Аймгийн Засаг дарга Б.Бадраа “Саусгоби сэндс” ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ

2011-12-08

Өмнөговь аймагт уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 42-т тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанитай аймгийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллах гэрээ байгуулж болно гэж заасан байдаг. Тиймээс энэ удаад Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ажлын байрыг нэмэгдүүлэх, уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, орон нутгийн жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газар, “Саусгоби сэндс” ХХК-тай хамтын харилцааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Энэхүү ёслолд Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, ТЗУХ-ийн дарга Ш.Бат-эрдэнэ, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамьянхорол нар оролцсон бол “Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч Жастин болон Өмнөговь аймаг дахь төлөөлөгч нар байлцлаа. Санамж бичгээр байгаль экологи хамгаалах, зүй зохистой ашиглах, уламжлалт МАА, дэд бүтцийг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн салбарт тодорхой хөрөнгө оруулалт хийх болон уул уурхайд мэргэшсэн ажилтан бэлтгэх зэрэг үндсэн зорилгыг хэрэгжүүлэх юм байна.  Ийнхүү санамж бичиг байгуулсанаар орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг тус компаниас худалдан авах журмаар хамтран ажиллах бөгөөд аймгийн ЗДТГ-аас “Саусгоби сэндс” ХХК-тай хамтран ажиллах үндсэн гэрээг ирэх оны эхний улиралд багтаан байгуулах аж.

 

Сүүлд нэмэгдсэн