл

2.4

2

Нийгмийн даатгалын шимтгэл

0.944

3

Татвар

0.670

 

Дүн

4.01

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн