Тэмээгээрээ бахархсан өдрүүд

2012-02-07

Монгол орны нийт тэмээн сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг Өмнөговь аймаг уламжлалт “Ингэний айрагны баяр”-аа өнгөрөгч долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Аймгийн ИТХ-аас хоёр бөхт тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, ингэний айргийг говийн брэнд бүтээгдэхүүн болгох тухай тогтоол гарсаны хүрээнд долоо дахь жилдээ зохион байгуулагдсан нь энэ байсан юм. Тус баярын арга хэмжээ Цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа оролцогчид болон нийт ард иргэддээ хандан үг хэлсэн. Өнгөрсөн жилийн мал тооллогоор тэмээн сүргийн тоогоороо тэргүүлсэн тус аймаг цаашид тэмээний тоо толгойгоо нэмэгдүүлэх, хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах ёстойг онцлон хэлж байлаа.  Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор зохиогдсон энэхүү арга хэмжээгээр ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний  үзэсгэлэн худалдаа, "Тэмээн поло" аймгийн аварга шалгаруулах тэмцээн, хурдан тэмээний уралдаан, үржлийн шилмэл буур, ингэ шалгаруулах, тэмээтэй сайхан хос шалгаруулах, буухиа тэмцээн, тэмээний үзэсгэлэнг сурталчлах зэрэг арга хэмжээнүүд зохиогдож шилдгүүдийг тодруулсан. “Ингэний айрагны баяр-2012” баярын эхний өдөр буухиа тэмцээнээр эхэлж багууд идэвхитэй оролцсон байна. Авхаалж самбаа, эрч хүчтэй өрсөлдсөн тус тэмцээнд Ханхонгор сумын Жаргалант багийн Б.Бат-эрдэнэ ахлагчтай баг тэргүүлж, Булган сумын Б.Жамъян ахлагчтай баг удаалсан байна. Харин гуравдугаар байрт Ноён сумын Ш.Ганбат ахлагчтай баг шалгарчээ.












Шилмэл буур, ингээр Мандал-Овоо тэргүүллээ

            “Ингэний айрагны баяр-2012” арга хэмжээний нэг төрөл болох тэмээн сүргийн “шилмэл буур” шалгаруулах явдал байдаг.  Ханхонгор, Мандал-Овоо, Ханбогд, Даланзадгад зэрэг сумдаас шилдэг буураар өрсөлдсөн тус төрөлд Мандал-овоо сумын Баянхошуу багийн Ц.Ганзоригийн хүрэн буур шалгарчээ. Харин удаах хоёр байрыг Ханхонгор сум эзэлсэн. Өөрөөр хэлбэл Хондот багийн Б.Амаржаргалын хүрэн буур хоёрт, Ханхонгор сумын Мандах багийн Б.Охинборын хүрэн буур нар гуравт шалгарсан байна. “Шилмэл буур”-ын тусгай шагналаар Ханхонгор сумын Хондот багийн малчин Б.Батжаргалын буур шалгарчээ.

Харин “Шилмэл ингэ” шалгаруулах номинацид Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин, МУ-ын Хөдөлмөрийн бааатар Д.Хамарын хүрэн ингэ тэргүүлж, Ханхонгор сумын Өгөөмөр багийн А.Пүрэвийн хүрэн ингэ удаалжээ. Номинацийн гуравдугаар байрт Даланзадгад сумын Ц.Баянтөрийн улаан ингэ шалгарсан бол мөн сумын 2-р багийн малчин О.Авирын бор ингэ тусгай байрт шалгарчээ.

 

Сүүлд нэмэгдсэн