Таван толгойн ашгийг хэзээ авах вэ?

2013-01-10

Таван толгойг хэзээ ашиглах талаар хэлэлцжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Байнгын хорооны хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Х.БАТТУЛГА: -”Эрдэнэс-Тавантолгой” компанийн хуучин удирдлагуудын үед долоон тэрбум төгрөгийн ашиглагдахгүй техник хэрэгсэл шахсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Тодруулбал, уурхайд ашиглах боломжгүй нэг бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй машин болон хүнд даацын машины дугуйнууд шахсан гэх юм. Мөн Монголын төмөр зам компанитай нарийн царигтай төмөр зам тавих тухай ярьсан гэсэн. Үүнийгээ тодруулж өгөөч?

Я.БАТСУУРЬ: -Шаардлага хангахг үй техник хэрэгсэл байгаа. Тодруулбал, тус бүр нь 160 сая төгрөг буюу нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй хүнд даацын 10 машин нийлүүлсэн. Манай компанид операторын үйлчилгээ үзүүлж байгаа “Macmahon” компани энэ машинуудыг үзээд стандарт шаардлага хангахгүй гэсэн. Тиймээс одоо ашиглагдахгүй сул зогсч байна. Бас бичиг баримтууд нь олдохгүй байгаа. Мөн нийтдээ таван тэрбум орчим төгрөгийн дугуй авсан байсан. Үүнээс 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дугуйг нь ашиглах боломжгүй. Ашиглах гэхээр хэмжээ нь таарахгүй байгаа юм.

Х.БАТТУЛГА: -Энэ их мөнгийг үр дүнгүй зарцуулсан эзнийг тогтоосон уу. Хариуцлага тооцох уу?

Я.БАТСУУРЬ:-Тендер зарлаж авсан юм билээ. Тендерийн хороонд ажилласан хүмүүс нь тодорхой байгаа. Энэ хүмүүстэй хариуцлага тооцож ажлаас нь халах арга хэмжээ авсан. Цаашлаад хууль хяналтын байгууллага шалгах байх. Монголын төмөр зам компанийн захирал М.Энхсайхан Тавантолгойн ордыг Гашуунсухайттай нарийн царигтай төмөр замаар холбох санал тавьсан. Хамгийн гол нь өргөн, нарийн царигийн асуудал биш. “Хөгжлийн банкнаас танайд 200 сая төгрөг өгөх юм байна.

Энэ мөнгөөрөө Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг тавъя” гэж санал тавьсан.ТЭЗҮ нь бэлэн, далангийн ажлынх нь дийлэнхийг хийчихсэн гэдэг утгаараа эхний ээлжид тавих нь зүйтэй гэж үзэж байгаа юм билээ. Харин М.Энхсайхан даргад “Энэ бол манай компанийг шийдэх асуудал биш. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын дагуу аль замыг эхний ээлжид тавихыг нь УИХ, Засгийн газар шийднэ” гэж хэлсэн. Монголын төмөр зам компани энэ саналаа Засгийн газарт тавьж байгаа байх.

Д.ГАНБАТ: -Монгол Улсын иргэд “Эрдэнэс-Тавантолгой” компаниас ногдол ашиг авах шийдвэр гаргасан. Иргэдэд хэзээнээс ногдол ашиг олгох боломжтой вэ. Таныг энэ компанийн удирдлагаар томилогдсоноос хойш өгсөн ярилцлагыг уншихад санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалд байгаа нь ажиглагдсан. Яагаад ийм байдалд орчихсон юм бэ?

Я.БАТСУУРЬ: -”ЭрдэнэсТавантолгой” компанийг анх байгуулахдаа Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкнаас 131 сая ам.долларын зээл авч үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм билээ. Мөн Хятадын “Чалько” компаниас 350 сая ам.долларын зээл авсан. Нийтдээ 481 сая ам.долларын зээл авсан гэсэн үг. Харамсалтай нь үүний 307 сая ам.доллар буюу 418 тэрбум төгрөгийг нь шууд хурааж аваад Хүний хөгжил сангаар дамжуулан сонгуулиас өмнө иргэдэд тараасан.

 

Үлдсэн 170 сая орчим ам.доллараар нь үйл ажиллагаагаа явуулж байгаад өнгөрсөн наймдугаар сард мөнгөгүй болж, үйл ажиллагаа нь зогссон. Улмаар шинэчлэлийн Засгийн газар аравдугаар сард Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл өгсөн. Гэтэл одоо дахиад хүнд байдалд орчихоод байна. Одоо 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа. Өөрөө төлөх боломжг үй, компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороход ойрхон байна. Хөгжлийн банкнаас нэмж 200 сая ам.долларын зээл олгох шийдвэр Засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-ний хуралдаанаас гарсан. Гэтэл энэ зээлийг одоо болтол олгоогүй байгаа. Хамгийн хүндрэлтэй асуудал гэвэл “Чалько” компанитай байгуулсан гэрээ. 350 сая ам.долларын гэрээ байгаа юм. Энэ гэрээ манайд алдагдалтай, муу гэрээ болсон. Гэрээндээ нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар тооцсон.

Гэхдээ Хятадын зах зээлийн нүүрсний үнээс хамаарч хэлбэлзэнэ гэсэн заалт оруулсан. Хятад болон дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотойгоор “Чалько” компанид нэг тонн нүүрсээ 53 ам.доллараар нийл үүлж байгаа. Гэтэл манайх нэг тонн нүүрс олборлохдоо 60 орчим ам.доллар зарцуулж байгаа. Тиймээс энэ гэрээг өөрчлөх асуудлаар “Чалько” компанийн удирдлагатай яриа хэлэлцээ хийсэн. Хэлэлцээ нааштай байгаа. Тус компаниас авсан 350 сая ам.долларын зээлийг энэ оны зургадугаар сарын 1-ний дотор нүүрсээр төлж дуусах ёстой. Түүнээс хойш таван жилийн хугацаанд олборлосон нүүрснийхээ 80 хувийг гэрээнд заасан үнээрээ худалдана гэсэн заалт бий.

Тиймээс энэ гэрээг өөрчлөхөөс нааш манай компани хөл дээрээ босох боломжг үй. Засгийн газар олон худалдан авагчтай болж, дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарах чиглэл өгсөн. Одоо байгаа өрнөөсөө салахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Засгийн газраас гадаад зах зээлд гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондын санхүүжилтээс манайд мөнгө өгөх тухай ярьж байгаа. Ахиухан хэмжээний санхүүжилт олговол 1-2 жилийн хугацаанд өрн өөсөө салж, санхүүгийн хувьд хөл дээрээ тогтоно. Улмаар 2016 оноос иргэдийн 1072 ширхэг хувьцаанд тодорхой хэмжээний ногдол ашиг хуваарилах боломж олдоно байх гэж найдаж байна.

Д.ГАНХУЯГ: -”Чалько” компанитай хийсэн гэрээ маш муу болсон. Дэлхий нийтийн жишгээр бол урт хугацааны гэрээнд үнэ тохирдоггүй. Тухайн үеийн зах зээлийн үнээр тооцно гэсэн заалт оруулдаг. Гэтэл “Чалько”-той хийсэн гэрээнд 70 ам.доллар гээд тохирчихсон. Гэрээндээ үнэ тогтоогоод зогсохгүй Хятадын зах зээлээс хамаарч 70 ам.доллараас буусан тохиолдолд тухайн ханшаар тооцно гэчихсэн. Харин нэмэгдсэн тохиолдолд гэрээнд заасан үнээ нэмэхгүй гэсэн заалт бий.

Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээл дээр нэг тонн нүүрс 70 ам.доллараас дээш хэд ч хүрсэн манайх 70-аар л тооцож өгнө гэсэн үг. Ер нь Засгийн газрын барьж байгаа бодлого бол төмөр зам тавьснаар хоёр, гуравдагч худалдан авагчтай болно. Мөн нүүрсээ угааж гаргана. Ингэснээр одоогийнхоос гурав дахин өндөр үнээр гаргах боломжтой болно гэж үзэж байгаа. Ийм болсон тохиолдолд “Эрдэнэс-Тавантолгой”- н үнэ цэн, ашиг энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Дээр нь 2012 оноос эхлээд сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлсэн учраас төрийн өмчит уул уурхайн компаниар дамжуулан их хэмжээний зээл авах шаардлага гарахгүй.

 

Н.БАТЦЭРЭГ: -”ЭрдэнэсТавантолгой” компанид долоон тэрбум төгрөгийн техник хэрэгсэл шахаж алдагдалд оруулсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Хэрвээ хариуцлага тооцохгүй өнгөрв өл Засгийн газрын холбогдох албан тушаалтан, шинээр томилогдсон захирал нь хуйвалдсан байна гэж харагдана. Засгийн газраас барьж байгаа бодлогоор бол уурхайгаа төмөр замаар хилийн боомттой холбосноор нүүрсний үнэ өснө гэж үзэж байгаа юм байна. Өргөн царигтай тө- мөр зам тавьж нүүрсээ урагш нь гаргах боломжтой юу?

Я.БАТСУУРЬ: -Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт уул уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар тухай бүрт нь УИХ-д тавьж шийдүүлнэ гэсэн заалт байдаг. Үүний дагуу Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын цариг өргөн, нарийн аль нь байхыг УИХ шийдэж өгөх ёстой. Компанийнхаа ашиг орлогыг бодвол нарийн төмөр зам нь илүү ашигтай. Нүүрсээ ачиж буулгахад их хэмжээний зардал гарна. Тиймээс нарийн царигтай төмөр зам тавьж шууд гаргасан нь дээр гэж бодож байна.

Д.ГАНХУЯГ: -Засгийн газар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийг нь шийдвэрлэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаж, Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан. Улмаар төмөр зам хариуцсан ажлын хэсгээ салгаж, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх эрх олгосон. Уурхайгаасаа хилийн боомт хүртэл тавьж, цаанаас нь худалдан авагчид төмөр замаа тавих ерөнхий зарчим бий. Үүний дагуу Зам тээврийн сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай уулзахаар болсон. Нийтдээ 1800 км төмөр зам тавихаар төлөвлөж байгаа. Энэ хэмжээний төмөр зам тавихад таван тэрбум ам.доллар шаардлагатай.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг тавихад Засгийн газраас нэг тэрбум орчим төгрөг гаргасан нь дээр гэж үзэж байгаа. Төмөр зам ашигтай төсөл учраас уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах улс орнуудаас үлдсэн санхүүжилтийг босгохоор төлөвлөж байгаа. Засгийн газраас гаргах нэг тэрбум ам.долларын 600 орчим саяд нь газрын зөвшөөрөл, одоогийн байдлаар эхлүүлчихсэн байгаа ажлыг тооцох юм. Үлдсэн 400 сая долларыг нь гадаад зах зээлд гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгөөс зарцуулсан нь дээр гэж үзэж байгаа. Өмнө нь барихаар төлөвл өсөн төмөр замаа хэд хэдэн компанид хуваагаад хариуцуулчихсан байсан. Тэдгээр компани нь суурь бүтцийн ажлаа эхлүүлсэн. Гэтэл энэ нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Төсвийн тухай хууль зөрчсөн байсан учраас хүчинг үй болгож зогсоосон.

Н.БАТЦЭРЭГ: -Төмөр замд хөрөнгө оруулалт хийх гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхээр А.Ганс үх сайдаар ажлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гэлээ. Ажлын явц ямар байгаа юм бэ. Хаанахын ямар компаниудтай хэлэлцээ хийхээр болсон, тэр компаниуд нь хэзээ орж ирээд замаа тавьж дуусах, уул уурхайн бүтээгдэхүүн хэзээнээс эхэлж төмөр замаар гарах гээд маш олон зүйл нь тодорхойгүй, түүхий байна.

Ер нь энэ удаагийн мэдээллийг дүгнэвэл сулхан мэдээлэл гэж хэлэхээр байна. Энд ярьж байгаа мэдээллийг худаг дээр малаа услаад зогсч байгаа Өмнөговь аймгийн малчин өвгөн ч багцаагаар мэдэж байгаа шүү дээ. Том тоо баримт, нэр томъёог нь нь мэдэхгүй ч иймэрхүү л юм болоод байна даа, бүтэлтэй ч юм алга даа гэдгийг тэмээгээ хариулаад сууж байгаа олон хүн цээжээрээ хэлнэ. Тиймээс энэ бол сайд цаг аваад ярих зүйл биш байна.

С.ОДОНТУЯА: -Танай компанид ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал ямар байгаа вэ. Баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар болж тендер зарлаад, нэлээд хэдэн орны компанитай яриа хэлэлцээ хийж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Цаашид яаж шийдэх вэ. Мөн “ЭрдэнэсТавантолгой” компанийн ТУЗийн гишүүд ямар цалин авдаг юм бэ. Үүнийг хүмүүс сонирхоод байдаг юм.

Я.БАТСУУРЬ: -Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой асуудал бий. Ялангуяа уурхайгаас нүүрсээ ачиж, Цагаан хад дээр буулгадаг. Тэндээс гаалийн бүрдүүлэлт хийлгээд дахиж ачаад хилээр давуулдаг. Нүүрсээ буулгаж ачсанаас болоод маш их тоосжилт үүсдэг.

Тиймээс бид Гаалийн ерөнхий газарт гаалийнхаа бүрдүүлэлтийг Цагаан хаданд биш уурхайн аманд хийх хүсэлт тавьсан. Өмнө нь шороон замаар нүүрсээ тээвэрлэдэг байхад маш их тоос босч осол их гардаг байсан. Харин “Энержи ресурс”-ын тавьсан хатуу хучилттай зам ашиглалтад орсноор энэ байдал арилсан. Манай компани нэг тонн нүүрс тутамдаа 5000 орчим төгрөг төлөөд, “Энержи ресурс”-ын замаар тээвэрлэж байгаа.

УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Баруун Цанхид гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах ажил 2010 оноос яригдсан. Дангаараа оролцсон компани болоод консорциумаас бүрдсэн таван оролцогчтой өмнөх Засгийн газрын ажлын хэсэг олон удаа яриа хэлэлцээ хийсэн. Гэхдээ тохиролцоонд хүрч чадаагүй. Нэг үгээр хэлбэл яриа хэлэлцээ мухардмал байдалд орсон. Тиймээс цаашдаа яаж шийдэх вэ гэхээр 39 дүгээр тогтоолд орсон Баруун Цанхийн гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг УИХ эргэн харж тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байгаа. ТУЗ-ийн гишүүд батлагдсан журмын дагуу манай компанийн ахлах мэргэжилтний цалинтай тэнцэх хэмжээний цалин авдаг гэв. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ийнхүү Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээллийг сонсч, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Байнгын хорооны гишүүд Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хийсэн мэдээллийг шинээр тавих төмөр замтай холбоотой асуудал руу нэлээд хазайлгасан.

Тиймээс дараагийн удаа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар шинээр тавих төмөр замтай холбоотой мэдээлэл сонсох нь зүйтэй гэдэгт гишүүд байр сууриа нэгтгэлээ. Харин Н.Батцэрэг гишүүн төмөр замын асуудлыг ярихаар болбол түүгээр тээвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүний талаар хамт хэлэлцэх хэрэгтэй гэв. Төмөр зам, түүгээр тээвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүн бол салшгүй хоёр зүйл. Тиймээс өнөөдрийн мэдээллийн нэг хэсэгт төмөр замын асуудлыг хөндлөө гэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн