Байгууллагууд шударга ёсны төлөө хамтдаа тэмцэнэ

2011-11-29

    Олон улсын Авлигын эсрэг өдөр буюу 12-р сарын 9-нийг угтаж “Шударга ёс” буухиа хэлэлцүүлэг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа. Аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХ, Хууль зүйн хэлтсээс зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллөөс оролцсон юм. Уг хэлэлцүүлгээр Авлигатай тэмцэх газрын төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг үнэлэх 2010 оны судалгааг Хууль зүйн хэлтсээс танилцуулж, боловсрол болон эрүүл мэндийн салбарын төлөөллөөс тухайн салбарын нээлттэй ил тод байдлын талаар мэдээлэл өгсөн. Мөн хэлэлцүүлэгт оролцсон нийт оролцогчдын дунд Өмнөговь аймагт шударга байдал ямар түвшинд байгаа талаар асуулт хариулт зохион байгуулсан байна. Үүнээсээ үндэслэн орон нутагт шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлэх талаар уриалга гаргажээ. Уг уриалгаар төрийн байгууллага, албан хаагч, иргэний нийгмийн байгууллага нийт иргэд, хувийн хэвшлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагчдад өөр өөрийн салбартаа авилгын эсрэг тэмцэж, шударга ёсны төлөө хамтдаа тэмцэхийг уриалжээ. Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигын үл тэвчих ёс суртахуунд сургах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд цаашид бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх ёстойг онцоллоо.