Өмнөговийн боомтуудад НХХЯ-наас шалгалт хийжээ

2012-04-25

НХХЯ-аас Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж байгаа 13 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа дээрх аж ахуйн нэгжүүдэд ололттой талууд илүүтэй байгаа боловч анхаарах дутагдалтай талууд байгааг мөн онцолжээ. Цаашид гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгжүүд, ялангуяа Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа явцад мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын талаар дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох нь зүйтэй гэж сайд Т.Ганди хэлсэн байна.


Мөн гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах, хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ.
Түүнчлэн гадаадын ажилчдаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Эдийн засгийн цагдаагийн газар болгон өргөтгөх, нийгмийн даатгал, хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэх, төрийн үйлчилгээний нэг цэгийн төв ажиллуулах, Оюутолгой, Тавантолгойн төслүүдийн хүрээнд хүнд даацын жолооч, оператор нарыг тусгайлсан сургалтаар бэлтгэж мэргэшүүлэх нь зүйтэй гэжээ.


Сүүлд нэмэгдсэн