Улсын бүртгэлийн хэлтэс шинэ байртай боллоо

2012-10-13

            Өмнөговь аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон асуудлыг шийдвэрлэж сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэхэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа. Монгол улсын аймгуудын хэмжээнд орон нутгийнхаа төсвийн хөрөнгөөр барьсан анхны гэх тодотголтой олон зүйлийг хийж бүтээсэн тус аймагт хамгийн сүүлийн үеийн байдлаар гэхэд аймгийн төвийн хэмжээн дэхь хуучин засмал замыг сайжруулан засварлаж байгаа аж. Харин өнгөрөгч долоо хоногт тус аймгийн хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтыг нэгээр нэмсэн Улсын бүртгэлийн хэлтсийн шинэ байр ашиглалтанд оржээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 699 сая төгрөгийн өртөгөөр баригдсан уг барилга нь 2 давхар бөгөөд аймгийн Архив, улсын бүртгэлийн хэлтэс нь байрлах юм байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Бадраа, ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх болон бусад албаны хүмүүс байлцаж тууз хайчлах ёслолын ажиллагаанд оролцлоо. “Даян байгаль” ХХК гүйцэтгэгчээр ажилласан уг барилга ийнхүү ашиглалтанд орж архив, улсын бүртгэлийн үйл ажиллагаа ард иргэдэд илүү тохилог, түргэн шуурхай хүрч эхэлж байна.