Оюу толгой төслийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа

2014-07-28

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-Т

ХАМРАГДАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл:

    Оюу толгой ХХК нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Өмнөговь аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжиж тус аймгийн нийгэм, эдийн засгийн салбарт шаардлагатай мэргэжлээр сурч байгаа чадварлаг оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах замаар төгсөөд орон нутагтаа ирж ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Хөтөлбөрийг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн удирдлагын баг хариуцна.

Хоёр. Өмнөговь аймагт шаардлагатай мэргэжлийн чиглэл. Үүнд:

  1. Мал аж ахуйн мэргэжилтэн, малын их эмч, мал зүйч, фермерийн мэргэжилтэн
  2. Төрөл мэргэжлийн багш
  3. Соёл урлагийн менежер, мэргэжилтэн
  4. Эмч, эмнэлэгийн мэргэжилтэн
  5. Байгаль орчин, нөхөн сэргээлтийн инженер, газар тариалангийн мэргэжилтэн, ой судлаач, инженер, ургамлын генетикч, биотехнологич, хөрс судлаач
  6. Барилга, барилгын материалын инженер, техникийн ажилтан
  7. Нисэх онгоцны буудал, төмөр замын вокзал, өртөөний болон авто замын инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн
  8. Хөнгөн үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэн, хүнсний технологич, биохимич
  9. Өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэн
  10. Уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын инженер техникийн ажилтан
  11. Сэргээгдэх эрчим хүчний болон цахилгаан, дулааны инженер
  12. Архелоги, палентологич

Гурав. Хөтөлбөрт хамрагдах оюутанд тавигдах шаардлага:

  • Тус аймгийн харъяат бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийг Өмнөговь аймагт суралцаж төгссөн байх
  • БШУЯ-наас магадлан итгэмжлэгдсэн  их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд сургуулиа төгсөх боломжтой байх.
  • Сургуулиа төгсөөд орон нутагтаа ирж 3 ба түүнээс дээш жил ажиллах хүсэлтэй
  • Сурлагын голч дүн нь 3.2 түүнээс дээш байх
  • Төрийн болон хувийн байгууллагаас зарлагдсан бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

Дөрөв. Бүрдүүлэх материал:

  • Бүртгэлийн анкетыг www.ot.mn хаягаар орж татаж авч бөглөсөн байх
  • Сургуулийн сургалтын албаны баталгаажсан голч дүнгийн тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • 3Х4 хэмжээтэй цээж зураг 1%

Тав. Бүртгэх өдөр:

Бүртгэлийг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн удирдлагын баг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар буюу Нутгийн удирдлагын ордны 2 давхрын “Говь” танхимд 2014 оны 08 дугаар сарын 10, 11-ий өдрийн 09.00-18.00 цагийн хооронд явуулна.

Бүртгэлийн үед бичиг баримтын шалгалт зэрэг явагдана.

Сумдын Засаг даргын Тамгын газар тус хөтөлбөрт өөрийн сумдын оюутныг хамруулах ажлыг зохион байгуулна.

Зургаа. Сонгон шалгаруулалт явуулах өдөр:

Шалгалт Оюу толгой ХХК-ий Даланзадгад суман дахь Төлөөлөгчийн газар  буюу хуучнаар “Бизнес хөгжлийн төв”-д 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагаас эхлэнэ.

Шалгалтыг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн удирдлагын баг болон Оюу толгой төслийн төлөөлөл оролцсон шалгалтын комисс “Бичиг баримтын бүрдэл”, “Сорил” болон “Ярилцлага” гэсэн гурван үе шаттайгаар авна.

Сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга явуулах зорилгоор сонгон шалгаруулалтын явцад эцэг эхийн төлөөлөл бүхий сайн дурын 2-3 ажиглагчдыг оролцуулна.

Шалгалтад иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Иргэний үнэмлэхгүй буюу өөр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бол шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГЫН БАГ

Лавлах утас 89299075, 99539270, 7053-2871

 

 

 

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...