Өмнөговьт 38 км зам шинээр тавигджээ

2012-10-19

Даланзадгад хот сүүлийн жилүүдэд барилга байшин, бүтээн байгуулалт, зам харгуйгаар өнгө зүсээ нэмж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өмнөговь аймагт нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үүнээс хамгийн их буюу 52 тэрбум төгрөг нь зөвхөн Даланзадгад хотод зарцуулагдсан  байх юм. Тиймдээ ч өнгөрсөн жил Барилга, хот байгуулалтын яамнаас 2011 онд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн хотоор шалгарч байсан билээ. Зам дагаж хөгжил гэдэг. Хотын хөгжилд хамгийн их хөрөнгө оруулалт болж байгаа нь засмал зам. 


Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өмнөговь аймагт шинээр 38 км авто зам тавигдсан нь томоохон амжилт байлаа. Хамгийн сүүлд гэхэд орон нутгийн төсвийн 326,8 сая төгрөгөөр Даланзадгад хотын төв саадны 2,2 км автозамыг шинэчлэн засварлаад байгаа юм.   

Цаашид зүүн сумдын хувьд улсын болон эргэн төлөгдөх нөхцөлөөр хатуу хучилттай авто замын ажлууд хийгдэхээр төлөвлөөд байгаа. Даланзадгад-Цогтцэций-Оюутолгой, Мөн аймгийн төвөөс Цогт-Овоо-Мандалговь –УБ-ын чиглэлийн эхлэл болгож 5 км зам тавигдсан.  Баруун чиглэл буюу Гурвантэс хүрэх 309 км замын зураг төсөв хийгдэж дууссан бөгөөд энэ замын эхлэл болгож энэ жил 7 км замыг морь барианы талбай  хүртэл барьж гүйцэтгээд байгаа юм.