Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа: Өмнөговь аймаг ирэх таван жилд хөгжлийн өндөр түвшинд хүрэх ёстой

2011-12-06

-Өмнөговь аймагт хоёр, гурван удаа нэлээдгүй хэмжээгээр цас орж өвлийн идэр ес өмнө ирсэнийг санууллаа. Энэ байдалд Өмнөговьчууд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил боломжийн хэмжээнд хангагдсан. Ялангуяа ХАА, МАА-н өвөлжилтийн бэлтгэлийн талаар гэхэд нэлээдгүй хэмжээний өвс, тэжээл бэлдсэн. Өнгөрсөн жил цаг сайхан байсан учраас нөөцөд багагүй хэмжээний өвс, тэжээл хуримтлагдан үлдсэн байсан. Бидний хувьд энэ жил өөрсдийнхөө хүчээр хадлан тариалан бэлтгэж 1500 орчим тн хадлан, 700 орчим тн тэжээл бэлтгэсэн. Энэ бол урьдчилсан дүн.

Харин хамгийн гол нь төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийн ажилд сэтгэл зовниулсан асуудал бий. Учир нь Даланзадгадын Дулааны цахилгаан станцаас шалтгаалсан асуудал байгаа. Аймгийн төвөөс бусад сумдын уурын зуухны тогоог нь сольж, хүчин чадлыг нь сайжруулж, зарим сумдын дулааны шугам сүлжээг шинээр тавьж сайжруулсан гээд сумдын хувьд бэлтгэл бүрэн хангагдсан байна. Гагцхүү Даланзадгадын хувьд ДЦС-ийн зүгээс цаг дулаан байхад төдийлөн дорвитой зүйл хийгдсэнгүй. Хуучин ДЦС-ийн хувьд энэ жил засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас өнөөдөр гэрэл цахилгааны хязгаарлалттай байна. Гэхдээ халаалтын хувьд хэвийн хэмжээнд өгөгдөж байгаа. Төрийн өмчтэй энэ станцын нэг турбин нь гэмтсэн. Энэ нь засагдаж жирийн хэмжээндээ ортол нэлээдгүй хэмжээний хугацаа цаг зав зарцуулах юм байна.

Гэхдээ орон нутгийн хөрөнгийн 3,9 сая доллараар барьж байгуулж байгаа өргөтгөл ДЦС-ыг ашиглалтанд орчих байх гэж найдаж байна, үндсэндээ тун удахгүй ашиглалтанд орно. Шинээр баригдаж байгаа станцын өргөтгөлийн бүрэн ашиглаж эхэлсэний дараа хуучин станцын турбины гэмтлийг засч, сайжруулах ажил явагдана байх. Хамгийн чухал асуудал бол орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа энэ өргөтгөлийг ойрын хугацаанд яаралтай ашиглалтанд оруулахын тулд орон нутгийн удирдлагийн зүгээс төдийгүй Улаанбаатар хотын “4-р цахилгаан станц”, ЭБЭХЯ, Эрчим хүчний удирдах газраас онцгой анхаарал хандуулж, арга хэмжээ авч ажиллаж байна. Бидний хувьд бол энэ өргөтгөл өнөө маргаашгүй ашиглалтанд ороод Даланзадгадчууд цахилгааны хэрэглээгээр тасрахгүй болно гэж найдаж байна.

- АН-аас хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөр болох “Монгол хүн-2020 ” хэлэлцүүлэг өнгөрөгч 11 сард Өмнөговьт хэлэлцэж өндөрлөсөн. Аймгийн Засаг даргын хувьд, аймгийн АН-ын даргын хувьд энэ хэлэлцүүлэг Өмнөговьт хэр үр дүнтэй болсон гэж бодож байна вэ?

-Ардчилсан намаас хэрэгжүүлж байгаа “Монгол хүн-2020” хөтөлбөрийн гол зорилго нь эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, ажил орлоготой, эрүүл чийрэг, аюулгүй орчинд амьдрах монгол хүн ямар байх ёстой юм бэ гэдгийг хэлэлцэж шийдвэрлэх юм. Өнөөдөр монгол хүн аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа зэрэг наад захын эрхүүд биелэгдэхгүй байгаа учраас дээрх үндсэн таван чиглэлийг төгөлдөржүүлж биелүүлэх үндсэн зорилттой. Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн гол нь нийт ард иргэдээрээ хэлэлцүүлж тэдний санал бодлыг тусган цаашид бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллаж байна.

Өмнөговь аймгийн хувьд “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг хоёр өдрийн турш хуралдаж маш үр дүнтэй болсон. Манай аймгийн хувьд ардчилал, ардчилсан үзэл тууштай хөгжиж байгаа учраас АН-ын удирдлагуудас хэлэлцүүлгийн төгсгөлийг Өмнөговь аймагт хийе гэж сонгосон.  Бусад аймагт болсон хэлэлцүүлэгтэй харьцуулж, тэдгээрт ямар арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан бэ гэдгийг бас анхаарч туршлага судалж ярилцсан. Ер нь бусад аймгууд яаж ажиллаж, хэрхэн бүтээн байгуулалт хийж байгаа юм бэ, харин манайх аль түвшинд явж байгаа юм бэ, хэрэв алдаа оноотой зүйл байвал тэднээс суралцъя гэдэг зорилт тавьсан. Энэ тал дээр Монгол орны 21 аймаг харилцан адилгүй түвшинд байгаа учраас өмнөх 20 аймгаасаа суралцаж тэдний туршлагаас хуваалцах боломжоор хангасан үр  дүнтэй томоохон арга хэмжээ болсон гэж дүгнэж байгаа.

-Ардчилсан нам энэ дөрвөн жилд орон нутгийн удирдлагад гарснаар бүтээн байгуулалт, хийж бүтээж байгаа ажлын хувьд өөрчлөлт  гарсан байна гэдгийг энэ хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлж байсан. Харин цаашдаа танай намаас ямар зорилт дэвшүүлэн ажиллах вэ?

-Бидний хувьд энэ сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд ард иргэдийнхээ сайн сайхан амьдрал, нутаг орныхоо хөгжлийн төлөө ажиллах ёстой гэдэг зарчмын дагуу ажилласан. Ажиллаад гурван жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Ялангуяа энэ жилийн хувьд Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой биднийг эрх барьж байх үед тохиосон нь ховор тохиолдох үйл явдлын нэг байлаа. Бид энэ ойгоо угтаж баярлаж бахдаж цэнгэхдээ гол нь биш үүнийгээ угтаж хийсэн, бүтээсэн юмтай байя гэж зорьж нэлээдгүй  зүйлийг орон нутагтаа хийж бүтээлээ. Энэ жил Өмнөговьт 24 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн. Эдгээр ажлуудаас томоохоныг нь дурдах юм бол 3,9 сая доллараар 3 мвт-ын Дулааны станцын өргөтгөл, 4,4 тэрбум төгрөгөөр урлаг спортын том цогцолбор барьж байна. Өмнөговь аймагтаа тогтвор суурьшилтай сайн ажиллаж байгаа эмч, багш, төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцнуудыг бариад эхнээс нь ашиглалтанд орж байна. Мөн Даланзадгад сумын төвд 5 км хатуу хучилттай зам тавьсан. Нэлээдгүй хэмжээний барилга байгууламжийг засч сайжруулж, шинээр сэлбэсэн гээд дурдаад байх юм бол ажлууд их бий.

Аймгийн засаг даргын хувьд Өмнөговь аймгийн түүхт 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахаас өмнө бүх сумдынхаа засаг дарга нарыг цуглуулж тухайн сумдад ямар ажил хийгдвэл зохих ёстой талаар тэдний үзэл бодол байр суурийг сонсож ярилцсан. Түүний үндсэн дээр бүх сумдад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. Зарим суманд хамгийн бага нь гэхэд 250 сая, хамгийн их нь гэхэд 3 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Сүүлийн үед Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, хүн амын тоо нэмэгдсэнээс шалтгаалаад Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад зайлшгүй бусад сумдаас илүү анхаарч үзэх, дэд бүтцийг нь хөгжүүлэх, сургууль цэцэрлэгийг барих гээд нийгмийн асуудлууд нэн чухалаар тавигдаж байгаа. Тийм учраас Цогтцэций суманд цахилгаан, дулааны шугам, сургууль цэцэрлэгийн өргөтгөл гэх мэтээр бусад сумдыг бодвол нэлээн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Бидний хувьд ерөөсөө л нутаг орноо хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа, цаашдаа ч анхаарч ажиллах болно. Бидний хувьд одоо ингээд ажиглаж байхад энэ таван жил орчимд Өмнөговь аймаг хөгжлийнхөө гараан дээр ирчихээд байна. Одооноос эхлээд энэ таван жилд л манай нутаг жинхэнэ сайхан хөгжих ёстой. Дэд бүтэц, зам төвтэйгээ холбогдоно. Гэрэл цахилгаан тавигдаж байна. Улсын төсөвт суусан ажлуудаас гадна орон нутаг өөрөө нэлээд зүйлийг хийж байгаа. Засаг даргын хувьд харж байхад таван жилийн дараа харахад засмал зам, дэд бүтэц хөгжчихсөн байх ёстой. Гэрэл цахилгаан нь төвийн эрчим хүчинд холбогдож, Улаанбаатар хоттой засмал замаар холбогдчихсон байна. Хилийн боомтуудтай хар замаар холбогдож, түүнийгээ дагаад зарим нэг сумдууд хар зам тавигдчихсан байна гэсэн үг. Мөн одоогийн онгоцны буудал маань олон улсын нисэх онгоцны буудал болчихно. Түүнийгээ дагаад аялал жуулчлал хөгжинө. Улаанбаатараар дайрахгүй хүрэх газраа шууд хүрчих олон улсын нислэгтэ болох боломжоор хангагдана. Уул уурхайн салбарынхан маань нутаг орны хөгжлийн төлөө нэлээн зүйлийг хийх байх. Тэр үед хүн амын ихэнх нь ажилтай орлоготой болчихсон байх болов уу гэх зэргээр ирэх таван жилд манай аймаг нэлээд эрчимтэй, хурдтай хөгжинө гэж бид төсөөлж байгаа. Мэдээж бидний хувьд хийе гэсэн ажил их бий, ирэх жилээс орон нутгийн зам талбай, барилга байгууламжийн тал дээр анхаарлаа хандуулж ажиллана.  Иргэдээ орон сууцжуулах асуудал чухал байгаа. Дараа нь зам, гэрэл цахилгааны асуудал гэсэн эдгээр гуравхан асуудлыг онцгой анхаарч ажиллах юм бол Өмнөговь аймаг хөгжлийн өндөр түвшинд хүрнэ. Мэдээжийн хэрэг уламжлалт МАА-гаа орхихгүй, гэхдээ бэлчээр хуваарилалтын асуудалд өөрчлөлт орж эрчимжсэн МАА болгох чиглэл рүү бодлого тодорхойлж ажиллана.

-2008 онд Өмнөговь аймгийн Ардчилсан намаас дэвшүүлсэн зорилтын нэг нь Өмнөговь аймгийн иргэн бүрт 500.000 төгрөг олгох асуудал байсан. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжтой юу. Хэзээ хэрэгжиж дуусах вэ?

-Нутгийн хишиг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж дуусах вэ гэдэг асуудлыг хариуцан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Бидний хувьд улсад төвлөрүүлэх орлогоо буюу Төсвийн тухай монгол улсын хуулийг бид биелүүлэх үүрэгтэй. Энэ жилийн хувьд Өмнөговь аймаг 61 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Судалгаа, шинжилгээнд тулгуурлан дүгнэлт хийхэд энэ орлогыг улсад төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн. Харин үүргээ биелүүлсэний дараа түүнээс цааш давсан орлогоо тооцож үзнэ, бас бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хөрөнгө оруулалтаа тооцно. Тэгээд энэ оны сүүлч, ирэх оны эхээр нутгийн хишгийг бэлэн мөнгөөр олгоно гэж бодож байгаа. Тийм учраас бид юуны өмнө хуулиа биелүүлнэ, түүнийхээ дараа “Нутгийн хишиг” хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж дуусах тал дээр анхаарах юм. Энэ хөтөлбөрийг бид нэгэнт амласан, хэрэгжүүлэх боломжтой зүйлийг амласан учраас бүрэн хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

С.Номинтуяа

Сүүлд нэмэгдсэн