Хүүхдийн хүмүүжлийн талаар хэлэлцлээ

2013-09-18

  

Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албанаас тогтоол гаргаж холбогдох байгууллагуудтай хамтран хүүхэд залуучуудын хүмүүжлийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Хүүхэд залуучуудын хүмүүжлийг төлөвшүүлэх арга зам” сэдэвтэй энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Н.Жамъянхорол, холбогдох албан тушаалтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллагынхан болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Улс эх орны ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын зөв хүмүүжилд холбогдох байгууллагууд, эцэг эх ямар оролцоотой байх талаар ярилцсан нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилго байлаа. Хэлэлцүүлгээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшлийн өнөөгийн байдал, судалгаа дүгнэлтийг танилцуулж, боловсролын байгууллагын үүрэг оролцооны талаар аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүү илтгэл тавьсан бол “Хүүхдийн хүмүүжил төлөвшилд бага наснаас нь анхаарах нь” сэдвээр 24-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Цэрмаа илтгэл мэдээлэл өгсөн юм. Мөн оролцогчид хүүхэд залуучуудын  хүмүүжил төлөвшлийг сайжруулахад боловсролын байгууллага, эцэг эх гэр бүл, бусад байгууллага, хүүхэд залуучуудын өөрсдийн оролцоо болон орон нутгийн бодлого гэсэн үндсэн таван чиглэлээр бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.    

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хүүхэд залуучуудыг өөрсдийг нь оролцуулан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж тэдний үгийг сонсох, цаашлаад аймгийн хэмжээнд энэ чиглэлээр дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн юм. Мөн орон нутгийн удирдлагуудын зүгээс хүүхэд залуучуудын хүмүүжлийг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг тогтмол дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Ажлын хэсгийнхэн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахаар сар гаруйн хугацаанд иргэдээс судалгаа авч хэлэлцүүлгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажилласан. Гэвч орон нутгийн иргэд уул уурхайн болон бусад сэдвийн хэлэлцүүлэгт идэвхитэй хамрагддаг боловч хамгийн ойр хамгийн чухал сэдэв болох үр хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшлийн талаар хэлэлцэхэд  идэвхи муутай хандсаныг оролцогчид онцолсон юм.