Засаг дарга цаг үеийн ажил байдалтай танилцав

2012-09-05

            Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах цаг хаяанд ирлээ. Дэлгэр зуны өдрүүд хэдийнэ ард хоцорч намрын сэрүүн орсон нь өвөлд бэлтгэх цаг ирсэнийг сануулж байна. Тиймээс аймгийн Засаг дарга Б.Бадраа Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалт, цаг үеийн ажил байдалтай танилцлаа. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтэнүүд Даланзадгад хотын Засаг дарга, аймгийн ТАЗГ-ын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, ДДЦС-ын төлөөлөл,  Дулаан хангамжийн газрын дарга, Орон нутгийн өмчит НҮГазрынхан, аймгийн ГХБХБ-ын мэргэжилтэнүүд хамтран оролцсон уг ажил хагас өдөр үргэлжилсэн. Засаг дарга хамгийн эхэнд Даланзадгад хотын хогийн цэгтэй танилцаад хуучин хогийн цэгт дамжлага үүсгэхгүйгээр шинээр ашиглаж буй ландфилд хогийг төвлөрүүлэх, нэгдсэн бодлоготой ажиллахыг үүрэг болгосон. Мөн Даланзадгад хотоос зүүн хойш  буюу Цогт-Овоо чиглэлд тавигдаж эхэлсэн хатуу хучилттай засмал зам, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Улсын бүртгэлийн хэлтсийн барилгын явц, аймгийн төвд шинээр баригдсан замын гэрлэн дохио, энэ сард ашиглалтанд орох эмч, багш нарын 100 айлын орон сууц, мөн удахгүй замын уулзвар, гэр хороололд тавигдах цагдаагийн хяналтын камер, Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Шүүхийн шинжилгээний албаны барилга болон энэ хичээлийн жилд нээлтээ хийж ашиглалтанд ороод буй 175 хүүхдийн цэцэрлэгийн явц байдалтай танилцсан юм. Засаг дарга ийнхүү танилцаад эдгээр болон бусад ажлуудыг хүйтний улирлаас өмнө цаг хугацаанд нь чанартай бөгөөд хурдан дуусгахыг холбогдох ажилтануудад албан үүрэг даалгавар өгсөн юм.  Мөн дээрх байгууллагууд ийнхүү хамтран газар дээр нь ажил байдалтай танилцсаны үр дүнд удаашралтай байгаа ажлуудыг түргэвчилж өөрсдөөс шалтгаалах зүйлсийг хариуцлагатай гүйцэтгэж ажиллахыг онцоллоо.