Өмнөговийн авъяаслаг хүүхэд багачууд Улаанбаатарт тоглолт хийлээ

2014-04-28

 

      Өмнөговь аймаг “Авъяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын авъяас билгийг нээн хөгжүүлэх тал дээр нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа юм. Үүний нэг болох “Нар мишээсэн Алтанхан говь мину” нэртэй Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам өчигдөр Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдлоо. Энэ наадамд тус аймгийн 300 гаруй авъяаслаг хүүхэд багачууд оролцож шилдэг тоглолтоо нийслэлчүүдэд өргөн барьсан юм.

        “Нар мишээсэн Алтанхан говь мину” Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадмаар говь нутгийн онцлогийг харуулсан онцлог тоглолтуудыг үзэгчдэд сонирхуулсан байна. Тухайлбал, “Тэмээн сүргийн магтаал”, “Өмнөговийн ерөөл”, “Ботгон эгшиг”, “Говийн наран”, “Жинчид ирлээ” зэргээр аялгуут магтаал, халх, боржигон ардын дуу, говь нутгийн халхын аялгуу, морин хуурын татлага, монгол бүжиг зэргээр 20 гаруй уран бүтээлийн дээжээсээ өргөн барьсан юм.    

      Өмнөговь аймаг “Авъяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа шилдэг аймгуудын нэг бөгөөд энэхүү наадмыг зохион байгуулсанаар бусад аймгуудаас анхдагч болж байгаагаараа онцлогтой юм. Тоглолтонд БШУЯамны төлөөлөл оролцож Өмнөговь аймгийн авьяаслаг хүүхэд багачуудад 100 морин хуур бэлэглэжээ.

     Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Хүүхдийн урлагийн их наадмын Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ ажилласан бол тоглолтын Ерөнхий найруулагчаар Монгол улсын төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар урилгаар ажиллаж тоглолтыг зохион байгуулахад 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.  

     “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдсан “Нар мишээсэн Алтанхан говь мину” Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадмын үеэр сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарсан нь бас нэг онцлог байлаа. Энд “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн бүх сумдын сургуулийн сурагчдын бүтээлээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг дэлгэн олон нийтэд хүргэсэн юм.

     Тус аймгийн хэмжээнд 10 мянга гаруй хүүхдийн судалгаа хийж хүүхдийн авьяас онцлогийг нээн хөгжүүлж тэргүүний туршлагатай багш, иргэдээс бүрдсэн баг байгуулж аймгийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм. “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгаас 10 сая төгрөг, БШУЯ-аас секц, дугуйлан хичээллүүлсэний урамшуулалд 45 сая төгрөг, тоног төхөөрөмжинд зориулан 3 сургуульд 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж өргөжиж, хүүхдийн өөрөөрөө бахархах мэдрэмж, харилцааны зөв хандлага бий болж байгаа хэмээн зохион байгуулагчид хэлж байгаа юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр секц дугуйланд хамрагдсан хүүхдийн тоо өмнөх 3 жилээс 5000 гаруй хүүхдээр өссөн байна.