Баяндалай сумын малчид чууллаа

2014-10-27

   Баяндалайчууд өчигдөр сумынхаа “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохиогдсон энэхүү арга хэмжээнд тус сумын гурван багийн 120 гаруй малчид оролцож тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцсэн байна. Тухайлбал, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, залуу малчдын боловсролын асуудалд анхаарах, сумандаа “Тэмээн поло” арга хэмжээг хөгжүүлэх, малын тооноос илүү чанарт анхаарах, малчид хоршоо нөхөрлөл айл хотлоороо хамтран бие биенийгээ дэмжиж ажиллах зэргээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

   Энэ удаагийн Малчдын зөвлөгөөнд тус сумын ИТХ-ын дарга И.Содхүү, Засаг дарга У.Буян-Өлзий, багийн Засаг дарга нар, сумын Малчдын холбооны тэргүүн Г.Буянхүү нарын албаны хүмүүс оролцсон бол Монгол улсын шилдэг зохион байгуулагч Ж.Буд, Өмнөговь аймгийн малчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Р.Баттогоо нар урилгаар оролцон малчдад зөвлөгөө мэдээлэл өгсөн нь үр дүнтэй болсон гэдгийг малчид хэлж байлаа. 

   “Малчдын зөвлөгөөн-2014” арга хэмжээгээр малчдаас гарсан саналыг нэгтгэн 6 зүйл бүхий уриалга гарган түүнийг сумандаа хэрэгжүүлэхээр болсон байна. 

   “Малчдын зөвлөгөөн” арга хэмжээг зохион байгуулсанаар малчдад тулгамдаж буй асуудал, тэдний дуу хоолойг сонсож цаашид холбогдох байгууллагуудад нь уламжлан тодорхой шийдэлд хүргэхийг зорьж байгаа гэдгээ зохион байгуулагчид хэлж байна.   

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...