АНУ-ын Бурханы шашны Ницан хийдийн хамба лам Жамбалдорж

2012-01-09

(1909.01.05 - 2011.12.24)

 

АНУ-ын Нью Жерси муж дахь Бурханы шашны Ницан /Чойнплин гомбо/ хийдийн хамба ламтан Жамбалдорж 1909 онд Түшээт хан аймгийн Балдан Засгийн хошуу (одоогийн Өмнөговь аймгийн Булган сум)-ны нутаг Гурван сайхан ууланд малчин ардын гэр бүлд төржээ.

Жамбалдорж ламтаны төрсөн ах нь Диваагийн Иш, ах нь Гавж ламтан Диваагийн Жигмэд-Осор, дүү нь Диваагийн Наваансамба, өргөмөл охин дүү нь Гонгор нарын хүмүүс байсан ба өдгөө нэгэнт бие барцгаажээ.

Жамбалдорж ламтан монгол оронд тогтсон коммунист дэглэмээс дайжин өөрийн багш Очирдарь хувилгаан, Дилав хутагт Жамсранжав багшийн хамтаар 19 насандаа эх орноосоо нүүдэллэн гарч Хятад, Тайван, Япон, Балба, Түвд, Энэтхэг улсаар дамжин АНУ-д суурьшиж, 83 жил харийн газар эх орон, элгэн саднаасаа тусгаар амьдарсан юм.

Энэтхэг улсад амьдарч байсан Жамбалдорж ламтанд АНУ-ын монголч эрдэмтэн О.Латтимор туслаж, 1949 онд АНУ-д зорчих урилга ирүүлсэнээр Дилав багшийгаа асрахаар Энэтхэгээс АНУ-д ирж суурьшжээ. Ийнхүү АНУ-д суурьшсан 2 дахь монгол хүн болсон байна.

Жамбалдорж ламтан АНУ дахь монгол угсаатануудыхаа хамтаар 1973 онд бурханы шашны Ницан /Чойнплин гомбо/ хийдийг байгуулжээ. Жамбалдорж гуай өөрийн багш Дилав Хутагтыг  1965 оны 4-р сарын 7-нд Нью-Йорк хотноо насан эцэлсэн цагаас нь хойш багшийнхаа дурсгалд зориулан буяны ном хурах ажиллагааг гэвш Ёондонжамц, хийдийн лам нар мөн хийдийг барихад гар бие оролцсон Жамц гуай болон түүний хүү Ж.Тогтох, Ж.Балжий нар, сүсэгтэн олныхоо дэмжлэг туслалцаатайгаар 47 жил дараалан үйлдсээр иржээ.

Жамбалдорж ламтан монгол орондоо бурханы шашныг хөгжүүлэхэд өглөгийн гараа сунгаж, Гандантэгчлэн хийд болон Жанрайсаг бурханыг бүтээн залах санд удаа дараа 10.0 - 50.0 мянган ам.долларын хандив ирүүлж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Байшинтын хийдэд Жанрайсаг бурхан, өөрийн багш Очирдарь хувилгаан, Дилав хутагт багшийн хэрэглэж байсан эдлэл, хөөрөг тэргүүтэнг бие хүмүүсээр эх нутагтаа илгээж байсан тухай өөрөө дурсан ярьдаг байв.

Жамбалдорж ламтаны төрсөн нутаг Өмнөговь аймгаас 1995 онд аймгийн тэргүүн дэд дарга Ц.Баярсайхан, 2005 онд УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал,  хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, УНДЕГ-ын дэд дарга Ц.Уртнасан, 2011 онд Аймгийн Засаг даргын орлогч Ц.Уртнасан, ИТХ-ын тэргүүлэгч Р.Бадрах, А.Идэрцог нар ламтантай зорин очиж уулзаж, Өмнөговьчуудынхаа төлөө буяны ном хуруулж, өвгөн буурал ламтанд хүндэтгэл үзүүлж байв.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Жамбалдорж ламтантай биечлэн үүлзаж, хүндэтгэл үзүүлж байсан билээ.

Бурханы шашны Ницан хийдийн хамба лам Жамбалдорж гуай 2011 оны 12-р сарын 24-ний ѳглѳѳний 7:55 минутад  ѳѳрийнхѳѳ номын ѳргѳѳндѳѳ 102 насандаа жанч халжээ.

Ум сайн амгалан болтугай.

Сүүлд нэмэгдсэн