Бизнес эрхлэгчдэд үнээ нэмэхгүй байхыг сануулав

2012-01-23

Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн удирдлагууд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзалт ярилцлага хийсэн. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын дарга Л.Батчулуун, ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Дөлбаяр нар уулзаж цаг үеийн байдлын талаар мэдээлэл өгсөний зэрэгцээ тэдний сонирхсон асуултанд хариулсан юм. 

Уулзалтын гол зорилго нь “Нутгийн хишиг” хөтөлбөртэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг бизнес эрхлэгчдэд сануулах байлаа. Аймгийн Засаг даргын зүгээс энэ тал дээр мэдээлэл хийж иргэдэд мөнгө олгогдсоны дараа аливаа бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж борлуулахгүй байхыг зөвлөсөн  юм. Оны эхэнд долларын ханш өссөнтэй холбогдуулан бензин шатахууны үнэ тодорхой хувиар нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан өргөн хэрэглээний барааны үнэ өсч ард иргэдэд томоохон дарамт болсонтой зэрэгцэн “Нутгийн хишиг”-ээс шалтгаалан тэдний нуруун дээр илүү том ачаа үүсгэхгүй байхыг зөвлөсөн нь энэ байлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс нийт ард иргэдийнхээ төлөө анхаарал тавьж Даланзадгад хотын дэлгүүр, аж ахуйн нэгжүүдээр борлогдож байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг Мэргэжлийн хяналтын газраар дамжуулан судалгаа хийсэн байгаа. “Нутгийн хишиг” олгогдсоны дараа энэ үнээс хэтрүүлэхгүй байх, болж өгвөл хямдруулж бараа эргэлтээ түргэсгэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ. Энэ нь нэг талаасаа бизнес эрхлэгчид харин ч үнээ бууруулж бараа эргэлтээ нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээ сайжруулах нэг боломж тохиож байгаа юм.

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 200 мянган төгрөг олгогдсоноор таван гишүүнтэй өрхийн хувьд 1 сая төгрөг авах бөгөөд үүнийг нэг удаа хэрэглээд өнгөрөх бус өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх эх үүсвэр болгоосой гэдгийг аймаг орон нутгийн удирдлагын зүгээс зөвлөсөн юм. Үүнийг ч нийт бизнес эрхлэгчид дэмжиж бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй гэдэгтэй санал нэгтэйгээр илэрхийлсэн.

            Мөн энэ үеэр Даланзадгадын ДЦС-тай холбоотой асуудлаар ярилцаж иргэдэд мэдээлэл өгсөн. Олон жилийн турш тог цахилгааны доголдолтой байсан Төрийн өмчит Дулааны станц байдлаас шалтгаалан орон нутгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл станц  бариулсан байгаа. Гэвч цаг хугацааны асуудал болон Хятадын цагаан сар тохиосонтой холбогдуулан үйл ажиллагаа нь жигдрээгүй байсан юм. Тиймээс “Өвөр монголоос хоёр инженер урин авчирч өргөтгөлийг бүрэн ашиглалтанд оруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа” гэлээ. Харин Мандалговиос Даланзадгад хүрэх 110 квт-ын цахилгаан дамжуулах төвийн шугам ашиглалтанд орох юм байна. Тиймээс энэ оноос Даланзадгад хот цахилгаан, дулааны асуудалгүй болно гэдгийг дуулгасан юм.

            Энэхүү уулзалтын хүрээнд орон нутгийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид  нээлттэй ярилцаж, санал солилцсоны үр дүнд ААН-үүдийг хөнгөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр бизнесийн үйл ажиллагаанд нь санхүүжилт хийх,  мөн ААН-үүдийн зүгээс ажилгүй иргэдийг тогтмол ажлын байр, цалингаар хангаж байх санал дэвшүүлсэнийг аймгийн Засаг дарга Б.Бадраа бүрэн дэмжсэн. “Өрх гэр бүлийг ажилтай болгох энэ асуудлаар аймгийн ИТХ-аас шийдвэр гаргасан тохиолдолд дэмжиж ажиллах болно” гэдгээ аймгийн Засаг дарга илэрхийлж энэ талаар АЗДТГ-т үүрэг чиглэл өгсөн байна. 


Сүүлд нэмэгдсэн